Шууд Chart

“Харанга” хамтлаг Төрийн соёрхолт цолны мялаалгаа сонсогчидтойгоо хамт тэмдэглэнэ

2022-04-18 11:38:35

Монголын хөгжмийн урлагийн түүхэн дэх тод мөртэй, баялаг түүхтэй, чансаатай уран бүтээлтэй, хамтлагийн гишүүн бүр нь зохиосон аялгуу, туурвисан бүтээлээ үнэлүүлж, Гавьяат жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж, хамтлагаараа Төрийн соёрхолт цол хүртсэн анхны бөгөөд цор ганц хамтлаг бол “Харанга” юм.

33 жил тасралтгүй уран бүтээлээ туурвисаар буй тус хамтлагийнхан ирэх тавдугаар сарын 13, 14-нд “Legendary HARANGA: Greatest hits” тоглолтоо сонсогчиддоо хүргэх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 33 жилийн турш туурвисан уран бүтээлүүдээсээ шилж, бүх цаг үеийн хит 25 дууг хүргэх эл тоглолт “UB palace”-ын концертын их танхимд болох юм.

Төрийн соёрхолт “Харанга хамтлаг” цолныхоо мялаалга, найрыг одоог хүртэл хийгээгүй байгаа бөгөөд тавдугаар сарын 13, 14-нд сонсогчидтойгоо хамт тэмдэглэнэ гэдгээ мэдэгдлээ. Мөн

Ташрамд дуулгахад, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 29-нд Төрийн шагнал хүртээх тухай зарлиг гаргаж “Харанга” хамтлагийн таван уран бүтээлд Төрийн соёрхол хүртээсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төрийн шагнал хүртээх тухай зарлигт:

“…Монгол Улсад орчин үеийн хөгжмийн рок урсгалын үндсийг тавин, түгээн дэлгэрүүлж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон:

Ц.Чулуунбатын ая, Г.Батхүүгийн үг “Толин хул”,

Ц.Энхманлайн үг, ая “Амьдрал”,

Ц.Чулуунбатын ая, Б.Явуухулангийн шүлэг “Зөвхөн Монголдоо”,

Ц.Чулуунбатын ая, С.Оюуны үг “Үгүйлэн санана ”,

Я.Одсүрэнгийн ая, Ц.Энхманлайн үг “Энэ бол дурлал биш” дуу зохиож Монгол Улсын орчин үеийн хөгжмийн урлагт онцгой хувь нэмэр оруулсан “Харанга” хамтлагийн гишүүн Цэндсүрэнгийн Энхманлай, Цэрэндоржийн Чулуунбат, Хатанбаатарын Лхагвасүрэн, Яринпилийн Одсүрэн, Нэмэхийн Пүрэвдаш, зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюун нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Харанга” хамтлаг Төрийн соёрхолт цолны мялаалгаа сонсогчидтойгоо хамт тэмдэглэнэ  
Үзсэн: 1749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй