
/Аян замын тэмдэглэл/
Хаврын адаг сарын тэнгэр хичнээн их хуйсганавч ирж яваа цагийн үнэрийг дарж эс чадна. Арц богдын уулс, Алтайн салбар уул нуруудыг дамнуулан цасаар шуурч, говь бэл рүүгээ хааяа хааяахан бороо тунагнавч салхи нь ширүүлээд ёстой л хаврын тэнгэр бол хаврын л тэнгэр гэдгийг харуулж байлаа. Ийм нэгэн тэнгэрийн авир занг аргадан байж их Алтайн нурууны зүг “Таван Эрдэнэ” нэвтрүүлгийнхээ хуучин бурантагийг даялсан юм...
Нялх төлийн цангинах дуунаар уул ус уяран баясч, ертөнц дэлхий сэрэн дэлгэрэх учиртайсан гэх гэгээн хийгээд хийморьт бодлоор лундаалан эх орныхоо баруун урд хязгаар луу жолооч А.Өлзий-Очир, сэтгүүлч С.Отгонжаргал, зураглаач Д.Болорцэцэг нарын уран бүтээлчидтэй тэгш дөрвөн санаагаар дөрөө нилүүлэн хатирууллаа.
Ай даа... Хавар цаг аа гэж... Суунаг хөх манан алсын уулсыг хөшиглөөд суларсан дагшин хөрснөөс ургамлын түрүүч соёлж, хоржигнон урсах булаг шандны толионд хоёр ангир гунганаад харсан бүхэн гоё сайхныг мэдрүүлэх нь даанч сайхан...
Бид намрын айрганд халамцсан юм шиг исгэрүүлэн давхисаар нэг л мэдэхэд Баянхонгор аймгийн төв дээр дөрөө мултлав. Маргааш өглөө нь мандах нартай уралдан их говийн Шинэжинст сумыг зорив. Алтайн нурууны доод салбар уулсаар нутагтай, Шинэжинст суманд ойртох тусам ямаан сүрэг улам олширч харагдана. Гэхдээ дандаа цагаан ямаанууд... Тэр битгий хэл цагаанаас өөр зүсгүй мянгаад ямаатай айл ч цөөнгүй таарлаа. Энэ бол 2000 онд “Залаа жинстийн цагаан омог” гэж улсын хэмжээнд албан ёсоор баталгаажуулсан алдарт цагаан ямаа юм. Ямаа л болсон хойно уул хяр ихтэй, мод бут зонхилсон бэлчээр нутагт татагдана. Ер нь Алтайн нуруу дагасан малчид ямаа, тэмээ л голдуухан малладаг. Гэхдээ Шинэ жинст сумын баруун талаар ялангуяа Залаа уул орчмоор бол энэ ямааны цэвэр үүлдрийн цөм бий гэж нутгийнхан хэлдэг. Мэдэхгүй хүнд бол жаахан зайдуухан газраас хонин сүрэг л гэж хармаар, дун цагаан. Цагийн сайнд бол ихэрлэхийг нь яана. Ихэр олонтой айлд буугаад хот руу нь харвал эзэн нь байтугай эх нь андуурмаар...
Алтайн өндөрлөг уулсыг даван туулан, цахиур манан уулсынхаа цав хөндийгөөр хаваржаатай цайх жилбээр дутах зүйлгүй баян сүргийн мэндийг олон түмэндээ дуулгаж явахын учир цаглашгүй. Монгол Алтайн нурууг үндсэндээ доороос нь өгсүүлэн дамнаад явлаа. Өмнөговь аймгийн Ноён Сэврээгээс авахуулаад Баян-Өлгий аймгийн нутаг Алтай таван богд хүртэл баруун хязгаарыг эмжсэн их уулс л даа... Дундаа говьтой цөлтэй, юм юмтай хэмжишгүй баян хангай. Бид Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутгийг ташуулдасгээд шууд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг руу шөнө дөлөөр айлчиллаа. Энүүгээр явахад өнөө л Залаа жинстийн цагаан сүргээ үржүүлэн төллүүлсэн айлууд их таарав. Чандманий их уулсын залгаа, Гичгэний нурууны өвөр бэл гэж, Жинст уулын шилээр явахаас арай өөр санагдлаа. Чухам юу нь өөр байгааг тайлж бас эс чадав.
Захуй зармангийн говиор хаврын цэнхэр манан хүүшлээд, Эдрэнгийн нуруу, Гичгэний нуруу хоёроор хэцэлсэн бүлээн салхи бүгэлзсэн нэгэн өдөр Монгол улсын Гавъяат малчин Авирмэдийн арвин сүргийн хотоор бууж мал ахуй нутаг бэлчээрийн тухайд жаал хөөрөлдөв. Эднийх энэ жил 6000 гаруй мал тоолуулсан байна. Мал сүргээ хорь гаруй айлд хувиарлан машид нарийн зохион байгуулалттайгаар өсгөн малладаг нь хотныхоо адгаас авахуулаад л мэдрэгдэхүйц юм. Өөрөөр хэлбэл мал цөөтэй орлого багатай 20 гаруй малчин өрхөөр малаа маллуулаад зогсохгүй тэднийг малжуулахын дээр цалинжуулдаг гэнэ. Говь нутаг л болсон хойно өвс ургамлын гарц шимтэй хэдий ч тачир болохоор нэг буудал дээрээ олон хоног суух боломжгүй. Эргэх дөрвөн цагийн салхин дундуур отор нүүдлийг олигтойхон хийнэ.
Буурлын буяныг даах гэдэг маш их хариуцлага. Бидний өвөг нүүдэлчин малчин л улс байж, баян дагшин нутаг усныхаа эзэн нуруу нь байсан. Тэгэхээр бидэнд ч өнөөдөр нутаг усаа түшиж өвөг дээдсийнхээ мал буяныг дааж явах хариуцлага байгаа гэдгийг ялангуяа манай залуу малчид ухаараасай гэдэг бодол гавъяатын үгийг сонсоод улам ч зузаарлаа.
Эрдэнэ сумын нутгаас Цогт сум руу хөдөллөө. Тийш очихын тулд цаг агаар зам бэлчирээ тооцож Чандманий их уулсын дундуур сүлжисгээд Бурхан буудайн баруун хэц буурал хайрханы сүмбэр оргилыг тойрон, зүмбэр үүлсийг дайран давлаа. Алсын их аян, уулсын их алтайг туулах төмөр хүлгийн жолоог атгасан А.Өлзий-Очирын зоригоор энэ их нурууг хөндлөн давсан юм. Өндөр хийгээд алсаас харвал уул болоод үүлэн дээгүүр MNB гэсэн бичигтэй цагаан хүлэг нисэж яваа мэт сонин харагдах байсан биз. Ингээд Цогт сумын нутаг руу орж цөөнгүй ч малчины санаа бодлыг бэлчээрээр голдуу сонслоо. Энэ зуур нэг саар мэдээ сонссон нь цас шуурга, бороо салхинаас хамааралтай биш байлаа. Учир нь үлийн цагаан огтоны бэлчээр талхлалт гэдэг асуудал газар авсан байна, ялангуяа Говь-Алтайн нурууны салбар уулсууд тэр дундаа Гичгэний нурууны хойд улаан үзүүрээр явахад малын бэлчээрт таарсан хүн болгон үлийн цагааныг устгамаар байна гэж ам уралдан ярьж байна. Эрдэнэт сүрэг үржин төллөх цагаар, хамгийн хурдан өсөн үрждэг энэ амьтантай бэлчээрээ булаалдана гэдэг нээрэн том зовлон юм. Цогт сумын хойд нуруунд бол бүүр илүү байна. Газрын хөрсийг тариа тарих гэж зориудаар хагалан гишгэлсэн юм шиг үнэндээ хэцүү болгожээ. Хуруун чинээхэн жижиг атлаа, жилийн дөрвөн улирал тойрон амьдарч, олон мянган га газрыг огт үндэсгүй болтол талхалдаг, дээр нь улирал бүр зулзагалдаг хамгийн хэрэггүй, хамгийн олон амьтан энэ л болж. Тэгэхээр энэ чиг рүү төрийн бодлого хийгээд иргэдийн хамтын ажиллагаа үгүйлэгдэж байгааг бас л ярьмаар санагдлаа.
Алтайн нурууг дамнуулан хатируулж явахад сум орон нутаг бүрээс л нэг өөр сонин содон зүйлийг анзаарав. Тухайлбал Цогт сумаас Цээл сумын нутаг руу оронгуут л өнөө л алдарт Таян нуурын уурхайн сөрөг нөлөөлөл үнэртээт л явчихлаа. Энэ тухай “Газар шороо мөнхийн сэдэв” нэвтрүүлгээрээ гурван ч цувралыг дамжуулсан болохоор энд өгүүлэх илүүц хийгээд бараан биз ээ... Цээл сумын удирдлагууд гэж ёстой л “хүрэн царайтай говийн хүмүүс хүний ясаар сайн билээ” гэж Д.Пүрэвдорж найрагчийн хэлснийг батлах шиг, тун сайхан хүмүүс. Учир нь Алтайн хүдэр ХХКомпаний “Таян нуурын уурхай”-тай хөлсөө гартал тэмцдэг нь алив бүхнээс нь харагдаж байв. Хүдэрийн уурхайн хүрэн мандал дунд цээлхэн агаараа үгүйлэн суугаа Цээл нутгаас мордоод Төгрөг сумын нутгийг ташуулдасгээд Шаргын уудам говийг зүсэн зүлгэн давхиуллаа.
МУСГЗ, зохиолч сэтгүүлч Ү.Хүрэлбаатар. Төгрөг сумын хүн л дээ... “Үргэсэн бөхөнгийн үелзсэн хатираа шиг он жилүүд цахилан одно. Тэр хуйлран эрчилсэн цагаан тоосны үзүүрт цахиртан үзэгдэх ёотон шиг хэдэн цахир байшин Шаргын говийн баруун хаяа хана шийрлэх Өвгөн Очир хайрханы өвөр нөмөрлөн их усан зэрэглээн дунд нэг тодрон, нэг бүдгэрэн байх нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төв ажээ” хэмээн төрсөн нутаг усаа санагалзан бичсэн байж билээ. Бид энэ л замыг хөндлөн гишгэж хүрэнтэн харагдах Дарвийн бор нурууг чиглэн давхилаа. Цас мөсийг дэлэндээ тогтоодоггүй цанхтай азарга шиг энэ дагшин нурууг харахад нэг л сүрдмээр, чухамхүү С.Пүрэв ахаас эхлээд ном зохиолдоо олон тусгасан болоод ч тэр үү... Их л хүндэтгэн замын дунд бууж сэржим хүртэл өргөлөө... Ингээд Дарви сум руу орлоо. Ихэс нуур нь мэлтэгнэн, Сутай хайрхан нь өндөлзөн, Их Дарвийн нуруу нь хүрэнтэн бас л нэг өөр араншин.
“Төрийн тахилгат ноён Сутай хайрханаа шүтэн түшиж суугаа түмний магнай тэнэгэр байдаг юм гэж...” Тонхил сумын нэгэн буурал хэлж байсан удаатай. Нээрэн ч Тонхил давааны ар өвөр, Ихэс нуурын хоолой, Их бага Дарви, Хүйс, Шаргын цэнхэр говь гээд дагшин уудам нутагт явахад ер нь л өөдрөг үйлс ханхийлгэсэн улс байх юм. Их алтай нутгаа гэж... цаанаа л нэг дагшин шинжтэй. Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг Ихэсийн хоолойг өгсүүлээд овоо хэдэн айлд буулаа. Энэ хавийн мал цайх сайтай гэж, ихэнх нь төллөөд дүүрсэн байна. Ноён Сутай хайрханаар бараалаад бидний буцан эргэх албан ёсны хугацаанд захирагдлаа. Буцах зуур Говь-Алтай аймгийн төвөөр орж, Дэлгэрийн уудам талыг адуу хөөсөн Цахиур Төмөр шиг туулаад Баянхонгор аймгийн Бууцагаан суманд түр амасхийгээд говь нутгийн хөгжлийн түүчээ Баянлиг сумыг зорилоо.
Заг бударганы толгой гүйцэт шүүслээгүй хэрнээ хөндий талаар хөх манан суугаад дэлгэр цагийн араншин энүүхэнд айсуй... Далай цагаан зэрэглээн дундаас шоволзон налайх тэмээн сүрэг, тэнгэрийн хаяатай өнгө хосолсон Алтайн сэжүүр уулс, хааяа хааяахан тааралдах зээр гөрөөсийн цахилаа, харахад ойрхон ч туулахад алс өргөн зэлүүд тал гээд энэ бүх сонин содон юмс ханагар их говийн өнгө үзэмжийг бүрдүүлэн байна. Уяатай бодгоноосоо холдож эс чадах гунжин ингэнүүд нь хуурын эгшгээр буйлаад уянгын говь нутагт минь хавар цаг ирнэ гэдэг ийм л сайхан. Баянлиг сум аа гэж Монгол тэмээний жинхэнэ өлгий нутаг. Энэ сайхан нутгаас Монголд байтугай дэлхий дахинд хамгийн олон тэмээ тоолуулсан Гавъяат малчин Шинэн, Тойвгой гээд олон алдартай тэмээчид төрсөн юм. Монгол соёлоо дээдэлж Монгол тэмээгээ өсгөн үржүүлнэ гэдэг яах аргагүй л гавъяа. Ингээд Монгол тэмээний өлгий нутаг Баянлиг сумын дорноор цэлийх Хатан суудлын хоолойгоор энэ удаагийн томилолт цараалсан юм аа...
Буянт мал сүрэг бум түмээрээ үрждэг дэлгэр хаврын тунсаг улирал өгөөж буянаа дүүргээд ийнхү буцах зам шулуудлаа. Хаврын нэг өдөр намрын зуун өдөртэй тэнцдэг гэдэг дээ. Манай малчид морин жилийн хийморьт хаврыг төл мэнд, сүрэг бүрэн таатай сайхан гэтэллээ. Энэ жилийн эхэнд манай малчид 19 сая 400 мянган хээлтэгч мал тоолуулсан юм. Үүнээс олон жилийн дундажаар 80% төл авна гэж тооцвол 15 сая 500 мянган төл хүлээж авах урьдчилсан тооцоо гарсан. Тэгэхээр одоогийн төлийн нийлбэрээр манай улс түүхэндээ анх удаа 50 сая гаруй мал сүрэгтэй болох нь тодорхой боллоо. Жилбэ сайтай хаврын өдөр жирийн малчны хотноос, жинхэнэ Монгол араншин дундаас жилийн нурууг харахад ийм нэгэн зураг тодрох ажаамуй...
Сэтгүүлч Өлзийхутагийн Цогт-Эрдэнэ
"Алтайн нуруунд хавар цаг айлсахуй..." | ||
Үзсэн: 5071 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.