Шууд Chart

"Даншиг наадам-Хүрээ цам 2022" нь Монгол Улсыг дэлхийд сурталчлах аялал жуулчлалын томоохон эвент юм

2022-08-06 13:39:33

Аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн "Даншиг наадам-Хүрээ цам 2022" шашин, соёлын наадам Хүй долоон худагт өнөөдөр эхэллээ.

Тэртээх 1639 онд  Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй Монголын шашин соёлын наадмыг сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болгон хөгжүүлж ирсэн билээ. Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд завсарлаад байсан "Даншиг наадам-Хүрээ цам 2022"-ыг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна. Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой хэмээн НЗДТГ-аас дэмжин хамтран ажилласаар ирсэн юм.

“Даншиг наадам - Хүрээ цам 2022” наадмыг нээж, Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нээж хэлсэн үгэндээ “Бид Нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Даншиг наадам - Хүрээ цам” шашин соёлын наадмыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран  зохион байгуулж байна. Өндөр гэгээн Занабазар “Өргөө” нэрээр анх байгуулж байсан Улаанбаатар хот эдүгээ дэлхийн хотуудтай мөр зэрэгцэн өргөжин хөгжсөөр байна. 100 гаруй жилийн турш тасраад байсан Монголчуудын уламжлалт их наадам “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын арга хэмжээг сэргээж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлснээр Монгол Улсыг дэлхийд сурталчлах томоохон эвент болгож эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Даншиг наадам нь Монголын ард түмний эв нэгдэл, бидний түүхэн соёлын үнэт өвийг ирээдүй хойчдоо хадгалан үлдээх чухал арга хэмжээ болохын хувьд ард түмнийхээ эв нэгдлийг бадраахад наадмын утга учир оршино” хэмээн өгүүүлсэн юм.

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц хамба шашин соёлын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Их хүрээний 15 дугаар хамба Номун хаан, Дээрхийн гэгээн дөрөвдүгээр Богдын үүтгэсэн Их хүрээ цамын биет болон биет бус соёлыг хамгаалах, сүсэгтэн олны эгээрэл хүслийг хангах, улс орныхоо шашин соёлыг бэхжүүлэх, дэлхий дахинд нандин өв уламжлалаа танилцуулах эрхэм зорилго бүхий наадам юм” хэмээн тодотгосон.

Бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм. Хүрээ цамын ёслолыг Гандантэгчэнлин хийдийн эрдэмт хуврагууд 1999 оноос уламжлал дэг ёсны дагуу сэргээн туурвисан байна. Түүнээс хойш өдгөөг хүртэл жил бүр дэглэсээр иржээ. Цамын үеэр Очирваань бурхан, уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох Хангарьд, Гахай, Нохой, Хөх өвгөн бүжин наадна. Шашин соёлын баярт  120 гаруй цамчин оролцож байна.  Цам нь хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй бэлгэдлийг уран яруу хөдөлгөөнөөр үзүүлдэг онцлогтой.

"Даншиг наадам-Хүрээ цам 2022"-ын хүрээнд хүчит  256 бөх барилдан, хязаалан, их нас болон жороо морьд уралдаан, морьт харвааны үзүүлбэр зохион байгуулна. Мөн лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиож, цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болж байна. Энэхүү наадамд Улаанбаатар театрын хамт олон оролцож, ая дуу, бүжиг наадмаа үзэгчдэдээ хүргэж буй юм. 

“Даншиг наадам-Хүрээ цам 2022”-ыг Хүй долоон худагт хоёр өдрийн турш үргэлжилнэ.


"Даншиг наадам-Хүрээ цам 2022" нь Монгол Улсыг дэлхийд сурталчлах аялал жуулчлалын томоохон эвент юм  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй