
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилох эсэх асуудалд гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн.
Сөрөг хүчин буюу УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс энэ асуудлаар завсарлага авах гэсэн боловч чуулганы хуралдааныг даргалж байсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж төлөвлөсөн асуудлыг хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж сөрөг хүчний саналыг аваагүй юм.
Ингээд сөрөг хүчин болоод эрх баригч намын бүлгүүдийн дунд ширүүхэн маргаан өрнөж сөрөг хүчний зүгээс “давхар дээл”-ний асуудлыг дахин сөхөж, Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилох нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн ч УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эсэргүүцсээр байсан.
Хэлэлцүүлгийн эцэст Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилох байнгын хорооны саналыг дэмжье гэсэн горимын саналаар санал хураахад хуралдаанд оролцсон нийт 40 гишүүний 36 гишүүн буюу 85 хувь нь зөвшөөрсөн тул Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томиллоо.
МАН-ын бүлгийн гишүүд цөөнхийн бүлгийн саналыг хүлээж авалгүй, эрхэнд нь халдаж байна хэмээн эсэргүүцэж уг санал хураалтад оролцоогүй юм.
Чуулганы хуралдааны горим ёсоор дараагийн асуудлуудыг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Ш.Түвдэндоржийн санал хураалтыг эсэргүүцэж хэлэлцэх бүх асуудлуудад тав хоногийн завсарлага авах санал гаргасан. Гэвч УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу зөвхөн тухайн хэлэлцэхээр зарласан асуудалд л завсарлага авахаар заасан тул Галын аюулгүй байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудалд МАН-ын бүлгээс завсарлага авлаа.
Үүгээр УИХ-ын нэгдсэн чуулган хаалаа.
Ш.Түвдэндорж ҮХАА-н сайд боллоо | ||
Үзсэн: 2913 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.