Шууд Chart

Эдийн засгийн байнгын хороо Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2022-01-17 17:44:50

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.17/ хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа.

Энэхүү хуулийн төслөөр төрийн байгууллагуудын нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар газар эзэмшиж, хөрөнгө босгодог шударга бус байдлыг хязгаарлаж, барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэж иргэдийн өмчлөх эрхийг зөрчдөг зохицуулалтыг өөрчилж, нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрын эрхтэй холбоотой зохицуулалтыг шинээр бий болгох ач холбогдолтой юм хэмээн тэрбээр онцолсон. Түүнчлэн Иргэний хууль болон Газрын тухай хуулийг уялдуулах, түүн дотор нийтийн зориулалттай орон сууцтай холбоотой иргэдийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөж буй зохицуулалтыг өөрчилж, боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага дээр үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ. Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулсан байна.

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд нийтийн зориулалттай дундын өмчийн эрхийн тодорхойлолтыг оруулсан бөгөөд Газрын тухай хуулиар өөрийн орны онцлогт тохируулсан нийтийн зориулалттай орон сууцны газрын эрхийг сууц өмчлөгчдөд олгох талаар зохицуулжээ. Ингэснээр газар ашиглах эрхтэй этгээд орон сууц барих эрхийг хязгаарлаж, барилга байгууламж барих эрхийг Газрын тухай хуулиар амилуулах хөрс бий болох ач холбогдолтой юм байна.

Хуулийн төслийн 2 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хуулиар олгогдсон нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг дундаа хамтран эзэмших сууц өмчлөгчдийн дундын өмчийн эрхээс ялгаатай болохыг хүлээн зөвшөөрч, газар эзэмших эрхийг нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газартай давхардуулан олгох боломжийг хязгаарлахаар тусгажээ.

Хуулийн төслийн 3 дугаар зүйлд нийтийн зориулалттай дундын өмчийн эрхийг хуульчилж, орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулдаг зохицуулалтыг өөрчлөхөөр тусгасан байна. Түүнчлэн газар эзэмших, ашиглах эрхийн харилцаан дээр үндэслэж өмчлөх эрхийг дуусгавар болгодог зохицуулалтыг халж, иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах ач холбогдолтой зохицуулалтыг оруулсан байна. Мөн төрийн байгууллага, албан газар албан хэрэгцээнийхээс бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан нөхцөлд хүсэлтийг Засгийн газар нэгдсэн хуралдаанаараа шийдвэрлэхээр зохицуулжээ. Ингэснээр төрийн байгууллагуудын газар эзэмших харилцаанд нэгдсэн хяналт тавьж, хуулиар хүлээсэн төрийн чиг үүрэгт хамааралгүй ашгийн төлөөх үйл ажиллагаа эрхлэх боломж, нөхцлийг хязгаарласан зохицуулалт болох юм. Ийнхүү хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болох сууцны өмчлөх эрх дуусгавар болох, ноцтой зөрчигдөх боломж хязгаарлагдах ач холбогдолтой. Монгол Улсын Үндсэн хуульд заасан газар өмчлөх эрхийг зөвхөн Монгол Улсын иргэн эдлэх зохицуулалттай уялдуулан нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг сууц өмчлөгчид эзэмших боломжтой болно. Ингэснээр өөр этгээд тоглоомын талбайд барилга барих, ногоон байгууламжийг устгах, СӨХ болон бусад иргэн, аж ахуйн нэгжийн газрын маргаантай асуудал цэгцрэх үндэс тавигдана хэмээн төсөл санаачлагчид үзжээ Хуулийн төсөл батлагдсантай холбогдож нэмэлт зардал гарахгүй бөгөөд Газрын тухай хуулийн нийтийн зориулалттай орон сууцны газраас бусад асуудлыг Иргэний хуулийн зохицуулалттай уялдуулах, газрын реформыг үндэс суурьтай хийх анхны алхам болох юм гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Оршин суугчид орон сууцны дундын талбайгаа өмчилнө гэж байгаа. Хуучны байрууд цөөхөн айлтай, дундаа том талбайтай. Гэтэл сүүлийн үеийн байрууд олон давхар, дундах талбай нь бага. Тэгэхээр ялгаа үүсэхгүй юу. Барилгын компаниуд барилга барьж эхлүүтээ баригдаж буй сууриа барьцаалаад банкнаас зээл авчихдаг. Зээл авахгүйгээр өөрийн хөрөнгөөр барилгаа гүйцээж барих чадвартай компаниуд цөөхөн. Гэтэл үүнийг зогсоовол барилгын үнэ өсч, худалдан авч буй хүмүүст хүндээр тусах явдал гарах вий. Үүнээс хэрхэн зайлсхийх вэ гэсэн асуулт тавьсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, оршин суугчдын тооноос шалтгаалаад өмчлөх талбай өөр өөр хэмжээтэй байх нь гарцаагүй. Хуучин байр, шинэ байрны оршин суугчид ингэж газраа эзэмшинэ гэж одоо хэлэх аргагүй. Гэхдээ орон сууц эзэмшиж байгаа л бол орчны газрыг эзэмшинэ. Харин ямар аргачлалаар олгохыг Засгийн газар тогтоохоор хуульд тусгана. Ингэхдээ тухайн иргэний өмчилж буй орон сууцны талбайн хэмжээ, мөн орон сууцны нийт суурь хэмжээг харгалзан хувь ногдуулаад эзэмшүүлэхээр тусгаж байгаа гэсэн хариултыг өгсөн.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Доржханд Газрын тухай хуулиндаа Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн газрын эрх зүйн зохицуулалтыг зөв хийх, хот суурин газрын газрыг бүртгэлжүүлэх, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг олон нийтийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх, газартай холбоотой авлигыг бууруулахад анхаарах, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуулийн хэрэгжих хугацааг хэт шахуу тавихгүй байх, хуулинд хоёрдмол утгатай үгийг оруулахгүй байх, дуусаагүй барилга гэх үг хэллэгийг анхаарах гэсэн саналыг хэлж хуулийн төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Эдийн засгийн байнгын хороо Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй