Шууд Chart

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэв

2014-06-02 16:16:12

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. Бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байгаа  Засгийн газар мөрийн хөтөлбөрөө 46.2 хувийн биелэлттэй яваа гэж дүгнэсэн нь бодит амьдралд нийцэхгүй гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзжээ.

МАН-ын бүлгийн хувьд энэхүү мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, улирал, жил бүр биелэлтийг нь тооцож байгаа бөгөөд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт дөнгөж 30 хувьтай байгаа гэж дүгнэсэн байна. Ялангуяа төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх, уул уурхай, үйлдвэржилт зэрэг хүн рүү чиглэсэн хөтөлбөрүүдийн хэрэгжилт хангалтгүй байгааг ард иргэдтэй уулзах үеэр олонтаа сануулж байна гэж энэ асуудлаар бүлгээс байгуулсан ажлын хэсгийн ахлагч Су.Батболд гишүүн мэдээллээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаарх санал дүгнэлтээ МАН-ын бүлэг УИХ-ын нэгдсэн хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулах аж.

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцсэн. Үндэсний аудитын газраас 2013 оны үндсэн чиглэлийн биелэлтийг 59 хувь буюу “хангалтгүй” гэж үнэлсэн. Өөрөөр хэлбэл, үндсэн чиглэлд тусгасан нийт 165 зорилтоос 111 нь огт хэрэгжээгүй буюу дутуу хэрэгжсэн байна. Тиймээс 2015 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд онцгой анхаарах ёстой. Засгийн газрын бодлогын алдаанаас болж эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амьдрал нөлөөлсөн. Буруу бодлого ямар сөрөг үр дагавар дагуулдгийг хүн бүхэн мэдэрч байгаа учраас МАН-ын бүлэг ирэх онд улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нухацтай хандана гэж энэ асуудлаарх ажлын хэсгийн ахлагч О.Содбилэг гишүүн хэллээ.
 
Мөн бүлгийн хуралдаанаар зарим ордыг стратегийн ордод авах эсэх асуудлаар холбогдох компаниудын мэдээллийг сонсчээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэв  
Үзсэн: 1254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй