
Долоо хоногийн даваа гараг бүр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж тухайн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудлууд болон цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлдэг.
Өнөөдөр УИХ дахь бие даагчдын бүлэг хуралдаж дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Бие даагчдын бүлэг мэдээлэл хийх үеэрээ Газрын тосны тухай хуулийг дахин өргөн барихдаа өмнө нь өргөн барьсан хуулийн агуулгыг өөрчилсөн байна гэж үзэж байгаагаа хэллээ. Хуулийн төсөлд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монголын талын эзэмших хувийг тогтоолгүй Засгийн газар гэрээний асуудлыг шийднэ гэж оруулж ирсэн нь дээрх хуулийн төслийг өөрчлөхгүй байлгах гэсэн хүмүүсийн явуулга гэж үзсэн байна. Бие даагчид УИХ-д газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг компанитай гишүүдн олон байдаг нь уг хуулийн төслийг ийнхүү өмнөх хувилбараар нь батлахад хүргэсэн гэж тайлбарлалаа. Мөн шинээр өргөн барьсан хуулийн төслийн ажлын хэсэгт ч дээрх гишүүдээс орсон байгаа нь зөрчил үүсгэж байгаа гэдгийг хэлэв. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагад газрын тосны компанитай хүн олон байдаг учир анх хуулийн төслийг унагасан гэж Х.Болорчулуун гишүүн хэлсэн юм.
Үүнээс гадна энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төслийг бие даагчдын бүлэг дэмжиж буйгаа танилцууллаа. С.Ганбаатар гишүүн уг хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байгаа бөгөөд хувийн хэвшлийн, олон улсын зэрэг бүх байгууллагын санхүүгийн урсгалд нь зохицуулалт байдаггүй манай улсын хувьд маш чухал хууль гэдгийг хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, уг хуулийн төсөл батлагдвал санхүүгийн зохицуулалтын эрх зүйн орчин сайжирна гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн бие даагчдын бүлэг Хүүхэд харах үйлчилгээний хуулийн төслийг өдий хүртэл батлагдаагүй байгаад дургүйцэж энэ хуулийг яаралтай батлуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа дуулгалаа. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад оруулсан хэдий ч хэлэлцэлгүй удаж байгаа тул УИХ-ын даргыг шаардаж, яаралтай хэлэлцүүлнэ гэдгийг энэ үеэр хэлсэн юм.
Х.Болорчулуун: МАН-ын бүлгийн удирдлагад газрын тосны компанитай хүн олон бий | ||
Үзсэн: 1273 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.