Шууд Chart

УИХ-ын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо

2022-05-14 13:36:02

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. 

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийсэн.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, Нийгмийн даатгалын тухай хуулийн 11.3-т сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах, арилжааны банканд байршуулан нэмэгдүүлэхээр заасан боловч Засгийн газраас жил бүр бонд гаргадаггүй, Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох харилцаа нь хууль эрх зүйн зөрчилтэй тул Нийгмийн даатгалын ерөнхий газар нь сангийн мөнгөн хөрөнгийг зөвхөн арилжааны банканд байршуулж ирснийг онцлоод Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, харилцах дансанд тухайн жилд 227.6 сая төгрөг, хадгаламж хэлбэрээр 5.0 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг байршуулж эхэлсэн гэж байлаа.

Түүнчлэн Капитал банканд байршиж байсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл нь 2008 онд 14.8, 2009 онд 17.8, 2010 онд 16.2, 2011 онд 24.7, 2012 онд 31.4, 2013 онд 126.4, 2014 онд 209.5 тэрбум төгрөг тус тус байсан бөгөөд 2015 онд нийт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 238.1 тэрбум төгрөгт хүрсэн.  Капитал банк нь 2016 оноос зарлагын гүйлгээ хийх, төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болж, Банкны тухай хууль болон “Хамтран ажиллах гэрээ”-г зөрчсөн тул 2016 оны 07 дугаар сараас Капитал банканд нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг нэмж байршуулаагүй болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банканд мөнгөн хадгаламжийн гэрээг цуцлах шаардлагыг 20 гаруй удаа хүргүүлж, удирдлагуудын уулзалтыг удаа дараа зохион байгуулсан. Мөн 2018, 2019 онд 98.0 тэрбум төгрөгийн 169 төлбөрийн хүсэлтийг Капитал банканд хүргүүлсэн боловч тус банк 5.8 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн. Капитал банкийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр албадан татан буулгасантай холбогдуулан тус банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлж, 104.2 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын сангийн, 136.1 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн өр, төлбөрийг  баталгаажуулсан хэмээв.

Дээрх өр, төлбөрийг барагдуулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. 

Үүнд:-Нийгмийн даатгалын сангийн өр, төлбөрт тооцсон 104.2 тэрбум төгрөгийг  хуулийн хугацаанд Капиталын эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн;

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Хөрөнгө нэхэмжлэх, санд буцаан төвлөрүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар дэд ажлын хэсгийг тус тус байгуулж ажилласан; 

-Капиталын эрх хүлээн авагч нь Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуульд заасан “Засгийн газарт өгөх өр төлбөр, албан татвар”-т хамааруулахаар шийдвэрлэсэн; 

-Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө нь даатгуулагчийн төлсөн шимтгэлээс бүрддэг тул өр барагдуулах дарааллыг  гурван түвшин дээшлүүлэн “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр“-т хамааруулах талаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс 2020 оны 03 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн; 

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “КЭХА-д төлбөрийг барагдуулахыг даалгах” нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагыг хангасан;

-Өр, төлбөрийг барагдуулахаар Капиталын эрх хүлээн авагч, Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар, Нийслэлийн прокурорын газар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажиллаж байна. Түүнчлэн өр, төлбөр барагдуулж байгаа талаарх мэдээллийг УИХ-ын холбогдох байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, хууль хяналтын байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна; 

-Капиталын эрх хүлээн авагчаас 2021, 2022 онд өр, төлбөрт суутган шилжүүлэхээр санал болгосон 260 ширхэг хөрөнгөөс 25.0 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 78 ширхэг хөрөнгийг тооцож авах зөвшөөрлийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс, хөрөнгийг шилжүүлэн авах зөвшөөрлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас, “Хүлээн авсан хөрөнгүүдийн битүүмжийг цуцлуулах” зөвшөөрлийг Нийслэлийн прокурорын газраас тус тус гаргуулан авсан;

-Нийгмийн даатгалын ерөнхий газрын хөрөнгөд шинээр бүртгэгдсэн барилга, байгууламжид үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байсан 33 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж, 81.3 сая төгрөгийн түрээсийн орлогыг нийгмийн даатгалын санд төвлөрүүллээ; 

-Өр, төлбөрт авсан 5.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 12 ширхэг хөрөнгийг худалдан борлуулах дуудлага худалдааг зохион байгуулж, 10 ширхэг хөрөнгийг худалдан борлуулж, санд 3.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Мөн 11.9 тэрбум төгрөгийн 10 ширхэг хөрөнгийн дуудлага худалдааг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна; 

-Капиталын эрх хүлээн авагчаас дахин санал болгосон 80.8 тэрбум төгрөгийн 164 ширхэг хөрөнгийг судлан үзэж, өр төлбөрт тооцон авах боломжтой хөрөнгийн жагсаалтыг гаргасан хэмээн мэдээлэлд дурдсан байлаа. 

Дээрх арга хэмжээний үр дүнд Капиталын эрх хүлээн авагчаас  нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт 8.1 тэрбум төгрөг (2020 онд 0.8 тэрбум, 2021 онд 7.2 тэрбум, 2022 онд 0.1 тэрбум)-ийн мөнгөн хөрөнгө, 25.1 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээн авч, нийт 33.4 тэрбум төгрөгийн өр, төлбөрийг барагдуулж, өнөөдрийн байдлаар КЭХА-аас нэхэмжилсэн өр төлбөрийн үлдэгдэл 70.8 тэрбум төгрөг байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт 8.4 тэрбум төгрөг мөнгөн хөрөнгө, 47.2 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээн авч, нийт 55.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулж, өнөөдрийн байдлаар Капиталын эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн өр, төлбөрийн үлдэгдэл 80.5 тэрбум төгрөг байгааг А.Ариунзаяа сайд мэдээлэлдээ дурдсан. 

Мөн тэрбээр, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 2020/ШЦТ/865 дугаар шийтгэх тогтоолоор 2016 онд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэж байсан иргэнд “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг тогтоосон. Түүнчлэн уг иргэний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн гэв.

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар сангийн орлогын бүрэлдэхүүнд сангийн чөлөөт үлдэгдлийг банканд хадгалуулсны хүү, үнэт цаасны арилжаанаас олсон орлогыг хамааруулахаар, сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд болон Монголбанкнаас гаргасан үнэт цаас худалдан авах, арилжааны банканд байршуулах замаар нэмэгдүүлэхээр, бонд, үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг төсөвт тусгаж, УИХ батлахаар, арилжааны банканд байршуулах хөрөнгийн хэмжээг Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  сайд, Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтран тогтоохоор тус тус хуульчилсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”, “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-ний загварыг баталсан. Уг журам болон гэрээ нь мөнгөн хадгаламж байршуулахад баримтлах зарчим, хадгалагч банканд тавих шалгуур, талуудын эрх, үүрэг, арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулсан. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2013 онд хадгаламжийн хүүгийн хэмжээг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан Засгийн газрын бондын хүү, Төв банкны үнэт цаасны жигнэсэн дундаж хүү болон арилжааны банк хоорондын захын хүүгийн дундаж хэмжээнээс доошгүй байхаар, 2018 оноос эдгээр хүүгээс гадна нэмж банкуудын хугацаатай хадгаламжийн хүүгийн дундаж хэмжээг тооцдог болсон гэдгийг А.Ариунзаяа сайд танилцуулгадаа онцолсон.  

 

Түүнчлэн, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг найдвартай, төлбөр түргэн гүйцэтгэх чадвартай, үр өгөөжтэй байлгах, хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулах, ялангуяа сангийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас, зээлжих зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий олон улсын байгууллагаас A-аас доошгүй үнэлгээтэй үнэт цаас, хөрөнгө оруулалтын сан, нээлттэй хувьцаат компанийн хувьцаа, системийн ач холбогдол бүхий арилжааны банканд байршуулах, Санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагааг Монголбанк, мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд, нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх сангийн хөрөнгө оруулалтын болон эрсдэлийн удирдлагын нэгж тус тус гүйцэтгэх зэрэг зохицуулалтыг тусгаад байна гэж байлаа.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Н.Учрал, Б.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Ж.Батжаргал, М.Оюунчимэг, С.Ганбаатар, Б.Саранчимэг,  С.Одонтуяа, Б.Бейсен, Б.Энхбаяр нар асуулт асууж, санал хэлсэн. 

Гишүүдийн зүгээс Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банкнаас авсан орон сууцнуудаа ажилтнууддаа олгосон эсэх, хураагдсан орон сууцнуудыг хэрхэн борлуулах талаар тодруулж байлаа. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн алдагдлын 104 тэрбум төгрөгийн 30.3 хувийг төлүүлсэн байгаа бол үлдсэн 73.9 хувийг нь хэрхэн барагдуулахаар ажиллаж байгаа талаар лавлав. Мөн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн 34 хувийг журмаа зөрчин нэг банканд байршуулсан асуудлыг шийдвэрлэхэд арга хэмжээ авч буй эсэх, салбарын яамны зүгээс ниймгийн даатгалын багц хуулиудын төслүүдийг өргөн мэдүүлэхгүй удаашруулж байгаа шалтгааныг лавлав.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт хариултдаа, Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банкны эрх хүлээн авагчаас 20 орчим орон сууцыг авч, өнгөрсөн онд хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн. Эдгээр орон сууцнуудын дугаарлалт, улсын бүртгэлийн гэрчилгээ нь гараагүй тул худалдан борлуулаагүй байна. Цаашид хэн нэгэнд давуу байдал олгохгүйн тулд орон сууцнуудаа дуудлага худалдаагаар борлуулна гэж байлаа. Мөн тэрбээр, Капитал банкнаас үлдсэн 70 орчим тэрбум төгрөгийг эргүүлэн авахаар Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран ажиллаж байна. Бид одоогоор шүүхийн маргаангүй, эргээд худалдан борлуулах боломжтой хөрөнгүүдийг аваад байна. Дээр нь найман тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр барагдуулсан. Үлдсэн хөрөнгүүд дээр судалгаа хийж байна. Зарим санал болгосон хөрөнгүүд нь шүүхийн маргаантай байгаагийн зэрэгцээ Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагуудаас банкны хөрөнгөөр барьсан байж болзошгүй гээд нэмж хөрөнгүүд гаргаж ирсэн. Тиймээс бид тэндээс хөрөнгө авах, эсвэл банкны эрх хүлээн авагчийг хөрөнгүүдээс өөрсдөө худалдан борлуулаад санг хохиролгүй болгох асуудлыг тавин ажиллаж байна хэмээн хариуллаа.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны журамд банкны нийт активын 20 хувь хүртэл хадгаламж байршуулна гэж заасан байсан. Дараа нь 2015 онд уг журамд өөрчлөлт оруулаад хувийг 25 болгож, нэг банканд давуу эрх олгож мөнгө байршуулсан. Иймд 2018 онд бид банкны нийт активаас 15 хувиас ихгүй байна гэсэн өөрчлөлтийг хийсэн. Өмнө нь ажиллаж байсан хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээсэн гэх нэмэлт тайлбарыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт өгсөн.

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өнгөрсөн оны 10 дугаар сард өргөн мэдүүлсэн ч явцын дунд цагаан сарын өмнө тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх болон цэргийн тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хуулийн төслүүдэд бага зэргийн өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Иймд хоёр хуулийн төслийг эргүүлэн татсан. Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон тэтгэврийн тухай хуулийн төслийн талаараа яамдуудаас санал авч дууссан тул  удахгүй Засгийн газраар хэлэлцүүлээд өргөн мэдүүлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариулж байлаа.

Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Нийгмийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдал нь татвар төлөгчдийн хөрөнгөөр бий болсон шимтгэлийг үр ашиггүй зарж, банкууд хүү санал болгосон гэх нэрийн дор зарим банкуудыг санхүүжүүлж, журмаа зөрчиснөөс болоод 200 гаруй тэрбум төгрөг өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байгааг онцлоод иргэдтэй хамтраад энэхүү хөрөнгийн олж авах зайлшгүй шаардлагатай байна гэв. Мөн нийгмийн даатгалын сан эзэнтэйгээ хамт тэтгэвэрт гарсан байгаа тул цаашдаа энэ салбарт тогтолцооны шинэчлэл хийхгүй бол урагш алхах боломжгүй болсныг онцлон тэмдэглэсэн.


УИХ-ын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо  
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй