
УИХ дахь бие даагч гишүүд УИХ-ын зарим гишүүнтэй хамтарч шинэ бүлэг байгуулах гэж байна гэсэн мэдээлэл өнөөдөр гарсан.
Энэ талаар УИХ-ын бие даагч гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.
-Бие даагч гишүүд зарим гишүүнтэй хамтарч шинээр бүлэг байгуулах гэж байгаа гэсэн мэдээлэл гараад байна?
-Тийм ээ, ийм яриа байгаа. Нэгэнт сэтгүүлчид ардчилсан нийгмийн гол тулгуурын нэг учраас юуг нь нуух вэ. Энэ яриа сарын өмнөөс эхэлж гарсан юм. УИХ дахь АН, МАН, Эвслийн аль ч бүлэгт ард түмний төлөө ажиллах хүсэлтэй гишүүд байдаг. Гэхдээ бүлгийн гэсэн далбаан дор ажиллаж чаддаггүй. УИХ-аар хэлэлцэгдэж байгаа олон асуудалд гишүүд олон нийтийн эрх ашгийн өмнө нь бүлэглэлийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж шийдвэр гаргаж байна. Ард түмний төлөө ажиллах хүсэлтэй олон улстөрчид намын бүлгүүдийн наймааны золиос болж байна. Энэ бүхнээс болоод зарим гишүүн албан бус бүлэг байгуулах санал гаргасан юм.
-Тэгэхээр энэ бүлэгт ороод гишүүд өөрсдийн намын бүлгээс гарна гэсэн үг үү?
-Одоогоор бид тийм шийдвэр гаргаагүй. Тухайн гишүүний эрх ашгийг дээдлэх үүднээс албан бус бүлэгт орсон ч өөрийн нам, эвсэлдээ ажиллаж болно.
-Албан бус бүлэг бусад нам, эвслийн адил улс төрийн бүх асуудлыг хэлэлцэх үү, эсвэл тухай нэг асуудалд нэгдэж хамтарч ажиллах уу?
-Бид уул уурхай, баялагтай холбоотой асуудлуудад саналаа нэгтгэж хамтарч ажиллана. Тухайлбал, хоёр долоо хоногийн өмнө УИХ-аар хэлэлцэгдэж унасан Газрын тосны тухай хуульд бид санал нэгтэй байсан хэдий ч нэг бүлгийн үүднээс ижил кноп дарж чадаагүй учраас хуулийн төсөл унасан. Тэгэхээр энэ мэтчилэн асуудлуудад хамтарч ажиллах юм. Мөн иргэдийн эрүүл мэндтэй холбоотой, ард иргэдийн тулгамдсан асуудлуудад хамтарна.
-Одоогоор албан бус бүлэгт орох нийт хэдэн гишүүн байгаа вэ?
-Одоогийн байдлаар нийт 10 гишүүн энэ бүлэгт орно гээд ярилцаж тохироод бэлэн болчихсон байгаа. Үүнээс гадна бид таван гишүүнд урилга явуулсан. Мэдээж тухайн нам эвслийн бүлгээс ирэх дарамт шахалт их байгаа учраас бид хүлээзнэж байна. Дор хаяж 13 гишүүнтэй болчихвол үйл ажиллагаагаа эхэлнэ.
-Бүлэгт аль нам, эвслээс, хэдэн гишүүн орж байгааг хэлж болох уу?
-Одоохондоо тэрийг тодорхой хэлэх боломжгүй. Эвслийн бүлгээс дөрвөн гишүүн байгаа. Гэхдээ нэрийг нь хэлэх боломжгүй.
С.Ганбаатар: Олон гишүүн намын бүлгүүдийн золиос болж байна | ||
Үзсэн: 2096 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.