Шууд Chart

МСБХ-ны шинэ ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч өнөөдөр сонгогдоно

2022-04-20 10:08:55

 

Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус хурал өнөөдөр болно. FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын удирддаг холбооноос энэ хурлыг зарласан бөгөөд 245 төлөөлөгч оролцохоор мэдүүлжээ. Энэхүү хурлаар холбооны шинэ ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчдийг сонгох учиртай юм.

Ийнхүү ерөнхийлөгчид нэг, дэд ерөнхийлөгчийн сонгуульд 10 хүн нэрээ дэвшүүлжээ. Дашрамд дуулгахад, холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших дэнчин 80 сая төгрөг бол дэд ерөнхийлөгчийн сонгуулийнх 20 сая төгрөг аж. Ингээд та бүхэндээ нэр дэвшигчдийг танилцуулъя.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч

Г.Батцэнгэл

"MCS"-ийн гэх тодотголтой Г.Батцэнгэлийг 3х3 сагсан бөмбөгийн спортыг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг. Тэрбээр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө өөртэйгөө өрсөлдөнө. Гэхдээ шууд сонгогдчихлоо гэсэн үг биш. Тодорхой тооны, дүрэмд заасан санал авах хэрэгтэй. Энэ удаагийн ээлжит бус хуралд нийт 245 төлөөлөгч оролцоно.

Химийн ухааны доктор Г.Батцэнгэл нь 1972 оны арваннэгдүгээр сарын 24-нд төрсөн. Англи, герман, словак, орос хэлтэй түүний хувьд өдгөө “Энержи Ресурс ХКК”-ийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Зөвлөлийн гуравдугаар дунд сургуулийг төгсч, Словакт дээд боловсрол эзэмшсэн гэнэ.

Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид

Д.Энхбат

Тэрбээр өдгөө “MCS”-ийн охин компани “Юнител”-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. 1982 оны дөрөвдүгээр сарын 11-нд мэндэлсэн. ШУТИС-ийг цахилгаан холбооны инженерээрээ төгсч, удирдлагын академид бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. “MCS”, “Орбитнет” зэрэг байгууллагуудад ажиллаж байсан нэгэн.

Л.Мягмаржав

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав барьцаа лавшруулж, сагсан бөмбөгийн холбоог удирдах хүсэлтэй аж. 2004 оноос хойш “MCS Кока-Кола” компаниараа дамжуулан тэрбээр Монголын сагсан бөмбөгт хөрөнгө оруулж, 2017 оноос 3х3 сагсан бөмбөгийг өөд нь татах болсон. Эдийн засагч мэргэжилтэй Л.Мягмаржав нь арванхоёрдугаар дунд сургуулийг төгсч, МУИС-д эдийн засагч мэргэжлээр бакалавр, АНУ-ын Бриджпортын их сургуульд бизнесийн удирдлага мэргэжлээр магистр тус тус хамгаалсан.

Т.Түвшинбаяр

Монголын сагсан бөмбөгийн лигийн зургаан удаагийн аварга, зургаан удаагийн мөнгөн медальт, 1995, 2001 онуудын тэргүүн тоглогч Т.Түвшинбаяр энэ удаагийн дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. СЭЗДС-д эдийн засагч, бизнесийн удирдлагаар сурч, төгссөн тэрбээр өдгөө “Энержи Ресурс ХХК”-ийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байна. 57 дугаар сургуулиас гаралтай тэрбээр Монголын сагсан бөмбөгийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэх домогт тоглогчдын нэг яахын аргагүй нэг билээ.

Б.Даваа-Очир

Бизнесийн удирдлагаар ШУТИС, Австралид мэргэшсэн Б.Даваа-Очир нь “MCS Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал аж.

Дэд ерөнхийлөгчид горьлогч бусад нэр дэвшигчид

Б.Батбаатар

“Шарын гол ХК”-ийн ерөнхий захирал Б.Батбаатар. тэрбээр Хоккейн холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд энэ удаа сагсан бөмбөгийн холбооны дэдэд нэр дэвшжээ. Санхүүгийн чиглэлээр мэргэшсэн түүний хувьд англи, орос хэлтэй гэнэ.

П.Чулуунхүү

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Чулуунхүү нь Дорноговь аймгийн Сайншанд суманд мэндэлж, бага дунд боловсрол эзэмшсэн. Тайланд болон Хүмүүнлэгийн ухааны их сургуульд бизнесийн удирдлагын бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ. 2010 оноос хойш “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Т.Мөнхсайхан

Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан дэд ерөнхийлөгчид горилж байна. Гэмтэл согогийн мэс заслын их эмч, анагаах ухааны доктор тэрбээр 28 дугаар сургуулийг дүүргэж, АШУҮИС-д дээд боловсрол эзэмшжээ.

О.Тэнүүн

Бизнесийн хүрээнийхэн дундаа “Очир Ундраа”-ийн О.Тэнүүн гэж танигдсан түүнийг спортын салбарынхан оюутны сагсан бөмбөгийн ерөнхийлөгч гэдгээр нь илүү мэднэ. Өдгөө Монголын сагсан бөмбөгт хамгийн өндөр зохион байгуулалттай, менежменттэй лиг бол оюутны лиг. О.Тэнүүн нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн.

Б.Ганхуяг

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг сүүлийн жилүүдэд спортын салбарт анхаарал хандуулж буй. Монголын оюутны V их наадмыг ивээн тэтгэхээс гадна Эрдэнэтийн Уурхайчид багт хөрөнгө оруулсан нэгэн. Орхон аймгаас гаралтай тэрбээр эрх зүй, улс төр судлалаар дээд боловсрол эзэмшсэн аж.

Э.Анар

Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар албан ёсоор холбооны дэд ерөнхийлөгчид хүч үзэж байна. Колумбын их сургуулийг дүүргэсэн тэрбээр боловсролын хувьд хэнд гологдохгүй. Тэрбээр сагсан бөмбөгийн дээд лигт тоглож, спортын карьераа хөөж явсан байдаг.  Өөрөөр хэлбэл, сагсан бөмбөгөөс хол хөндий хүн биш, тамирчдын жаргал зовлонг сайн мэдэх хүний нэг юм.

Эдгээр арван нэр дэвшигчийн зургаа нь дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүд болох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МСБХ-ны шинэ ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч өнөөдөр сонгогдоно  
Үзсэн: 921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй