Шууд Chart

Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2022-05-21 11:38:50

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан.

Улсын Их Хуралд Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76.14.3-т заасны дагуу анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснийг Х.Булгантуяа гишүүн танилцуулгадаа дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулсан.   Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар найруулгын шинжтэй зарчмын зөрүүтэй саналуудыг гаргасан бөгөөд уг саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар асуулт асууж, хариулт авсаны дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 3 саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар төслийн 1 дүгээр зүйлийн “нэмсүгэй” гэсний өмнө хэсэг” гэж нэмж, 1 дэх заалтын 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх заалтыг 3.1.19.“хяналтын төхөөрөмж” гэж олон улсын хэлэлцээрт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон жолоочийн ажлын тодорхой хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг автоматаар, эсхүл хагас автоматаар бүртгэж, харуулах, тээврийн хэрэгсэлд суурилуулах зориулалттай төхөөрөмжийг.” гэж өөрчлөн найруулж, 9.6.3 дахь заалтын “уг картад” гэснийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарын саналыг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, төслийн 2 дугаар зүйлийг Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтын “нийтийн тээвэр,” гэсний дараа “ачаа,” гэж нэмэх” төслийн 4 дүгээр зүйлийн “хуулийг баталсан” гэснийг “хууль хүчин төгөлдөр болсон” гэж өөрчлөхөөр болов.

Ингээд “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.


Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй