
Ном бол өөр ертөнц, өөр амьдрахуй юм. Номын өргөн далайг гатлахын тулд бидэнд "завь" хэрэгтэй. Хүн бүр сонирхлынхоо дагуу төрөл бүрийн ном уншдаг. Яруу найргийн, уран зохиолын, бизнесийн, түүхийн, ёс уламжлалын гэх мэтчилэн нэрлэвэл олон. Номын өргөн далай руу нэгэнт эргэлт буцалтгүй орсон хүнд буцах зам үгүй. Улам шимтэн уншдаг билээ. Тэгвэл та бүхэнд номыг уншихдаа ямар зүйлийг дадал болгох талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
- Өдөрт 30 минутын давтамжтайгаар дөрвөн удаа унших. Өглөөний цайны дараа, өдрийн хоолны өмнө, оройн хоолны өмнө, шөнө унтахынхаа өмнө уншиж хэвших.
- Ном уншихдаа ая тухтай байдлаа хангах. Гэр болон ажлын байрныхаа аль нэг хэсэгт ном унших ая тухтай орчныг бүрдүүлэх. Ингэснээр аливаа зүйлд сатаарахгүйгээр номынхоо утгыг ойлгоно.
- Тэмдэглэл хөтөлж хэвших. Тэмдэглэл хөтөлснөөр номыг уншаад хагас дутуу ойлгосон зүйлээ бүрэн гүйцэд ойлгох боломжийг өөртөө олж авдаг.
- Өөртөө өндөр зорилго тавих. Энэ жил би 60 ном унших ёстой гэдгийг өдөр бүр өөртөө сануулах. Хэт өндөр зорилго тавьж байж түүнийхээ 70 хувийг гүйцэтгэдэг.
- Хуучин номын дэлгүүрээр явах. Хуучин номыг хямдралтай үнээр худалдаж авах нь эдийн засгийн хэмнэлттэй байдаг. Мөн худалдаанд байхгүй болсон олон сайхан номыг олж унших боломжийг бүрдүүлдэг.
- Номын сангийн өдөртэй болох. Хуучин номын дэлгүүрээр явахаас илүү хэмнэлттэй арга бол номын санд очиж ном уншдаг өдөртэй болох явдал юм. Хэмнэсэн мөнгөөрөө ном ав. Боломжтой бол долоо хоног бүр номын санд суудаг өдөртэй бол.
- Номыг уншихдаа эрүүл аюулгүй байдлаа хангах. Нүднээсээ 35-40 см зайд, 15 градус налуу байрлуул. Ширээний болон цонхны гэрэл хүний зүүн гар талд байрлаж, нүүр, нүдэн дээр биш номон дээр тусаж байхаар байрласан байвал сайн. Гэрэл хэтэрхий хурц биш 15-30 лааны /ваттын/ чийдэн байвал тохиромжтой байдаг. Гэрлийн өнгө даруухан, чимээ шуугиангүй, 18 хэмээс илүүгүй дулаан, цэвэр агаартай өрөөнд ном уншихад хамгийн тохиромжтой. Ширээний гэрэл хэтэрхий ойр биш, жигд байх шаардлагатай.
- Номыг уншихдаа өмнөх үгийг нь заавал уншиж байх. Ингэснээр номынхоо гол утга санааг ойлгож, тухайн сэдвийг хамарсан байдалтай танилцана. Дараа нь гарчгуудыг заавал харах хэрэгтэй.
- Чин сэтгэлээсээ ойлгож унших. Ном бүр янз бүрийн ертөнцийг өөртөө агуулж байдаг. Сэтгэлээсээ хичээнгүйлэн унших нь номынхоо үйл явдал утга санааг ойлгож номынхоо гол дүрд хувилсан мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Амьдралд чинь том өөрчлөлт гарч ч болно.
- Номыг найз шигээ хүндэлж, хайрла. Уншиж буй номоор нь хүнийг дүгнэж болно. Уншиж дуусаад бусдад худалдах, бэлэглэж ч болох юм.
Ном бол өөр ертөнц, өөр амьдрахуй юм | ||
Үзсэн: 1052 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.