Шууд Chart

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2022-05-18 13:20:06

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Н.Ганибал, Ц.Туваан нар 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Хуулийн төсөлд Монгол УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 31.12 дахь хэсгийг нэмэхээр тусгасан байна. Үүнд,

“31.12.Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлнэ. УИХ-ын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно.”

Хуулийн төсөл өргөн мэдүүлсний дараа гишүүд мэдээлэл хийсэн юм. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хуулийн төслийн талаарх хийсэн танилцуулгадаа, Монгол УИХ-ын тухай хуульд заасан бүлгийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрч, нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Эдгээр асуудлыг нэг мөр болгох, бүлгийн дарга, гишүүдийн эрх, үүргийг тодорхой болгох, хэрэв бүлгийн нийт гишүүдийн олонх бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох талаар санал нэгдвэл, шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлснийг нэгдсэн хуралдаанд сонсгосноор эрх, үүрэг хэрэгжих зохицуулалтыг Монгол УИХ-ын тухай хуульд нэмж тусгах зайлшгүй шаардлагатай байгааг дурдлаа.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд Ардчилсан намаас 11 гишүүн сонгогдож, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг УИХ-ын даргад бичгээр ирүүлснийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын дарга танилцуулсан. Ийнхүү Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хуульд заасны дагуу байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв  
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй