Шууд Chart

Нойр хүрдэггүй ээ ...

2014-06-03 17:45:24

/Нэг хүний үглэлт өгүүлэмж/      
                                                                   
                 Айлын унтлагын өрөө нойр хулжсан нэг эрхэм суун амандаа үглэнэ.
 
          ... Нойр хүрдэггүй ээ. Энэ хажуу айлд нэг залуу байдаг юм. Юу нүдээд байдаг юм бэ? Бүү мэд. Дархан хүн юм болов уу гэтэл миний ор битүү доргиод байгаа. 
Баримал ч юм уу чулуучин байж магад гэхлээр найман давхарт тэгж чулуу чирч гаргадаг тэнэг баймааргүй юм. Нэг л юм нүдээд байгаа, чухам юу юм бол мэдэх юмсан. Өдөр болохоор таг чиг. Тэгээд яг оронд орохоор л нүдээд эхэлнэ. За тэр... нэг тийм битүүхэн мөртлөө бас нэг чигтэй хачин юм нүдээд байгаа юм.
 
Өнөөдөр унтах хөг өнгөрөв бололтой. Ингэж нойр алдаад ер нь намайг галзуугийн больницод очсон байхад нэг их битгий гайхаарай, орой болгон юм нүдээд байхад би галзуурах нь битгий хэл болоод байгаа шүү. Ийм их дуу шуугианд хүн яаж унтана. Нэг бол хэрүүл зодоон эсвэл найр наадам нойрны дутлаар хүн галзуурдаг юм гэсэн шүү. Бас тэгээд нойр хүрэхээ больчихоор дэвэн дэлхийн юм бодогдоно гээч. Би нэг юм бодоод хэлдэг юм бил үү, байдаг юм бил үү гэж бүр гайхаад зурхай гэж айхавтар юм байна.
 
Өчигдөр өглөө босоод үсээ засуулая гэсэн охин та морь жилтэй хонины орд болохгүй ээ л гэлээ. Тэрний урьд өдөр гайгүй дулаан байгаа дээр нь зуслангийн байраа очиж янзалъя гэсэн чинь бэр хол явдаггүй өдөр гээд хорьчихлоо. Өнөө өглөө тагтан дээр байгаа хог новшоо янзалъя гэтэл хөгшин гадагшаа юм гаргадаггүй өдөр гээд бүр хөдөлгөсөнгүй. Бараг чи, би дээ хүрэв. Манай орцны гадаа хаалганы урд аль ноднин шороо овоолж асгаад орхичихсон. Орцны жижүүрт хэлээд аваачиж хая гэтэл энэ жил намайг газар шороо хөндөж болохгүй гээд халгаасангүй. Энэ хүүхдүүд бүр биднээсээ долоон дор.
 
Охины хүүхэд өвөө таны даралтны эмэнд би явж чадахгүй, зурхайд намайг эм барьж, эм залж болдоггүй өдөр гэсэн байна лээ. Нөгөө том бандийг Дорлигийнхоос аль хоёр жилийн өмнө өгсөн түлээний хар сүх аваад ир зуслан гарах боллоо гэсэн чинь урдаас юу гэсэн гээч, - Өнөөдөр хүнээс юм авдаггүй өдөр гэхлээр нь хүний юм биш өөрийнхөө юмыг авах гэж байгаа юм гэтэл, хүнд өгсөн юмаа нэхэж болдоггүй өдөр гэнээ гээд ам таглав.-Мөн донгосов оо. Манай гадаа өглөө болгон л сүү аваарай гээд хашгичаад байдаг улаан авгай зарим өдөр ирэхээ байчихаж. Яасан гэсэн цагаан идээ гаргаж болдоггүй өдөр гээд больсон юм байх.
         
Энэ одоо юугаа нүдээд суудаг хүүхэд юм бүү мэд. Тэр ... тэр ... нэг сүрхий битүү юм л дуугараад байгаа юм. За тэгээд энэ төр улсын ажил чухам яаж явдаг юм бэ арай бас зурхай зурлагаар юм биш байгаа гэж хар “төрөөд” байгаа юм. Эртээд  өдөр судраа олоогүй буруу шийдвэр гаргасан гэж манай байрны хөгшчүүл ярьж байсан юм. Тэр ер нь ортой дог оо. Манай хөгшин маргааш рашаан явах байсан юм. Болдоггүй өдөр юм байлгүй. Хоёр хүүхэд энэ жил хуримлана гэсэн бас болдоггүй жил нь гэнэ. Би өвдөөд салдаггүй шүднээсээ болж хэдэн өдөр нойргүй тэрчлэв. Энэ жил биенд мэс хүргэдэггүй жил юм гэнээ. Нар шатаж эхэллээ. Толгой дээрээ юм тавъя гэсэн доошоо харсан сав авдаггүй өдөр, шинэ юм авдаггүй жил ч гэх шиг.
 
Энэ зурхай ер нь юм юмны чөдөр тушаа болж гүйцлээ. Байз... Нөгөө залуу чинь юм нүдэхээ болив уу, чимээгүй болчих чинь, алив бушуухан унтчихая .
Нийтэлсэн: Г.Золжаргал

Нойр хүрдэггүй ээ ...  
Үзсэн: 4593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2014-06-06 11:27
boo bishee shono unthiinha umnu awgaigaa shaadag nohor
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2014-06-06 11:27
boo bishee shono unthiinha umnu awgaigaa shaadag nohor
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-06-04 16:32
He he he ineedtei ymaa
Daimka Chuka [182.160.0.xxx] 2014-06-03 16:55
Mini yariltslaga.yasan bol????
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-06-03 14:44
зурхай гэж заваан юм бичээд сууж байдаг мэдрэл юмнууд өөрсдөөсөө ичээсэй, энийг уншуулбал таарна. зурхайг уншаад итгээд байдаг солиотой юмнууд бас хөөрхийлөлтэй юм даа, тэр юм балбааад байгаа нөхөр чинь нөгөө алдар бөө чинь шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй