
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы энэ сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд олонхын дэмжлэг авч чадаагүй тул төсөл санаачлагчид нь буцаасан. Иймээс чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан саналуудыг тусган хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ сарын 23-ны өдөр УИХ-д дахин өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна.
Уг хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөрөөс улсын, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх баталгаа болгож эскроу дансанд байршуулах мөнгөн хөрөнгийн хувь хэмжээ болон бусад шаардлагатай эдийн засгийн тооцоо, судалгааг хийсэн гэдгийг салбарын сайд танилцууллаа. Энэ хууль батлагдсанаар газрын тос, уламжлалт газрын газрын тосны тухай эрх зүйн асуудал тодорхой болох юм гэдгийг тэрээр мөн тодотгов.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Баярцогт, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Г.Баярсайхан, Ж.Эрдэнэбат, Ж.Батсуурь, С.Одонтуяа, Д.Сумъяабазар нар Уул уурхайн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Б.Бат-Эрдэнэ нар саналаа хэллээ.
Ингээд байнгын хорооны саналаар Газрын тосны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.5 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Чуулган үдээс хойш үргэлжлүүлэн хуралдана.
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжлээ | ||
Үзсэн: 1205 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.