Шууд Chart

Гамшигт өртсөн Тонгагийн анхны гэрэл зургуудыг нийтэллээ

2022-01-19 15:52:39

Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд тохиосон галт уулын хамгийн том  дэлбэрэлт  нь асар их хэмжээний хор хохирол дагуулаад байна. Галт уулын дэлбэрэлтэд өртсөн Тонга улсын анхны зургууд нийтлэгджээ.

Шинэ Зеландын батлан хамгаалах хүчнийхэн Тонгагийн төв Хаапай арлуудын хиймэл дагуулаас авсан зургуудыг нийтлээд байгаа юм. Хиймэл дагуулын зургаас харахад нийслэл хотын Колофоу дүүрэг буюу Тонгагийн гол арал дээр мод, байшингууд галт уулын нурангид бүрэн дарагдсан дүр зураг харагдаж байна. 

Одоогоор тусламжийн ажилтнууд бүс нутгийн усны бохирдол, хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулан ажиллаж байна. Мөн гамшгийн жинхэнэ цар хүрээ, хор хохирлын хэмжээ өнөөг хэр нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Олон улсын “Улаан загалмай”, “Улаан хавирган сар” нийгэмлэгүүдийн холбооны захирал Александр Матеу хэлэхдээ, "Үнс нурамнаас гадна цунамийн улмаас далайн эрэгт их хэмжээний хохирол учирч байна. Бид одоогоор маш бага мэдээлэлтэй байна" гэжээ.

Тус улсад хүмүүнлэгийн тусламж хүргэхэд нисэх онгоцны буудлын хөөрөх зурвас үнсэнд дарагдаж хүндрэлтэй байгаа талаар хандивлагч хэд хэдэн орны албаны хүмүүс мэдэгдэв. 

100 мянга гаруй хүн амьдардаг Тонгагийн хүн амын дийлэнх нь Тонгатапу арал дээр амьдардаг. Хүүхдийг ивээх “Фижи” сангийн гүйцэтгэх захирал Шайрана Али хэлэхдээ, "уг арал дээр дор хаяж 100 орчим байшин эвдэрч, 50 орчим байшин бүрэн сүйрсэн" гэж мэдэгджээ.

Мөн Тонгагийн харилцаа холбооны шугамыг сэргээх ажиллагаа ихээхэн хүндрэлтэй нүүр тулж байна.  Тонгаг Фижитэй холбосон усан доорх гол холбооны кабель гал уулын дэлбэрэлтээр гэмтсэн учраас  засварын ажил 2 дугаар сарын 1 хүртэл эхлэх төлөвгүй байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гамшигт өртсөн Тонгагийн анхны гэрэл зургуудыг нийтэллээ  
Үзсэн: 1235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй