Шууд Chart

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2022-05-21 11:05:11

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 07 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах дэд ажлын хэсэгт холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан байна.

Байнгын хороо хуулийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан бөгөөд хууль хяналтын байгууллагын албан хаагчид болон мэргэшсэн судлаач, эрдэмтдийн төлөөллийг оролцуулж, тэдгээрийн санал, шүүмжийг сонсчээ.

Хууль зүйн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-7 заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн гэлээ.

Ажлын хэсгээс хуулийн төсөлтэй холбогдуулан мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах, хуулийн төслийн нэр томьёог жигдлэх зэрэг зарчмын зөрүүтэй болон найруулгын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт гараагүй бөгөөд Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй