Шууд Chart

Л.Лхамсүрэн: 100 айлын барилгын материалын жижиглэнгийн дэлгүүрийг анхлан нээж байлаа

2022-06-02 15:36:38

“Хөдөлмөр хүнийг бүтээнэ” гэдэг сайхан үг бий. Энэ үгний гэрч гэж хэлж болохоор нэгэн эрхэмтэй танилцсан минь ярилцлага хийх сэдэл болов. Түүнийг Лувсандашийн Лхамсүрэн гэнэ. Гарал угсаа Ховд аймгийн Дарви сумынх боловч тавхан сартай өлгийтэй байхдаа аав, ээждээ тэврүүлсээр нийслэлийн хүн болжээ. Сантехник, барилгын инженер мэргэжилтэй тэрбээр Монгол Улсад барилгын материалын жижиглэнгийн худалдааг эхлүүлсэн байна. Мөн маш олон мод тарьсан, үр хүүхэд ажилчдынхаа гарыг ганзаганд, хөлийг нь дөрөөнд бат хүргэсээр байгаа түүний яриа залуучууд бидэнд их зүйл бодогдуулахаар байна. “Заяагүй хүн гэж угсаа гаралгүй ядуу хүнийг хэлдэггүй юм. Залхуу, арчаагүй, мунхаг хүнийг л хэлдэг” гэж Ч.Лодойдамба агсны бичсэн “Тунгалаг тамир” киноны зохиолд Итгэлт баяны дүрээр дамжуулж хэлсэн байдаг. Энэ үг Л.Лхамсүрэн гуайн туулсан амьдрал нотлох шиг санагдсанаа нуух юун.

-Таныг улсдаа олон үйлдвэр барьж, улсын комисст хүлээлгэж өгсөн гэх юм билээ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-МУИС-ийн сантехник, барилгын инженер мэргэжлээр 1973 онд төгссөн. Бидний үед сантехник, барилга, цахилгааны инженер, ус хангамж гэсэн мэргэжлийг зэрэг эзэмшиж төгсч байлаа. Харин одоо дөрвөн өөр салбар болсон байна билээ. Нийслэлийн 18 дугаар сургуулийг 1965 онд төгсөөд Аж үйлдвэрийн комбинатын засвар механикийн үйлдвэрт найман жил, зургаан сар, 14 хоног ажлаад “АПУ”-гийн үйлдвэрийг улсын комисст хүлээлгэж өгсөн. Тэгэхдээ ундаа, архи, пивоны цех, спиртийн үйлдвэртэй хамтад нь гүйцээж өгсөн дөө. Бүр бүх тоног төхөөрөмжийг нь суурилуулж, сарын хугацаанд туршиж байгаад хүлээлгэж өгөхдөө Польш Улсын мэргэжилтнүүдтэй хамтарсан. Аж үйлдвэрийн комбинатын засвар механикийн үйлдвэрт би дээрх хугацаанд ажиллахдаа улсдаа зургаан үйлдвэр барилцаж өгсөн. Тухайн үед том ажил хийлээ гэж бодоогүй.

-Тодруулбал ямар ямар үйлдвэр барьсан бэ?

-Нэхмэлийн үйлдвэр. БНХАУ-ын тоног төхөөрөмжтэй байсныг нь ОХУ-ыхтай сольж, шинэчилсэн. Мөн Ноос угаах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сольж, Гутлын үйлдвэрийн зөвхөн тоног төхөөрөмжийг биш барилгыг нь өргөтгөж босгосон. Энэ үйлдвэрийг 1935 оны үед Оросууд барьсан дан үйлдвэр буюу ажлын гутлын цехийг Чехүүдын хоёр давхар барилгын тоног төхөөрөмжид тулгуурлаж өргөтгөж тоноглосон. Дараа нь Адууны ширний, Шврейд, Шовроны, Засвар угсралтын үйлдвэрийг барьсан. Энэ бүхнийг барьсны дараа надад дээд сургуульд орох эрхийн бичиг гардуулсан. Тухайн үед Арьс ширний үйлдвэрт л гэхэд 16 мянган ажилтан байлаа. Тэр олон хүн бүгд их, дээд сургуульд орох хүсэлтэй. Ээлж дарааллаар шалгалт өгөхөө хүлээдэг байв. Харин намайг “Ээлж дараалалгүйгээр шалгалтад орж болно” гэсэн үнэмлэх өгсөн. Тэр маш том шагнал.

-Аж үйлдвэрийн комбинатын засвар механикийн үйлдвэрт ажиллаж байхдаа дээд мэргэжил эзэмшээгүй байсан гэсэн үг үү?

-Тийм. Дээрх шалгалтад орох эрхийг авсан хүн чинь дунд сургуулийнхаа хичээлийг давтах хэрэгтэй болно биз дээ. Тэгэхээр нь аравдугаар ангийн тооны хичээлээ үзлээ бардаггүй. Ес, наймдугаар ангийн хичээлээ ч үзлээ. Бас л чаддаггүй. Тэгэхээр нь манай байранд амьдардаг Смернов гэдэг дунд сургуулийн мундаг Орос багш байсан юм. Тэр багшид учраа хэлэхэд “За тэгвэл хоёулаа тавдугаар ангийн хичээлээсээ эхэлье” гээд заасан. Тэгэхдээ “Би чамд долоо хоногт нэг л удаа хичээл заана” гээд бидний багш, шавийн харилцаа эхэлсэн дээ. Тухайн үед би сантехникийн слесарийн ажилтан байсан тул тэр болгонд тоогоо бодоод суух зав гарахгүй. Тиймээс ажлынхаа цайны цагаар боддог болов. Гэр бүлийнхээ хүнтэй нэг гэрт ороод дөнгөж эхэлж байсан үе. Эхнэр 16:00 цагт ажилдаа явж, шөнийн 01:00 цагт гэртээ ирнэ. Учир нь намайг хичээл давтуулахын тулд таван жил тасралтгүй шөнийн ээлжид ажилласан юм. Анх танилцахдаа мяраалаг цагаан охин байсан бол хүүхэд гаргасныг ч хэлэх үү таван жилийн дотор 42-хон кг жинтэй болж турсан байсан. Энэ байдлаар явсаар байгаад конкурсын шалгалт эхэллээ. Смернов багш надад “Чи математик, физик, хими гэсэн гурван хичээлийн шалгалтыг хангалттай өгөхөөр болсон шүү” гэв. Ингээд 200-гаад хүүхэдтэй хамт шалгалтад орлоо. Миний нэг сул тал байдаг юм.

-Ямар ...

-Өөртөө бардах зан. Тэр шалгалтад маш хялбар материал ирсэн. Эхлээд математикийн шалгалт авлаа. Би төд удалгүй бодчихоод хамгийн түрүүлээд “Багшаа болчихлоо” гэхэд “Чи ямар янзын хүүхэд вэ. Дахиад сайн бодоод сууж бай” гэдэг юм байна. Би ч дахиж шалгалаа, яалт ч үгүй зөв өө. Тэгээд багшдаа хураалгачхаад гэртээ ирж дахиад бодтол алдчихсан байсан. Тэгэхээр нь дээд математикийн багш Цэдэндамбаа багшид хүнээр яриулж уулзаад учир байдлаа хэллээ. Тэгсэн Цэдэндамбаа багш “Яг ямар бодлого байсныг нь бичээд аль” гээд бичүүлж, дахиж бодуулсан. Тэгсэн багш “Болж л байна шүү дээ. Яарч, бардамнаснаасаа л болсон байна” гээд шалгалт авч байсан Санжмятав багштай уулзаж “Энэ нөхөр яарснаасаа болж нэг бодлого дээрээ тэмдэг алдсан байна. Сая шалгалт авсан таван бодлогоо надад бүгдийг нь зөв бодож үзүүллээ” гэхэд Санжмятав багш дахиад таван бодлого нэмж, нийтдээ 10 бодлого бодуулахад нь ганц ч алдалгүй бодоод өгөв. Санжмятав багш шалгалтын комиссын дарга байсан учир миний байдлыг харчхаад “За яах вэ, чи сур. Гэхдээ би чамайг эхний улиралд бардам онц дүн авч чадахгүй бол сургуулиас хөөнө шүү” гэдэг юм байна. Ингээд би эхний улирлын таван шалгалт, дөрвөн шалгалтанд орох эрхтэй нийлээд есүүлэнг нь онц өгч тэнцсэн. Тэгж л ах нь их сургуулиа таван жил сураад төгссөн хүн дээ.

-Төгсөөд хаана ажиллаж эхэлсэн бэ?

-Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний яаманд хоёр хуваарь гарсан байсан ч очих хүн байхгүй байлаа. Учир нь асар их хүнд ажил л даа. Тодруулбал, аймгийн төвүүдийг төвлөрсөн халаалтын систем, халуун, хүйтэн ус, цэвэр, бохирын усны системтэй болгодог ажил юм. Би тэнд оров. Улсын бүгд хурлын шийдвэрээр 21 аймаг, хоёр хотыг тэгж шийдэх ёстой гээд бужигнаж байсан үе. Намайг хамгийн түрүүнд Төв аймгийн төв рүү явууллаа. Би ч ажлаа хийсэн шиг хийж, ЗХУ-ын мэргэжилтэн Суворов багшид шалгуулж, халаалтыг нь тавьсан. Дараа нь яамнаас Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймаг руу шилжсэн. Тэр ажил одоо хүртэл үргэлжилж байна. 1990 оны хоёрдугаар сарын 2-нд Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах ерөнхий газар гэж байхад нийслэл хотод 486 орон сууцтай байлаа. 1-5 давхар л барилга байсан. Үүнээс гадна цэцэрлэг, сургууль, зочид буудал нэмэгдээд 624 тооны барилга байв. Эдгээрийг нийтийн халаалттай холбосноор 37 уурын зуух хаагдсан. Нэг уурын зууханд 40-өөд хүн ээлжээр ажилладаг байсан. Харин нийтийн халаалттай холбочихлоор нэг л жижүүр ажиллана. Тэгэхээр улсын төсвөөс маш их хэмнэж байгаа биз дээ. “Нэг өвлийн хэмжээнд 27 сая төгрөгийн хэмнэлт хийгдлээ” гэсэн мэдээ нам засгийн сонинд ч гарсан байсан. Тухайн үеийн тэр хэмжээний мөнгө бол асар ихэд тооцогддог байлаа шүү дээ. Харин дээрх тооны хаасан уурын зуухны тоног төхөөрөмжийг хөдөө явуулж ашигласан. Орон нутагт бол хуучнаараа ажиллаж байсан юм.

-Дээрх зургаан үйлдвэрийг ажилд оруулахдаа та их сургуульд ороогүй байжээ. Тэр их ажлыг хаанаас сурсан байсан бэ?

-Чех, Польш, Оросуудыг дагаж ажиллаж байсан болохоор ямар ч инженерээс илүү болсон. Их сургуульд 23 настайдаа орсон. Сургуульд орохоосоо өмнө үйлдвэр барилцсан гэхээр 18 наснаасаа эхэлсэн гэсэн үг.

-Ажил гүйцэтгэж байхад хамгийн хэцүү зүйл гэвэл юу байсан бэ?

-1966 оны үеэс Аж үйлдвэрийн комбинетийн бохир усны шугам бөглөрөөд явдаггүй ээ. Ноос нэхмэлийн үйлдвэрээс гараад ажлын гутлын үйлдвэр, том ширний үйлдвэрээр дамжсан шугам гэсэн үг л дээ. Тэрийг цэвэрлэх ажлыг Түмэндэмбэрэл гэдэг нөхөртэйгээ хамт гүйцэтгэдэг байлаа. Тусгай цэвэрлэх багаж, төхөөрөмж байхгүй учир нормын берзейнтэн өмд, цамц өмсөөд л шумбаад орчихно. Бохирын ус эрүүнд тулаад ирнэ. Тэр дотор зөвхөн ноос, ширний хаягдал биш хүний ялгадас ч хөвдөг. Урсаад хүрээд ирвэл гараараа түлхчихээд л бөглөөсөө ухна. Үнэр танар гэж тамтаггүй. Бид хоёрыг нэг өдөр тэр байдлаар ухаад зогсч байтал Арьс ширний нэгдлийн даргаар ажиллаж байсан Дангаа гуай хүрч ирээд байдлыг харчхаад буцаад алхлаа. Тэгснээ хэсэг байж байгаад 40-ийн бидонтой ус нэг ажилтантайгаа дамжилдаж ирээд “За хүүхдүүд минь энэ усаар гар нүүрээ угаачхаад энүүнээс ид” гээд баахан хуушуур аваад ирсэн байв. Бид хоёр ч нэлээн идлээ. Тэгсэн дарга “Таван минут ч гэсэн хуурай хувцастай бай даа” гээд оёдлын хувцасны үйлдвэрээс сэлгэх хувцас авч ирж өгөв. Дээр үеийн дарга нар ажилчиддаа тэгж сайхан сэтгэл гаргадаг байсан даа.  

-Ийм мэргэжлийн сонгох болсон шалтгаан юу байсан бэ. Тооны хичээлд сайн байсных уу?

-Их сургуульд орохдоо математикийн ангид орох зорилготой байсан юм. Мөн дунд сургуулиа төгсөөд очсон ажил маань Аж үйлдвэрийн комбинатын цэвэр, бохир усны шугам цэвэрлэхээс эхэлсэн гэж дээрх хэлсэн дээ. Үндсэндээ сантехникийн үйлдвэрийн бригадад орсон гэсэн үг. Тэр газар ажиллаж байсан Болд гэдэг хүнтэй том ах Базаррагчаа маань утсаар холбогдож, “Би дүүгээ явууллаа. Наанаа ажилд оруулж тусална уу” гэсэн юм билээ. Болд гэдэг хүнтэй ах Москвагийн их сургуульд хамт сурч байсан учир илүү дотно байж. Ингээд Болд ах намайг үйлдвэрийн дарга Махбал гэдэг хүнтэй уулзуулж, сантехникийн слесарийн ажил өгсөн. Гэвч юун слесарь байх вэ, дандаа бохир ус цэвэрлэх байдаг байгаа (инээв,сурв). Сантехникийн ажлаараа тэр цагаас хойш 57 жил ажиллаж байна. 1993 оны арванхоёрдугаар сарын 26-нд Улаанбаатар хотын барилга засварын нэгдсэн тес гэдэг байгууллагын даргаар томилогдсон.  

-Таныг 100 айл дахь барилгын худалдаан анх нээсэн гэдэг юм билээ ...

-Тийм. Барилгын салбараар улсдаа 52 жил хөдөлмөрлөсний 47 дахь жил нь энэ хонхорт буюу 100 айлд өнгөрч байна. 1990 оны эхэн үед “Сутай” компаниа байгуулж, барилгын материал зардаг дэлгүүр нээсэн. Компаниа байгуулахаас өмнө хотын даргаас эхлээд олон хүн “Алив Лхамаа таван литр будаг олоод өгөөч” гээд ирдэг. Тэгсэн хэрнээ манай улсад бага хэмжээгээр будаг зардаггүй байлаа. Гэвч хэрэгцээ нь байгаад байдаг. Улаанбаатар хотын намын хорооны дарга Б.Алтангэрэл гуай л надаас юм гуйгаагүй. Бусад нь бүгд будаг гуйсан. Харин би барилгын бригадын дарга нараас гуйж өгнө. Тэр үед дандаа 100-гаас дээш литрээр зарагддаг байсан юм. Тэдний гол гуйдаг зүйл нь будаг, цонхны шил. Тэр мөчөөс би барилгын материалын худалдаа хийх санаагаа олсон. Тэгэхдээ Хотын захиргааны хорооны тэргүүлэгчийн хуралд уг санаагаа хэлтэл “Барилгын материалыг жижиглэнгээр зардаг улс гэж байхгүй” гээд зад загнуулаад гарсан. Гэтэл тэр жилийн өвөл Германд болох хүндийн өргөлтийн ДАШТ-д явах хэрэг гарлаа. Би энэ спортын талын хүн байв. Тэмцээний үеэр нэг том дэлгүүрт орсон чинь Монголд хүмүүсийн хайгаад байдаг зүйл бүгд жижиглэнгээр зарж байна аа. Тэр дэлгүүрийн захирал нь Эдмон гэдэг нөхөр байна. Орчуулагч Энхтуяагаараа дамжуулж, “Би таны бүх зардлыг хариуцъя. Та манай улсад ирээч” гээд Монголд ирүүлэхээр болов. Намар нь ч ирлээ. Би захаар дагуулж яваад бодит байдлыг харуулахад “Танай улс иргэдийнхээ өргөн хэрэгцээний барааг яагаад жижиглэнгээр хангадаггүй юм бэ” гээд гайхах нь тэр. Тэгэхээр нь түүнийг Хотын захиргааны хорооны тэргүүлэгчийн хуралд дагуулж ороод учир байдлаа хэллээ. Ингээд би барилгын материалын анхны жижиглэнгийн дэлгүүрээ Монголдоо нээж байлаа. Ачаалал дийлдэхээ байгаад ирэх үед үүдэндээ 10 шил зүсэгч зогсоож ажлуулсан. Авах хүмүүсийнх нь дараалал ч уртаас урт үргэлжилчихнэ. Нэг зүйл хэлэхэд манай компанид төрсөн ах дүү таван хүн ажилладаг. Хамгийн анх том ах нь ажилладаг байсан бол дараа нь дүү нараа оруулсан. Хэрвээ би муу хүн байсан бол ах нь дүү нараа надад даатгаад ажлуулах уу. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ч би зөв ажиллаж байгаа гэж бодож байгаа. Эмэгтэй дүүгээ ч ажилд оруулж байсан хүн бий.  

-Танай үндсэн худалдаа будаг, шил юм уу?

-Эхэн үедээ тийм байсан. Одоо манайх 600 гаруй нэр төрлийн барилгын материалын худалдаа эрхэлж байна.

-Хэдэн ажилтантай вэ?

-“Сутай” дэлгүүрт 20, “Чандмань” дэлгүүрт 30-аад, “Бумбат” дэлгүүрт 70, “Барилгачин” дэлгүүрт 100 хүн ажиллаж байна. Дээрээс нь малчин, мод услагч гээд нэмэгдэнэ. Хөгшин бид хоёр саяхан тооцоо гаргахад 230 гаруй хүний алга дээш нь харуулж байна уу даа гэж тоолсон. Тэднийгээ гэр бүлийнхэнтэй нь тооцвол дунджаар 1000 хүн байна. Хүүхдийн баяраар хүүхдүүдэд нь бэлэг бэлдэхээр 400 орчимд хүрдэг болохоор багцаа бий л дээ. Манайд анх ажиллахдаа ганц бие байсан залуу өнөөдөр өвөө болоод ач зээгээ хөтлөөд явж байна. Нараа гэдэг бүсгүй хүнтэй суугаагүй байхдаа л манайд ажилтнаар орсон. Одоо нөхөр, хүү охинтойгоо дөрвүүлээ ажиллаж байна. Хүн сайтай сайхан залуучууд байдаг юм.  

-Компаниа “Сутай” гэж нэрлэсэн болохоор чинь таныг Говь-Алтай аймгийнх болов уу гэж бодож суулаа ...

-Сутай уулыг ярихаар хүмүүс тэгж боддог нь элбэг. Энэ хайрхан гурван аймаг, таван сумын нутагт үргэлжилдэг. Урд талаасаа Говь-Алтай аймгийнх юм шиг хирнээ хойд талаасаа Ховд аймгийн Дарви суманд 95 хувь нь хамаарагддаг. Би олон ястны өлгий Ховд аймгийн Дарви суманд төрсөн.  

-Та эхээс хэдүүлээ вэ?

-Долоолуулаа. Ээжийн маань ахын гурван хүүхэд өнчирч хоцорсноор үрчилж авч, ам бүл 12 болсон. Аав, ээж маань бурхан шиг хүмүүс байсан. Манайд ажил хийдэг хүн зөвхөн ээж. Аж үйлдвэрийн комбинатаас Толгойтын төв түүхий эдийн бааз руу ажилдаа явна. Талдаа 20 орчим км зам туулна. Сарын цалин нь 500 төгрөг. Би ургийн номондоо “Ээж маань ганцаараа ажил хийж биднийг тэжээдэг байсан” гэж бичсэн юм. Ээжийг бурхан болоход аав бидэнд амьдралаа ярихад ээж биш аав минь биднийг тэжээж байсан юм билээ. Ээжийн авч ирсэн 500 төгрөгөөр аав Барилгачдын талбайд байршиж байсан махны дэлгүүрээс үхрийн нэг толгой хэл, багалзууртай нь таван төгрөгөөр. Хэл, багалзуургүй бол гурван төгрөгөөр худалдаж аваад бидэнд хоол хийж өгнө. Дараа нь ясыг нь чанаж тос гаргаад бин хайрдаг байлаа. Аавын олж байсан мөнгийг би дараа нь бодож үзсэн чинь ээжээс гурав дахин ихийг олдог байсан юм билээ. Үүнийг яаж тодорхойлсон бэ гэхээр тэрхүү толгойг шулж хуушуур хийгээд Энхтайвны гүүрний урд талын Дунд голд байсан модон гүүр дээр зогсч зардаг байсан. Тэр хавьд 200 орчим айл байдаг байсан юм. Хүмүүс орой ажлаа тараад харих замдаа ааваас бэлэн хуушуур худалдаж аваад явна. Аавын зогсож байсан газраас хойхно талд миний төрсөн хоёр эгч боорцог хийгээд зарна. Тэр хоёр эгч хожим эмнэлгийн ерөнхий эмч, боловсролын салбарт насаараа ажилласан. Гуравдугаар цахилгаан станцын суурин дээр малын зах байсан юм. Аав заримдаа тэндээс хонь худалдаж авна. Эр төлөг 25, эм нь 20 төгрөг байв. Надаар өнөө төлгөө хөтлүүлээд өөрөө араас туугаад гэртээ ирдэг байж билээ. Тэр төлгөө муулаад долоон хөл мах болгож өнөө гүүр дээрээ зарахдаа нэг хаа эсвэл гуяыг нь таван төгрөг. Үүнийг долоон хөлөөр нь нэмэхээр 35 төгрөг болж байгаа биз. 20-25 төгрөгөөр авсан хониныхоо зөвхөн махнаас нь 10-15 төгрөгийн ашиг гаргаж байгаа юм. Харин гэдэс дотрыг нь бид иднэ. Арьсыг нь надаар Дунд голд угаалгаж, хашаанд тэлж хатаагаад манай урд талд байдаг байсан баян Бадарч гэдэг хүний агентад таван төгрөг 20 мөнгөөр зарна. Тэгэхээр нийтдээ 40 төгрөг 20 мөнгө болж байгаа биз. Нэг хониноос л тэгж их ашиг гаргаж байгаа юм. Тэгэхээр биднийг ээж биш аав тэжээж байсан байгаа юм.

-Таны өнөөдрийн хөдөлмөрч байх зан чанар аав ээжээс тань илүү сууж дээ ...

-Тийм. Би багадаа зарим айлын хүүхэд шиг унадаг дугуй унаж, хөгжим сонсоод гүйж байгаагүй ээ. Багаасаа л хөдөлмөрлөж сурсан. Өөрийн гараараа машин угсарч унаж ч байлаа. Машинд мөн ч их юм ордог юм билээ шүү.  

-Хүндийн өргөлтийн талын хүн гэж та дээр хэлсэн. Үүнийгээ тодруулж ярихгүй юу?

-Би хүүхэд байхын л биерхүү байсан. Наймдугаар ангид орсон жилээ хүндийн өргөлтөөр хичээллэсэн юм. Тэгэхэд 82 кг жинтэй байлаа. Хот, улсын аварга ч болж байсан. Гэдсэндээ хагалгаа хийлгэснээр спортоо яалт ч үгүй орхисон доо.

-Таныг маш их мод тарьсан гэж сонссон ...

-Таван төрлийн мод хашаан дотроо тарьсан. Одоогоор 726 ширхэг мод тарихдаа найман жил зарцуулжээ. 20-25 см урттай суулгацыг манжуураас захиалж авч ирүүлсэн. 400 модны суулгац захиалахад ахмадын зөвлөлийнхөн нь “Монголоос сүүлийн 40 жил 400 битгий хэл дөрвөн модны суулгац авъя гэсэн хүн ирээгүй. Тиймээс энэ хүний модыг хил хүртэл хүргэж өгөөрэй. Хүргэлтийн зардал ч авахгүй” гэсэн байна билээ. Жолоочид нь би хоолны мөнгө ч болтугай өгье гэсэн чинь аваагүй. Одоо эдгээр мод 7-8 метр болж ургасан байна. Хашааны хэмжээ 260х240 метр кв. Хашааныхаа өвсийг хадахад жилд ЗИЛ-130 машинаар зургаан удаа гарна. Тэр өвсөө өвөл болохоор адуу, хониндоо өгчихнө. Тэгэхээр хадланд бараг гарах шаардлагагүй болдог. 20-25 см-ын модны суулгацын үнэ одоогоор 35 мянган төгрөг болсон байна билээ. Намайг авахад найм орчим мянга байсан.

-Танай хашаа хаана байдаг юм бэ. Сонирхсон хүн байвал харах байх ...

-Улиастайн аманд манай хашаа, гэр байдаг. Арван ханатай гэрийнхээ модыг өөрөө сийлж барихдаа дөрвөн жил зарцуулсан. Тавдугаар ангид сурч байхдаа Монголын пионерийн ордонд Довдов гэдэг багшийн удирдлага дор сийлбэрийн дугуйланд сурч байсан юм. Тэр маань бүр хожим хэрэг болдог юм байна. Дараа нь зөвхөн өөрийгөө гэлгүйгээр дөрвөн хүүхдэдээ ч байшин барьж өгсөн. Дөнгөж амьдралд хөл тавьж байгаа залуучуудад мөнгө байхгүй учир бүгдийг нь дуудаж өмнөө суулгаад “Миний хүүхдүүд хүн шиг амьдрах ёстой. Аав ээж нь та нарт тус бүр 20 сая төгрөг өгье. Үүнийг өөр зүйлд зарцуулалгүйгээр байшин барьж амьдраарай” гээд өгсөн. Бид нэг хашаанд хамтдаа байдаг. Одоо цагт хүүхдүүддээ энэ хэмжээний мөнгө өгдөг хүн ховор байх шүү.

-Ярилцсанд баярлалаа. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Л.Лхамсүрэн: 100 айлын барилгын материалын жижиглэнгийн дэлгүүрийг анхлан нээж байлаа  
Үзсэн: 2162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй