Шууд Chart

Өмнөд Африкийн хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд авлигын асар их дарамттай тулгардаг

2022-06-02 09:38:36

Авлига гэдэг нь итгэмжлэгдсэн эрх мэдлээ хувийн сонирхлын үүднээс урвуулан ашиглах явдал гэж тодорхойлдог.

Хот суурин газруудад дэлхийн хүн амын дийлэнх хэсэг нь оршин суудаг болж байгаа тул хотын хэмжээнд авлигыг ойлгож, шийдвэрлэх нь маш чухал юм. НҮБ-ын мэдээлснээр 2050 он гэхэд дэлхийн хүн амын гуравны хоёроос илүү хувь нь хотод амьдрах болно. Хотын хамгийн хурдацтай өсөлт Африк, Азид болж байна.

“Шударга ёсны хотууд” төслийн хүрээнд бид Өмнөд Африк болон Замби Улсын хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд болон тэдгээрийн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласан. Энэхүү ажлын зорилго нь тэднийг авлигатай хэрхэн тулгардаг, өдөр тутмын амьдралдаа авлигатай хэрхэн тэмцдэгийг ойлгох явдал байв. Мөн бид ил тод байдал, хамтын хариуцлагыг бэхжүүлэхэд тэдний мэргэжлийн нийгэмлэг ямар бүтээлч үүрэг гүйцэтгэж болох талаар төсөөлөлтэй болохыг эрмэлзсэн.

Хотын хөгжил дэвшил дэх авлига нь олон нийтийн хэрэгцээг хангахгүй дэд бүтцийн доголдолд хүргэдэг ба олон арван жилийн турш хотын тогтолцоонд шударга бус байдлыг хадгалсаар ирсэн.

Хотын өмч хөрөнгө нь дэлхийн хэмжээнд хувьцаа, бонд болон үнэт цаасны нийлбэр дүнгээс илүү үнэ цэнэтэй бөгөөд ялангуяа эдийн засгийн тогтворгүй цаг үед хамгийн чухал хөрөнгийн ангилал юм. Хотын газар, үл хөдлөх хөрөнгөөс олж болох асар их ашиг нь дүрэм журмыг зөрчих хүсэлтэй увайгүй этгээдүүдийг татдаг.

Энэхүү нарийн төвөгтэй нөхцөлд хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд нийтийн хэрэгцээ, хувийн ашиг сонирхлын тэнцвэрийг хадгалахыг хичээж байна. Энэ нь тэднийг авлигын нөлөөнд онцгой өртөмтгий болгодог. Учир нь тэд бүсчлэлээр дамжуулан хөгжлийн эрхийг хуваарилдаг. Мөн тэд зам, сургууль гэх мэт нийтийн чухал дэд бүтцийн байршлыг шийддэг. Ийм шийдвэр нь газрын үнэ цэнэ, үл хөдлөх хөрөнгийн үнэд ихээхэн нөлөөлдөг. Тэд гэнэтийн их хэмжээний ашиг олох боломжтой юм.

Дарамтан дор

Бидний хийсэн онлайн судалгаагаар Өмнөд Африкийн 113 хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийн бараг тал нь буюу 46 хувь нь тодорхой үр дүнд хүрэхийн тулд төлөвлөлтийн дүрэм, бодлого, журмыг үл тоомсорлож, зөрчихийг дор хаяж нэг удаа асуусан гэж хариулжээ.

Үүнтэй төстэй хувь буюу 43% нь хамтран ажиллагсад, удирдах албан тушаалтнууд эсвэл ахлах албан тушаалтнууд өөрсдийнхөө удирдаж буй үйл ажиллагааг төлөвлөх хувийн сонирхолтой байдгийг харуулж байна.

Замби Улсын 98 мэргэжилтний хувьд эдгээр тоо бүр ч өндөр буюу 73 хувь нь шийдвэр гаргахдаа аль нэг намд давуу эрх олгохыг хүссэн байна.

Хоёр орны хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд улс төрийн хөндлөнгийн оролцоо нь мэргэжлийн шударга байдлыг хадгалахад гол саад болж байна гэж үзжээ. Энэ нь Замби Улсын мэргэжилтнүүдийн хувьд илүү нийтлэг гомдол байв.

Өмнөд Африкийн мэргэжилтнүүдийн хувьд хамгийн орон нутгийн засаг захиргааны чадавх, үр ашиг дутмаг  байгаад хамгийн их санаа зовж байсан. Улстөрчид хяналтыг ойлгодоггүй. Хяналт, хөндлөнгийн оролцоо хоёрын хооронд маш нарийн зааг байдаг бөгөөд энэ хоёрыг ялгаж салгаж чаддаггүй гэжээ.

Мэргэжлийн шударга байдлыг төлөвшүүлэх

Хоёр орны хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийн дийлэнх нь газар нутгийг ашиг сонирхлын зөрчилтэй бүлэглэлүүд байнга булаан авч, шийтгэл хүлээдэггүй гэж үздэг. Тиймээс Өмнөд Африкийн мэргэжилтнүүдийн ердөө 15 хувь нь хотын бүтээн байгуулалтаас олон нийт буюу нийгмийн ядуу бүлгүүд хамгийн их ашиг хүртдэг гэж үзсэн байна. Эндээс бидний олж мэдсэн зүйл нь Африкийн бие даасан судалгааны сүлжээ  болох “Afrobarometer”-ийн сүүлийн үеийн тоо баримттай нийцэж байна.

Өмнөд Африкийн нийт иргэдийн 67 хувь нь баячууд өөрсдөд нь хамааралгүй газрыг хуурамчаар бүртгүүлэхийн тулд албан тушаалтнуудад хахууль өгч хууль бус үйл ажиллагаанаас мултрах магадлал өндөр гэж үздэг нь тогтоогджээ.       

Эцэст нь, Өмнөд Африк болон Замби Улсын хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд одоогийн мөрдөж буй авлигатай тэмцэх арга хэмжээг үр дүнтэй гэдэгт итгэх итгэл бага байгааг харуулжээ. Хот төлөвлөлтийн зарим арга хэмжээ нь "бодит байдлаас гадуур" гэсэн хандлага давамгайлж байв. Мөн тэд ёс зүйн зарчмын дутагдлыг ямар ч журам нөхөж чадахгүй гэж үзсэн. Алдарт олон нийтийн харилцааны мэргэжилтэн, хотын захиргааны ажилтан асан Криспиан Олвер манай олон нийтийн дугуй ширээний ярилцлагуудын нэгэнд онцлон тэмдэглэснээр:

Шударга бус хүмүүсийн удирддаг ил тод систем ч ялгаагүй ялзардаг.

Гэсэн хэдий ч Өмнөд Африк, Замби Улсын хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийн дийлэнх нь ажилдаа олон нийтийн хүсэл зорилгын төлөө гэсэн хүчтэй мэдрэмжийг мэдэрсэн хэвээр байна. Энд бидний мэдээлэл нь олон нийттэй харилцах судлаач Вэнди Хэйс болон Бет Газли нарын дэвшүүлсэн санаа буюу мэргэжлийн нийгэмлэг нь эерэг үнэлэмжийн тогтолцоог хэрэгжүүлэхэд тусалж, улмаар авлигатай идэвхтэй тэмцэхэд тусалдаг гэсэн санааг баталж байна.

Хоёр улсын санал асуулгад оролцогчид ёс зүй, шударга байдлын талаарх мэргэжлийн сургалтыг тус тусын мэргэжлийн байгууллагаас авах нь нэн тэргүүний арга хэмжээ гэж үзсэн. Гэсэн хэдий ч мэргэжилтний шударга байдлыг бэхжүүлэхийн тулд зохих тактик, арга хэрэгслийг ашиглахаасаа өмнө орон нутгийн төлөвлөлтийн нөхцөл байдал, авлигын тодорхой дарамтыг ойлгох нь чухал гэдгийг бидний судалгаа харуулж байна.

Хамтын хариуцлага

Бидний судалгаагаар хотын авлигатай тэмцэхэд мэргэжилтний шударга байдал чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулж байгаа ч хувь хүний зан төлөвийг өөрчлөх нь тив дэх хотын авлигыг шийдвэрлэхэд хангалтгүй гэдгийг бид бас хүлээн зөвшөөрч байна. Хуучирсан хот төлөвлөлтийн хуулиудын эрх зүйн шинэчлэл, төрийн албаны шинэчлэл, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.

Гэсэн хэдий ч мэргэжлийн нийгэмлэг нь хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийн хамтын хариуцлагыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, хотын бүрэн бүтэн байдлыг авч үлдэхэд нь дэмжлэг үзүүлэх боломжтой гэж бид үзэж байна.

Эх сурвалж: https://theconversation.com


Өмнөд Африкийн хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд авлигын асар их дарамттай тулгардаг  
Үзсэн: 445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй