Шууд Chart

НББХ: Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2022-05-17 20:31:01

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын гурван гишүүн 2022 оны тавдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа. Танилцуулгадаа, Монгол УИХ-ын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн гишүүд бид Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албатай хамтран анхны хуулийн төсөл болох Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2000 онд анх удаа Донорын тухай хуулийг баталж, 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр шинэчилсэн найруулгаар баталсан ба 2021 онд хоёр удаа өөрчлөлт оруулсан хэдий ч одоогийн мөрдөж буй хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа тул зарим харилцааг зохицуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болсон.

Сүүлийн жилүүдэд хүн амын дунд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай эрхтэн тогтолцооны өвчин эмгэг нь төгсгөлийн үе шатандаа орсон иргэдийн тоо нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, элэг, бөөрний эмгэг, осол гэмтэл орж байна. Мөн анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологиуд нэвтэрч эрчимтэй хөгжиж байгаа нь иргэдийнхээ амь насыг аврах, амьдралын чанарыг сайжруулах өргөн боломж нээгдэж байна.

Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ 2006 онд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийснээс хойш 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 256 иргэнд бөөр (215 иргэнд амьд донороос, 41 иргэнд амьгүй донороос), 194 иргэнд элэг (172 иргэнд амьд донороос, 22 иргэнд амьгүй донороос), 24 иргэнд ясны чөмөгний үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 735 иргэнд арьс, 65 иргэнд шөрмөс, 373 иргэнд үр шилжүүлсэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна. Мөн нойр булчирхай болон зүрх шилжүүлэн суулгах үндэсний багуудыг байгуулж, бэлтгэл ажлыг нь ханган ажиллаж байна.

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Үр шилжүүлэн суулгах төвүүд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, “Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо” төрийн бус байгууллага, эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн төлөөлөл оролцсон.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, донорын насыг 21 болгох, донорын талархлын өдрийг зохион байгуулах, амьгүй донорын гэгээн дурсгалыг хүндэлдэг байх, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэхээс үл хамаарч оршуулгын тэтгэмж үзүүлэх зэрэг саналыг дэвшүүлж байсан болно. Мөн амьд донорыг ажлын хамт олон дунд таниулан ойлгуулах, ажлын нөхцөлийг нь тодорхой хугацаагаар хөнгөвчлөх, шаардлагатай бол эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох санал гаргасан.

Хуулийн төсөлд Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгах тухай тусгалаа.

Одоо мөрдөж буй Донорын тухай хуульд Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ гаргах тухай заасан нь амьдралд нийцэхгүй байна. Тухайлбал, 25 насанд хүрээгүй амьд болон амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн авах, суулгах боломжгүй нь хугацаа алдах, эмчлүүлэгчийн өвчин улам даамжрах, биеийн байдал  хүндрэх, цаашлаад амь нас эрсдэх эрсдэлийг бий болгож  байна.  Донорын насыг өндөр тогтоосноор эх орондоо үнэ төлбөргүй эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх боломжийг хааж, иргэдийнхээ амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг хангаж чадахгүйд хүрээд байна.

Улсын Их Хурлаас 2000 онд баталсан Донорын тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд “Сэтгэцийн хувьд эрүүл, 18 насанд хүрсэн, шаардлагатай шинжилгээ хийлгэсэн, эд, эрхтэнээ өгөх зөвшөөрлөө бичгээр өгсөн донорын эрүүл мэндэд аюул учруулахгүйгээр эмнэлгийн нөхцөлд түүний эд, эрхтэнг авна” гэж хуульчилж байсан.

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаанд АНУ, Турк, Энэтхэг улсад 18 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эс, эд, эрхтний донор болохыг зөвшөөрдөг бол Сингапур улс 21 нас хүрсэн хүн сайн дурын үндсэн дээр өөрийн гэр бүлийн гишүүнд донор болохыг зөвшөөрдөг байна. Манай улсын хувьд донор болох насны доод хязгаар бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байна.

Хоёрдугаарт, Эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулах эрх зүйн орчин бий болгохоор хуулийн төсөлд тусгалаа. Донорын тухай хуулийн 9 дүгээр зүйлд донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах чиг үүрэг бүхий Зохицуулах албыг байгуулах тухай заасан. Тус алба нь эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл, холбогдох тоо баримтыг цуглуулж, хадгалах нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан /ДАТА бааз/-г ажиллуулж байгаа бөгөөд уг мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх практик шаардлага тулгараад байна.

Манай улсын хэмжээнд бөөр, элэг, нүдний эвэрлэг, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай олон зуун иргэн байгаа бөгөөд одоогоор бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээх жагсаалтад 350, элэг шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад 250 гаруй иргэн бүртгэлтэй байна. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна.

Гуравдугаарт, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллахаар тусгалаа. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны явцад гарч болох ёс зүйн хэм хэмжээтэй холбогдсон харилцааг зохицуулах үүрэг бүхий эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хороог эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулах шаардлагатай байна. Одоогийн Ёс зүйн хороо нь эмнэлэг бүрд тус тусдаа байгаа юм.

Дөрөвдүгээрт, Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг  үзүүлэх эрх зүйн орчин бий болгохоор тусгасан. Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас тархины үхэлтэй хүний гэр бүлтэй уулзалт хийж, эс, эд, эрхтний донор болгох тухай хүсэлтийг тавихад тэдний зүгээс ямар нэгэн мөнгөн дэмжлэг, туслалцаа үзүүлэх эсэх, ялангуяа оршуулгын зардалд дэмжлэг үзүүлэх тухай 95 хувь нь асууж байсан бөгөөд төрөөс дэмжлэг үзүүлэх хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн хариултыг сонсоод 45 гэр бүлээс 20 гэр бүл донор болгохоос татгалзсан байна.

Тус албаны мэдээгээр 2021 онд долоон амьгүй донороос найман бөөр, долоон элэг, 14 судас, 17 шөрмөс шилжүүлэн суулгасан. Оршуулгын тэтгэмж олговол дээрх тоо нэмэгдэнэ гэж тооцож байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь оршуулгын тэтгэмжийн хэмжээг тогтоодог. Тус зөвлөлийн 2016 оны 16 дугаар тогтоолоор оршуулгын тэтгэмжийн хэмжээг сая төгрөгөөр тогтоосон байна. Дээрх тогтоолоор 10 сая төгрөг өгөхөөр эхний байдлаар тооцоо гаргасан. Цаашид хуулийн төсөл батлагдсаны дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүсэлт гаргаж олон хүний амь насыг аварсан донорын оршуулгын зардлын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг зохих журмын дагуу гаргах болно.

Тавдугаарт, доноруудыг жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулахаар тусгасан. Санхүүгийн болон үзүүлэх дэмжлэгийн тухайд АНУ-д унаа, байр, хоол, хөдөлмөр эрхлээгүй үед олгох цалин хөлс, асрах зардал, үзлэгийн төлбөр болон татварын хөнгөлөлт, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг бол БНСУ-д амьгүй донорт оршуулгын зардал, донорын гэр бүлийнхэнд зориулсан дурсгалын болон хүндэтгэлийн арга хэмжээ, амьд донорт эмчилгээний зардал, цалинтай чөлөө, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгдөг байна. Иймд эрхтэний донор болсон хүмүүст бусад улс орон шиг дэмжлэг үзүүлж чаддаггүй юмаа гэхэд ядаж жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд сувилуулах дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай байна.

Зургадугаарт, цусны донор болон эс, эд, эрхтний амьд донорыг олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг байхаар төсөлд тусгасан болно.

Дэлхийн олон улс оронд (Австрали Улсад  “National Donate Life Family Support Service NDFSS”,  АНУ-д  “Center of Organ Recovery and Education” түүнээс хэрэгжүүлдэг  “Gift of Life Donor Program” болон “Organ Donation Grief Counseling Program”,  БНСУ-д “KODA”  буюу  “Korean Organ Donation Agency”) донорын ариун  үйл хэргийг таниулах, ухамсарлуулан ойлгуулах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг төв ажиллаж, эс, эд, эрхтний донор болж хүний амь нас, эрүүл мэндийг аврах үйл хэрэгт юугаар ч үнэлж барахгүй хувь нэмрээ оруулж, буян үйлдсэн амьгүй донорын гэгээн дурсгалыг хүндэтгэх, гэр бүлд нь хүндэтгэл илэрхийлэх, сэтгэл санааны дэмжлэг, туслалцаа үзүүлдэг байна.

Хуулийн төсөл батлагдсанаар эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хүрээ нэмэгдэж, гадаад руу гарах мөнгөн урсгал буурч, иргэдийн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах үндсэн эрх хангагдаж, эрх зүйн орчин улам сайжрах болно” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Жаргалмаа, Д.Сарангэрэл, Н.Учрал, М.Оюунчимэг нар төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж,  хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг болон Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгах зохицуулалтыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн Н.Учрал гишүүн энэ хуулийн төслийг боловсруулахад мэргэжлийн байгууллагууд нь, гадаад, дотоодын зөвлөхүүд нь оролцсон учраас Улсын Их Хурал төслийг концепцээр нь өөрчлөх шаардлагагүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол Д.Сарангэрэл гишүүн зүрх шилжүүлэн суулгах баг гараад, бэлтгэл ажил хангагдаад явж буйг Байнгын хороо бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар доноруудын эрх ашгийг хамгаалах холбооноос саналыг нь албан ёсоор авч, тусгасан уу гэдгийг тодруулж, хариулт авав.

Ингээд Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэнээр уг асуудлыг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


НББХ: Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 124 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй