Шууд Chart

ОХУ, БНХАУ-ыг холбох авто зам Ховд, Баян-Өлгий аймгаар дамжина

2014-06-03 10:32:05

Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэг буюу Ховд аймгийн төвөөс Хашаатын даваа чиглэл, Хашаатын даваагаас Баян-Өлгий аймгийн Толбо сум, тус аймгийн Ногоон нуур сумын Цагаан нуур тосгоноос Улаанбайшинт хилийн боомт хүртэлх нийт 189.7 км авто замын барилгын ажлын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж буй “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хоёрдугаар төсөл"-ийн зээлийн хэлэлцээрт өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Азийн Хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберт Шоэллхаммер нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Төслийн зээлийн гэрээний хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 125 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд энэ зээл нь 15 жилийн хугацаатай, үүнээс таван жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх аж. Баруун бүсийн босоо тэнхлэг бүхий дээрх чиглэлийн авто замуудыг ашиглалтад оруулснаар өмнөд, хойд хөршийг холбож буй манай талын зам бүрэн хучигдах төдийгүй гурван улс дамнасан худалдаа эргэлтийг дамжин өнгөрүүлэх эдийн засгийн чухал ач холбогдолтой юм.
 
Авто замын бүтээн байгуулалтыг нарийвчилбал, Ховд-Хашаатын даваа чиглэлийн 103.9 км, Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км, нийт 189.7 км авто замыг хэлэлцээрийн хүрээнд барина. Замуудыг 2016 онд барьж дуусган, түүнээс хойших хоёр жилд ашиглалтын баталгаат хугацаа үргэлжилснээр хэлэлцээрийн хэрэгжилт 2018 онд дуусгавар болох юм. Төслийн хүрээнд гол чиглэлийн дээрх авто замын ажлыг дуусгахаас гадна Ховд аймгийн төвд 10 км авто зам, хоёр гүүр, Өлгий хотын төвд 4.9 км авто зам, нэг гүүрийг тус тус барьж, трассын дагуух засвар арчлалт хариуцах тоног төхөөрөмж бүхий нэгж байгуулах ажээ.
 
ОХУ, БНХАУ-ыг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан холбож буй баруун бүсийн эл тэнхлэг авто замын бүтээн байгуулалт нь Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгагдсан бөгөөд санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт 2011 оны арванхоёрдугаар сард гарын үсэг зурж, 2012 оны хоёрдугаар сарын 10-нд УИХ-аар соёрхон баталсан байна. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар захирамжаар баталгаажуулсан эрхийн дагуу хэлэлцээрт ийн гарын үсэг зурж буй юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

ОХУ, БНХАУ-ыг холбох авто зам Ховд, Баян-Өлгий аймгаар дамжина   
Үзсэн: 2694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-03 11:53
СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарна. Утас: 99084179
103.20.152.xxx [103.20.152.xxx] 2014-06-03 11:08
horongo oruulalt uu zeel uu?

Бидэнтэй нэгдээрэй