Шууд Chart

Л.Лхагвадулам: Миний аав ард иргэд, цэргүүдээсээ “Залуу жанжин”, “Улсын Баатар” цол хүртсэн

2022-07-22 11:18:30

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой энэ жил тохиож байна. Тус ойг тохиолдуулан MNB.mn сайт МҮОНРТ-ийн ахмад уран бүтээлчид, ажилтнуудын “8855” цуврал ярилцлагыг хүргэж байгаа билээ. Бид энэ удаад

 -Юун түрүүнд танд удахгүй тохиох Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Үндэсний Радио, телевизийнхэндээ баяр хүргэе.  Намайг “8855” цувралдаа урьж ярилцаж байгаад баярлалаа.

-Ярилцлагаа таны аавын тухай асуултаар эхэлье гэж бодлоо.

-Миний өмнөх болон миний үеийнхэн, миний дараагийн 1950-1970-аад оны үеийнхэн манай аавыг сайн мэднэ. Одоогийн залуус сайн мэдэхгүй байж магадгүй. Яагаад Залуу жанжин гэдэг гэхээр Монгол ардын хувьсгалт цэргээ Халх голын фронт дээр удирдаж байх үедээ 27-хон настай байлаа. Энэ нэрийг аавд цэрэг, олон түмэн хайрласан  юм. Миний аав  Жамъянгийн Лхагвасүрэн Булган аймгийн Сайхан сумын хүн. Нагац ахаараа бичиг үсэг заалгаад орон нутагт нь танхимын сургууль нээгдэхэд анхны сурагчдын нэг болж элсэж төгссөн. Тэр үед бичиг үсэгтэй хүн ч цөөхөн байж. Тал бичээчээр ажлын гараагаа эхэлж удалгүй бичээч болж, яам, Тамгын газар ажиллаж байсан юм билээ. Тэр үед  албан бичгийн маш нарийн дэг, соёлтой байсан. Одоо цагт ч тэр дэг, соёлыг дэлгэрүүлж нэвтрүүлэх ёстой гэж санагддаг.

Аав 1932 онд сайн дураараа цэргийн албанд мордоод Дорнод аймгийн Тамсагбулагт цэргийн алба хаахдаа цэргийн эрдэмд мэрийж сурсан гэдэг. Мөн бичиг үсэгтэй гэдгийг нь мэдчихвэл бичгийн ажил түлхүү хийлгээд  цэргийн эрдэмд сурах цаг зав олдохгүй гээд бичиг үсэг мэддэгээ нуусан ч төдөлгүй бичиг үсэгтэй гэдэг нь мэдэгдээд хорооны штабт ажиллаж, бага дарга болсон гэдэг. Тэгж байгаад  Москва хотод цэргийн улс төрийн ажилтны хоёр жилийн курст бага дарга нарыг бүртгэж байгааг мэдээд хүсэлт гаргаж хоёр жил сураад төгсөх үед нь Маршал Х.Чойбалсан Москвад очиж, Монгол оюутнуудтай уулзахдаа аавыг онцлон тэмдэглэсэн юм шиг байгаа юм. Тиймээс л аавыг дараагийн ээлжийн сонсогчдыг  удирдаад сургуульдаа үлдэх үүрэг өгсөн байх. Дахин хоёр жил суралцахдаа аав зөвлөлтийн офицеруудын ангид сурч төгсөөд Монголд ирэхэд нь Улс төрийн газрын орлогч даргын албан тушаалд томилсон. Хэдэн сарын дараа Халх голд Зөвлөлт, Монголын 1 дүгээр Армийн группийг удирдаж байсан корпусын командлан захирагч Жуковын орлогчоор томилогдсон түүхтэй. Аавын тухай ярих юм бол маш урт яриа хөвөрнө.


БОГД ГЭГЭЭН ЭЭЖИЙГ МИНЬ ӨӨРИЙН ТӨРСӨН ДҮҮ ТӨРИЙН ЧОЙЖИН ЛУВСАНХАЙДАВТ ӨРГҮҮЛСЭН

-Таны ээжийн намтар түүх мөн их сонин юм билээ. Таны аав, ээж хоёр хаана хэрхэн танилцаж байв?

-Манай ээж Ц.Дашцэдэн мөн их сонин түүхтэй хүн л дээ. Ээжийн ээж, миний эмээ ээжийг хоёр настай байхад Богдод мөргөнө гээд Дундговь аймгаас Нийслэл хүрээ /Улаанбаатар хот/-нд ирж л дээ. Тэгээд Богд гэгээнд мөргөөд барахгүй нүдэнд нь өртөж. Гэгээнтэн ээжийг минь хараад, “Яасан нүдэнд дулаахан охин бэ. Энэ хүүхэд төөрч төрсөн байна” гээд ээжийг минь  өөрийн төрсөн дүү Төрийн Чойжин Лувсанхайдавт өргүүлсэн аж. Харин эмээд маань охинтойгоо уулзахыг зөвшөөрч, эмээ охинтойгоо уулздаг байсан нь ховор аз завшаан болсон юм билээ.

Чойжин лам 1918 онд жанч халж ээж өргөмөл ээжтэйгээ Амгаланбаатарт амьдарч байсан. Тэднийх гурван хашаатай байж. Нэг хашаанд нь өөрсдөө амьдардаг, нэг хашаандаа жин тээврийн барааг хөлсөөр хадгалдаг байсан гэхээр Сүрэнхорлоо эмээ маань яггүй бизнес сэтгэлгээтэй хүн байжээ /инээв/. Сүрэнхорлоо эмээ боловсрол мэдлэгтэй, хятад хэлтэй хүн байсан. Ээжид хятад хэл болон шанз, хуучир хөгжим тоглохыг зааж өгсөн. Одоо Амгаланд байдаг Жанжин клуб анх Сүхбаатарын нэрэмжит үлгэр жишээ клуб байсан юм. Их олон урлагийн алдартан тэндээс замналаа эхэлсэн түүхтэй юм билээ. Ээж, эмээ хоёр Сүхбаатарын нэрэмжит үлгэр жишээ клубт хөгжимчин, бүжигчнээр ажиллаж байгаад дараа нь Бөмбөгөр ногоон театрт орсон. Бөмбөгөр ногоонд л аав ээжийг анх харж. Тэгээд багын найздаа хэлж тэр нь аав, ээж хоёрыг танилцуулсан юм билээ. Тэр найз нь Монголд циркийг үндэслэсэн Ж.Раднаабазар гуай.


ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХАРЧИХААД “ПОКАЗЫВАЕТ УЛААНБААТАР” ГЭДЭГ БАЙСАН

-Таны амьдралын зам жим Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэсэн их айлтай хэрхэн холбогдсон бэ?

-Би Улаанбаатарт зөвлөлтийн сургуульд сурсан юм. Төгсөөд ЗХУ-д Улсын багшийн дээд сургуульд хуваарилагдаж суралцаад математикийн багшийн мэргэжилтэй болж ирээд нийслэлийн Нэгдүгээр лаборатори сургуульд 4, 7 дугаар ангид математик заах боллоо. Багшилж чадахгүй гэдгээ ойлгоод аавдаа, “Би багшийн ажил хийж чадахгүй нь, та намайг өөр ажилд оруулаад өгөөч” гэхэд аав, “Чи улсын мөнгөөр сурчихаад хий гэсэн ажлыг нь л хий” гээд туслахаас татгалзсан. Завшаан таарч би нэгдүгээр сургуулиас гарсан. Тэр үед Одон орон судлах Оргилд математикийн боловсролтой ажилтны орон тоо байна гэж сонсоод очиж шалгуулаад Өргөргийн станцад эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажилласан юм. Тэнд ажиллаж байхад математик, орос хэлний мэдлэг их хэрэг болсон. Би мөн дунд, дээд сургуульд герман хэл сурч байсан болохоор Одон орон судлах Оргилын захирал надад герман хэлнээс орос хэл рүү эрдэм шинжилгээний өгүүллүүд орчуулах даалгавар өгдөг байсан. Тэгж орчуулгын ажилд сонирхолтой болсон юм. Хэдэн сарын дараа МОНЦАМЭ-д ажилладаг найз минь орос хэлээр гардаг “Новости Монголии” сонинд орос хэлтэй хүн хэрэгтэй байгаа гээд намайг дагуулж очлоо. Ажилд зуучилсан гэсэн үг л дээ. Мэдээж, шалгалт өгч байж  сонины ажилтан болж байлаа. Эхэн үедээ сонинд нийтлэгдэх материалуудыг монгол хэлнээс орос руу орчуулж байснаа, улмаар өөрөө бичдэг болсон. Тухайн үед Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо (МРТУХ) гэж байхад бүтцэд нь Монголын радио, Монголын телевиз, МОНЦАМЭ, Техникийн төв гэсэн дөрвөн салбар ордог байсан. 1972 он хүртэл “Новости Монголии” сонинд ажиллаж байгаад, 1979 он хүртэл Монголын радиогийн Гадаад хэлний ерөнхий редакцын орос хэлний редакцад ажилласан. Радио оросоос гадна англи, хятад, франц, казах хэлээр нэвтрүүлэг бэлтгэж гадагшаа цацдаг байсан юм. Хожим япон хэлний нэвтрүүлэг нэмэгдсэн. Гадаад нэвтрүүлгийн ажилтнууд бүгдийг л өөрсдөө хийнэ орчуулна, бичнэ, сурвалжилганд явна, нэвтрүүлгээ уншина.

Дараа нь би 1979 оноос “Новости Монголии”-д хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Москвад Нийгмийн ухааны академид сурч төгсөөд орос, англи хэлээр гардаг “Монголия” сэтгүүлийн эрхлэгчээр дөрвөн жил ажиллаж байгаад Мэдээлэл радио, телевизийн улсын хорооны Гадаад харилцааны хэлтэст хэдэн жил ажилласан. 1970-аад онд Монголын телевизээр орос хэлний нэвтрүүлэг гаргаж эхлэхэд нэг хөтлөгч нь байлаа. 1980-аад онд мөн орос хэлээр нэвтрүүлэг хөтөлж байсан. Анх “Показывает Улан-Батор” гэдэг нэвтрүүлэг гарч эхлэхэд гадаа тааралдсан хүүхдүүд намайг харчихаад “Показывает Улаанбаатар” /инээв/ гэдэг байсан. Тэтгэвэрт гаран гартлаа Монголын радиодоо орос хэлний нэвтрүүлгээ хариуцаад ажиллаж байлаа.

-Та мөн монгол зохиолчдын бүтээлүүдийг орос хэл рүү орчуулсан юм билээ. Ямар бүтээлүүд орос хэл дээр хэвлэгдсэн бэ?

-“Новости Монголии” сонинд ч, “Монголия” сэтгүүл, Радиод  ч Монголын уран зохиол, үлгэр, домог их нийтэлдэг байсан юм. Тэгж би уран зохиолын орчуулга хийж эхэлсэн. 1970-1980 онд Соёлын яам Монголын зохиолчдын бүтээлүүдийг орос хэл рүү орчуулах шийдвэр гаргаад орос руу орчуулдаг хүмүүст даалгавар өгөхдөө надад Ц.Дамдинсүрэн гуайн “Солийг сольсон нь” өгүүллэгийг өгсөн. Тэгж монгол орчуулагчдын орчуулгаар хэд хэдэн өгүүллэг “Монгольские рассказы” гэсэн эмхэтгэл хэвлэгдэж гарсан. Дараа нь  Ч.Лодойдамба гуайн зохиолуудыг орчуулж гаргахад надад “Малгайтай чоно” өгүүллэг, “Манай сургуулийнхан” туужийг даалгасан. Эмхэтгэл “Наша школа” гэдэг нэртэй хэвлэгдсэн. Ч.Лодойдамба гуайн мэндэлсний 100 жилийн ойд зориулж “Гарын таван хуруу” жүжгийг нь орчуулж хэвлүүлээд үр хүүхдэд нь бэлэглэсэн. Мөн радиод ажиллаж байхдаа “Тунгалаг тамир” романаар радио зохиомж хийж байлаа.

-Таны гэр бүлийн хүн мөн МҮОНРТ-д ажиллаж байсан юм билээ?

-Миний өвгөн Н.Ганбат МХЗЭ-ийн Төв хорооны гадаад харилцааны хэлтэс, үзэл суртлын хэлтэст  олон жил ажилласан. Үзэл суртлын хэлтэст ажиллаж байхдаа Монголын телевизтэй, тэр дотроо залуучуудын редакцтай ойр ажилласан юм. Тэгээд 1990-ээд оны эхээр Монголын телевизэд ажиллах болсон. 1990-ээд оны дундаас өөрөө нэвтрүүлгүүд санаачлаад зохиолоо ч бичээд, сүүлдээ найруулагчаа ч хийдэг болсон. Түүний минь “Түүхийн хоймор”, “Урам”, “Огторгуйн цагаан гарьд”, “Дээдийн номын хүрдэн” зэрэг нэвтрүүлгүүд мэдээлэл ихтэй, үзэгчдийн гоо зүйн хөгжилд нэмэр болоход чиглэсэн, хүмүүний сэтгэлийг хөглөсөн, үзэгчдийн сонирхон үздэг бүтээлүүд байсан.


АХЫГ ТЕЛЕВИЗЭЭР ГАРЧ БАЙХАД НЬ ХАРСАН НЭГЭН АХМАД ДАЙЧИН “ЛХАГВАСҮРЭН ЖАНЖИН ЭНД ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ БЭ?” ГЭСЭН ГЭДЭГ

-Та ах дүү хэдүүлээ вэ?

-Бид аав, ээжээс гурвуулаа. Би дээрээ ахтай, дороо охин дүүтэй.

-Таны ах болон дүү ямар мэргэжилтэй вэ?

-Миний ах Л.Лхагваа агаарын болон сансрын аппаратын хөдөлгүүрийн инженер мэргэжилтэй. Насаараа нисэхэд ажиллаж, сүүлийн 21 жил багшилж  нисэхийн инженерүүдийг бэлтгэж байгаа. 60-аад жилийн өмнө Зөвлөлтийн их алдартай Агаарын цэргийн инженерийн академийг төгсөж ирээд Агаарын харилцааны газар, БХЯ-ны Сөнөөгч онгоцны тусгай эскадрилийн орлогч, инженерийн алба, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх ИАТУЕГ-ын ерөнхий инженер, нэгдүгээр орлогч дарга, даргаар ажилласан хүн. Тухайн үед нисэх хүчин Батлан хамгаалах яамны харьяа байсан юм. Ах “Манай улс иргэний агаарын тээвэртэй болох хэрэгтэй” гэсэн санал гаргаж, Сайд нарын зөвлөлд танилцуулж зорчигч тээвэрлэдэг иргэний агаарын тээврийг Батлан хамгаалах яамны бус, Улсын ардын аж ахуйн салбар болгох ажлыг хийсэн. Иргэний нисэхийн салбарыг хоёр удаа удирдаж ажилласан, МИАТ-ийн захирал байсан. Энэ албан тушаалууд дээрээ маш их зүйл хийсэн. Мөн Монголын анхны “Хангарьд”нэртэй хувийн авиакомпани байгуулж байлаа. Монгол Улсын нисэх хүчин 97 жилийн түүхтэй. Манай ах энэ салбарт 60 жил ажиллаж байна.

Миний дүү Л.Лхагважав гадаад худалдааны мэргэжилтэн. ГХЯ-ны бараа импортолдог салбарт ажиллаж байсан. Зарчим, хариуцлага өндөртэй өөртөө ч, өрөөлд ч. Тийм болоод ЗХУ-аас захиалсан барааны чанарыг голоод, бүүр шүүхдээд ялж байсан удаатай. Зах зээлийн эхэн үед анхны чартер нислэг зохион байгуулж байсан дайчин бүсгүй. Гадаад худалдааны яаманд олон жил ажилласнаас арваад жил Польш улсад Худалдааны төлөөлөгчийн газар мэргэжилтэн байсан. 

-Таны ах аавтайгаа хэр адилхан бэ?

-Маш адилхан. Ямар сайндаа ахыг нэг удаа телевизээр гарч байхад нь харсан нэгэн ахмад дайчин,  “Лхагвасүрэн жанжин энд юу хийж байгаа юм бэ?” гэж хэлсэн гэдэг /инээв/.

Бас нэг сонин тохиолдол ярихад МИАТ-ийн захирал нь том дарга нарыг онгоцоор нисэхэд хамт нисэх дүрэмтэй юм байна л даа. Ах МИАТ-ийн дарга байхдаа Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном гуайн хамт нисч л дээ. Тэд буугаад нэгэн айлд орж, ахыг айлын хүмүүст танилцуулахад  гэрийн эзэн нь “жанжны хүүг хоймортоо суулгана” гээд Д.Содном даргын дээр суулгах гэж тэр хэдийг сандаргасан гэдэг.

-Аавтайгаа, баяр наадамтай холбоотой дурсамжаасаа хуваалцаач?

-Төв цэнгэлдэх хүрээлэнг барихаас өмнө наадам Яармагт болдог байсан. Стадион, Спортын төв ордон хоёрыг аав санаачлан бариулсан юм шүү дээ.

Яармагаар дүүрэн морьтой хүмүүс, асар, майхан байдаг сан. Маш сайхан, баярын уур амьсгал бүхий орчин. Сүхбаатарын талбайд цэргийн парад болно. Аав сайд байхдаа парад хүлээн аваад оролцогчидтой мэндэлж баяр хүргэхдээ “Цэрэг, ахлагч, офицер, генералууд аа” гэсэн дараалалтай хэлдэг байсан. Одоо харин эхлээд генералуудыг дурддаг болсон байна билээ…

Миний мэдэхийн аав дандаа Морины комисст ажилладаг байсан. Миний санаанд үлдсэнээс,  дагаж давхидаг машинуудаас морьд үргээд, хүүхэд унах аюултай гээд олон машинаар морь дагадгийг аав болиулсан. Хөдөлмөрийн баатар Ч.Хурц гуай морь маш сайн мэддэг хүн юм билээ. Морины комисст Ч.Хурц гуай аавтай хамт нэлээн хэдэн жил  ажилласнаа дурсахдаа, “Лхагвасүрэн гуайг комисс даргалж байх үед морины уралдаанд сахилга, дэг журам их сайн байсан” гэж хэлсэн нь бий.


ААВ ТУХАЙН ҮЕИЙНХЭЭ ОРЧИН ҮЕИЙН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙГ ШИНЭЭР БАЙГУУЛСАН

-Ж.Лхагвасүрэн генерал 1969 онд гэнэт Батлан хамгаалахын сайдын албан тушаалаа өгсөн гэдэг. Тэр явдлын тухай нарийн ширийн зүйлээ хэлж байсан уу?

-Тийм зүйлээ ярихгүй шүү дээ. Манай аавын үеийнхэн барагтай юмыг ярьдаггүй байсан юм билээ, үүнийг тэдний хүүхдүүд бас хэлдэг юм.  1980-аад оны сүүлээр “Үнэн” сонинд сэтгүүлч С.Гүнрэгжавын “Залуу жанжин Лхагвасүрэн” өгүүлэл нийтлэгдсэн юм. Тэр өгүүллийг бичсэн нийтлэлчид аав өөрөө болсон үйл явдлыг ярьсан юм байна лээ. 1969 онд аав сайдын тушаалаасаа чөлөөлөгдөхдөө Монгол Улсыг орчин үеийн зэвсэг, техникийн хангалт бүхий мотобуудлагын цэрэгтэй болгож чаджээ гэсэн түүхчдийн дүгнэлт байдаг. Яагаад тэгж дүгнэсэн бэ гэхээр засаг төр 1956 онд армийг цомхотгож Цэргийн яамыг татан буулгаснаа 1959 онд Ардын цэргийн хэрэг эрхлэх яам байгуулж аав сайдаар нь томилогдож, армийг дахин байгуулах нүсэр ажлыг 10 жилийн турш хийсэн түүхтэй юм. 1969 онд Халх голын ялалтын 30 жилийн ой болсон. Би  дөнгөж сонинд ажиллаж эхэлж байсан. Халх голын сэдэвтэй материалуудад аавынхаа нэр, гавьяаг алдаршуулж гаргаж чадахгүй байх хэцүү юм билээ…

-Сүүлд 1989 онд таны аавыг Бүгд найрамдах Монгол ард улсын Баатар цолоор нэхэн шагнасан үеийн дурсамжаасаа хуваалцаач?

-“Үнэн” сонинд аавын тухай өгүүлэл гарсны дараа маш олон хүн, ахмад дайчдын, МАХН-ын Төв хороо, АИХ-ын Тэргүүлэгчдийн газарт хандаж аавд Улсын баатар цол олгохыг шаардсан захидал илгээсэн юм. Тэр захидлуудаас зарим нь сонинд нийтлэгдсэн. Тэр шаардлагуудын дагуу Жамбын Батмөнх дарга аавыг БНМАУ-ын Баатар цол хүртэх гавьяа байгуулсан эсэхийг судлуулах үүрэг өгч, аавын гавьяа батлагдсан. Миний аав Монгол түмний шаардлагаар Бүгд найрамдах Монгол ард улсын сүүлчийн Баатар болсон хүн дээ. Ард олон, цэргүүдээсээ “Залуу жанжин”, “Улсын баатар” цолыг хүртсэн хүн… 

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Л.Лхагвадулам: Миний аав ард иргэд, цэргүүдээсээ “Залуу жанжин”, “Улсын Баатар” цол хүртсэн  
Үзсэн: 7720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-03-12 15:00
Энэ тухай залуучуудад зориулан ярилцлага хийсэн сэтгүүчид баярлалаа. Энэ хүний хийсэн бүхэн тухайн үедээ залуучуудад сайхан үлгэр дууриалал болж, ард түмэн чинь сэтгэлээсээ хайрлан хүндэлж бахархаж байсан. Хүүхдүүд хүртэл тоглохдоо жанжин Лхагвасүрэн гэдэг байж билээ. Монголын бүх ард түмний бахархалт залуу жанжин байлаа. Энэ хүний тухай хэзээ ч мартагдахгүй үеийн үед дурсагдан ярих түүхтэй хүн. Энэ хүний тухай залуучуудад болон хүүхдүүдэд сайн сурталчилж ойлгуулах хэрэгтэй гэж боддог. Хүүхдийн сайхан өнгөт зурагтай ном хэрэгтэй. Тэр наснаасаа эхэлж үлгэр дууриалал болно доо.

Бидэнтэй нэгдээрэй