Шууд Chart

Хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

2022-05-14 13:38:35

“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлэг өчигдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баярсайхан, Г.Ганболд, Н.Амартүвшин  Ц.Туваан нарын асуултаар үргэлжилсэн. Мөн тогтоолын төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа  Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, С.Бямбацогт, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Туваан нар санал хэлсэн.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ компаниуд тендерээр авсан барилга байгууламжаа дуусгаагүй байж дараагийнхийг нь авах асуудал нэг биш гарч байгаа тул тийм аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулах, энэ асуудалд хяналт тавьж, шалгалт оруулах шаардлагатайг  анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүн С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн яам Монгол Улсын хөгжлийн бодлогуудыг хооронд нь уялдуулах, төрийн бодлого тогтвортой байхад анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн байр  суурийг илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд говийн бүсэд хийх бүтээн байгуулалтын ажил зонхилох хувийг эзэлж байгаагийн зэрэгцээ байгаль орчныг нөхөн сэргээх, цөлжилтийг бууруулах, уламжлалт мал аж ахуйг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогуудыг авч хэрэгжүүлэхэд Эдийн засгийн хөгжлийн яам онцгойлон анхаарах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Монгол Улсын хөгжлийн 2022 оны батлагдсан төлөвлөгөөг хэлэлцэхдээ аудит оруулж, үр дүнг нь тооцож, ажил хэрэгчээр хандвал уг тогтоолын төсөл үнэ цэн орно гэсэн саналтай байлаа.

Ингээд “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 65.5-д “Хуралдаан даргалагч төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ. Энэ талаар санал хураалт явуулахгүй” гэсний дагуу Эдийн засгийн Байнгын хороонд шилжүүлэв. 

Дараа нь УИХ-дахь МАН-ын бүлгийн завсарлагааны хугацаа дууссан тул Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжүүллээ.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59,0 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.  

 

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүнээс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн  Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлэх байсан ч төсөл санаачлагч гишүүд байгаагүй тул төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав. 


Хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв  
Үзсэн: 416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй