Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Эвслийн бүлэг: Хугацаа хэтэрсэн татварын өрийг гэмт хэрэг гэж үзэх хэрэггүй

2014-06-02 12:47:11
Error loading player: No playable sources found

МАХН-МҮАН "Шударга ёс эвсэл"-ийн бүлэг өнөөдөр хуралдаж энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Бүлгийн хуралдаанаар үндсэндээ гурван асуудал хэлэлцжээ.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийх гэж байгаатай холбогдуулан тус бүлгээс ажлын хэсэг томилогдон ажилласан байна. Ажлын хэсэг бүлгийн хуралдаанд хэд, хэдэн санал оруулж ирснийг хэлэлцжээ. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн орчинд ажиллахад сургамж авмаар юм юу байгаа, туршлага болж үлдэх зүйл юу байхыг гол анхаарах ёстой гэж бүлгийн дарга энэ үеэр хэллээ. Мөн анхаарч ажилласан нэг зүйл нь орд газрын үнэлгээтэй холбоотой гэв. Тэрээр "Монголын талд ямар ч нөхцөлд ашигтай байх ёстой. Өөрийн талд ашигтай гэдгийг яаж томьёолох вэ гэдэгт нэлээд анхаарал хандуулсан" гэлээ. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуульд оруулах ёстой гэж үзсэн эвслийн бүлгийн санал хүсэлтийг дээрх ажлын хэсэгт орсон гишүүд бүрэн илэрхийлсэн байна.
 
Түүнчлэн бүлгийн хурлаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мөн ярилцсан байна. "Одоогоор хугацаа хэтэрсэн, төлөгдөөгүй татварын өртэй байгууллага, аж ахуйн нэгжид эрүүгийн хуулийн санкцтай байгаа. Тэгэхээр энэ хууль нь үүнээс чөлөөлөх эсэх тухай асуудал юм. Гэмт хэргийн тухай хуулийн төсөл орж ирээд яригдаад эхэлчихсэн байгаа учир энэ хуулийн ач холбогдол буурчихсан байгаа. Гэмт хэргийн тухай хуулиар бага зэргийн хугацаа хэтэрсэн татварын өрийг гэмт хэрэг гэж үзэхээргүй, зөрчил гэж үзээд торгуулийн хариуцлага хүлээлгэхээр болчихсон байгаа юм. Тэгэхээр энэ хуулийн зохицуулалтаар шийдэгдээд явах нь зөв" гэлээ.
 
Дараа нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Тус хуульд хэд, хэдэн удаа өөрчлөлт оруулсан байдаг аж. Гол хууль нь 1999 онд батлагдсан юм байна. Сүүлийн 10 гаруй жил галын аюул нэмэгдэж байгаа талаар бүлгийн дарга дурдаад Гал түймэртэй тэмцэх газрын даргын мэдээллийг сонссон байна.
 
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам өсч, байшин барилга ихээр баригдсан. Үүнээс үүдэн галын гэнэтийн аюул гарсан тохиолдолд гал түймэртэй тэмцэх, унтраах, хүний амь нас эрсдэхгүй байх, эд хөрөнгөө галын аюулаас аврах зэрэг үйлдлүүдийг хийхэд галын байгууллагуудад нэлээдгүй хүндрэл гаргадаг байна. Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгын ихэнх нь галын байгууллагуудын санал дүгнэлтийг авалгүйгээр баригдсан байдаг аж. Тиймээс энэ хуулиар үүнийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг ярьж байгаа гэлээ.
 
Энэ үеэр "Шударга ёс эвсэл"-ийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс дараах тодруулгыг авлаа.
 
-"Шударга ёс эвсэл"-ийн бүлгийн зарим гишүүн Бие даагч гишүүдтэй хамтраад албан бус бүлэг байгуулах тухай мэдээлэл гарлаа. Хэн, хэн бүлэгт нэгдэж байг талаар мэдээлэл өгөх боломж бий юу?
-Албан ёсоор манай бүлгийн аль нэг гишүүн өөр бүлэгт орж буйгаа илэрхийлсэн зүйл байхгүй. Миний хувьд энэ мэдээллийг хэвлэлээс уншлаа. Ер нь УИХ-ын гишүүд тодорхой асуудлуудад нэгдэж, зохион байгуулалтад ороод ажиллах тохиолдол байдаг шүү дээ. Энэ утгаараа манай намын бүлгийн гишүүд тодорхой асуудалд өөр намын бүлэгтэй нэгдэж байгаа бол үүнд хуулийн болоод улс төрийн үр дагавар байхгүй юм. Харин бүлгээс гарах асуудал яригдах юм бол энэ албаны болон хуулийн  харилцаанд орж байж энэ асуудал шийдэгдэнэ.
 
-Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны сайдын албанд Ш.Түвдэндорж гишүүнийг томилохоор оруулсан. Харин танай бүлгийн хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Эвслийн бүлэг энэ асуудалд тухайлан хуралдахгүй. Харин миний хувь гишүүний үзэл бодлоор бол эхнээс нь дэмжиж байгаа. Учир нь Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрыг ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллахыг шийддэг. Иймээс Ш.Түвдэндоржийг оруулж ирж буй талаар байр сууриа илэрхийлэхгүй байгаа. Гэхдээ "Давхар дээл" -ний асуудлын хор уршгийг хэдэн сараар л ярилаа. Үүний дүнд Засгийн газрын гишүүдийг гаднаас томилох нь зүйтэй гэсэн хандлага үүссэн. Энэ үүднээс ерөнхий хандлага чиг баримжаагаа алдалгүй Засгийн газраа "Давхар дээлгүй" -гээр бүрдүүлэх нь зүйтэй гэсэн хувийн бодол байна.
 
-"Шударга ёс эвсэл"-ийн бүлэг Засгийн газарт үнэлэлт дүгнэлт өгөх асуудыг бүлгийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Үүнд ямар дүгнэлт гаргасан бэ? 
-Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх асуудал өөрөө дөрвөн жилийн дараа сонгогчдоороо дамжуулаад дүнгээ тавиулдаг. Гэхдээ бүрэн эрхийн хугацаа дундаа орсон энэ үед манай бүлэг Засгийн газрын үйл ажиллагааг бүхэлд нь буюу нийгэм, эдийн засгийн зорилт хөтөлбөрөө хэрхэн яаж хэрэгжүүлсэн талаар үнэлэлт дүгнэлт өгөхөөр бэлтгэж байна. Зарим нэг сайдын өргөдөл өгсөн асуудал, шинээр сайд томилох асуудлаас болоод түр хойшлуулсан байгаа. Зорилтот хөтөлбөрийн биелэлт хоцрогдолтой яваа бол хариуцлага тооцох асуудал яригдана.
 
-Монголбанкны Ерөнхийлөгч, удирдлагын багт хариуцлага тооцох асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ асуудлыг Бие даагчдын зөвлөлөөс УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. УИХ-ын дарга Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох асуудлыг оруулж ирдэг. Харин огцруулах тухай асуудлыг хэн оруулж ирдгийг би сайн мэдэхгүй байна. Хуулиар бол УИХ-ын гишүүн томилсон албан тушаалтантайгаа хариуцлага тооцож болмоор харагддаг. Харин Монголбанкны Ерөнхийлөгчийн тухайд арай өөр байж болохоор тайлбарлаад байгаа юм. УИХ-аар энэ асуудал орж ирээгүй байхад тэгнэ, ингэнэ гэж ярих зохимжгүй гэж үзэж байна. Ойрын үед энэ асуудал нэг мөр болно байх гэж бодож байна.
 
-Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудалд бүлэг байр сууриа нэгтгэсэн үү?
-Н.Батбаяр сайдын асуудалд бид тухайлан ярилцаагүй. Учир нь манай бүлгийн нэлээд хэдэн гишүүн гадаадад томилолттой, хойшлуулшгүй ажилтай байгаа. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл бид ирцээ хангалттай болохоор энэ асуудлыг хэлэлцэнэ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Эвслийн бүлэг: Хугацаа хэтэрсэн татварын өрийг гэмт хэрэг гэж үзэх хэрэггүй  
Үзсэн: 959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй