Шууд Chart

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2022-05-21 11:32:18

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн  “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хууль зүйн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76.14.3-т заасны дагуу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснийг дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн гэв.

Мөн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төслийг баталснаар гарах эерэг өөрчлөлт, тээврийн хэрэгсэлд хяналтын төхөөрөмж суурилуулснаар улсын төсөв болон иргэнээс шаардагдах хөрөнгө, мөнгөний талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт олон улсын автотээвэрт үүсэж байгаа хүндрэл, бэрхшээлүүд тус гэрээнд нэгдэн орсноор шийдэгдэх эсэх, Автотээврийн үндэсний төв болон Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо нь дээрх гэрээний биелэлтэд хяналт тавьж, зөвшөөрөл олгосноор хүнд суртал бий болж болзошгүй талаар, түүнчлэн дотоодын автотээвэр эрхлэгчид хяналтын төхөөрөмжийг суурилуулах шаардлагатай эсэх талаар асуулт асууж, хариулт авсан болно. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Энх-Амгалан нараас хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 2 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг танилцуулгад дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Б.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан нарын асуулт асуултад Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хариулсны дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Энх-Амгалан нараас төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 8.2.6 дахь заалтад “тээврийн хэрэгслийн” гэсний өмнө “хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон” гэж нэмж, 2 дахь заалтын 10.1.9 дэх заалтын “бүртгэл болон бусад холбогдох” гэснийг хасах, төслийн 3 дугаар зүйлийн “баталсан” гэснийг “батлах тухай хууль хүчин төгөлдөр болсон” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Иймд “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй