
Тус чуулга уулзалтад Монгол Улсаас төр болон бизнес, хувийн хэвшлийн 500 гаруй төлөөлөгч оролцон, хоёр орны хооронд хамтран хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хэтийн төлөв болон бизнесийн салбарт тулгамдаж буй асуудлууд, хамтын ажиллагааны цаашдын олон боломжийн талаар санал, мэдээлэл солилцсон юм. Мөн чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ танилцуулан оролцсон билээ.
“Монгол-Орос: Шинэ нөхцөл байдал дахь түншлэл” анхдугаар чуулга уулзалтын үеэр Улаанбаатар дахь “Русский дом”-ын төлөөлөгч Д.Цэцэгдэлгэр болон Русский дом”-ын дэргэдэх "Suvd dance" монгол ардын болон сонгодог бүжгийн студийг үүсгэн байгуулагч, бүжиг дэглээч, бүжгийн багш Н.Сувд нар Буриад улсын Ардын жүжигчин Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит Буриад улсын Бүжгийн коллежийн захирал Доржо Васильевич Дугаржаповтой Хамтран ажиллах гэрээ үзэглэлээ.
Энэ оны хоёрдугаар сард Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн А.Базархандаев, Буриад улсын Тэргүүн Алексей Цыденовтой боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх үеэрээ энэхүү санаачилгыг дэвшүүлсэн нь ийн биеллээ олж байна.
Буриад улсын Ардын жүжигчин Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит Буриадын Бүжгийн коллеж А.Я.Вагановагийн нэрэмжит Оросын балетын академийн сургалтын хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Саяхан 60 жилийнхээ ойг тэмдэглэжээ. Жилд 140 суралцагч элсүүлж Оросын ЕБС-ийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон балетын жүжигчин, бүжиг дэглээч мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөдөг. Монгол Улсаас өдгөө тус коллежид нэг элсэгч суралцдаг бөгөөд ирэх жил балетын жүжигчин мэргэжлээр төгсөх юм байна. Түүнчлэн Буриад улсын Бүжгийн коллежид хятад, солонгос оюутнууд маш өндөр зардал, төлбөр төлж очиж суралцах хүсэлтэй байдаг ажээ.
Улаанбаатар дахь “Русский дом”, "Suvd dance" студи Буриад улсын Бүжгийн коллежтой байгуулсан Хамтран ажиллах гэрээний хүрээнд балетын бүжигчин болох сонирхолтой хүүхдүүдийн дунд Монголд сонгон шалгаруулалт зохион байгуулах, Монголын бүжиг дэглээч, багш нарыг балетын орчин цагийн заах аргазүйн сургалтуудад хамруулж мэргэшүүлэх, балетаар хичээллэж буй болон мэргэжлийн бүжигчдийг Буриад улсын балетын нэрт зүтгэлтнүүдийн мастер-классуудад хамруулах, зуны сургалтыг эко аялалтай хослуулан хүүхдүүдэд бүжгийн боловсрол олгох зэрэг маш олон боломж нээгдэх юм байна.
Буриадын Бүжгийн коллежтой хамтран ажиллах гэрээ үзэглэлээ | ||
Үзсэн: 1538 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.