Шууд Chart

Д.Туул: Зүрх зогсолтгүй цохилдогтой адил ММ агентлаг үргэлж “буцалж” байдаг

2022-08-11 08:57:10

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ ойг тохиолдуулан MNB.mn сайт МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилтнуудын “8855” цуврал ярилцлагыг хүргэж байгаа билээ. Бид энэ удаад

Телевизийн салбар техник технологийн өнөөгийн хөгжил дэвшилтэй золгохын өмнө үзэгч олонд мэдээ, нэвтрүүлэг, хөтөлбөрөө хүргэхийн тулд өнөөдрийнхөөс илүү хүнд хүчир үүрэг хариуцлагатай байлаа. Тэр хүнд хүчрийг үүрч ирсэн радио, телевизийн техникийн ажилтнуудын нэг нь “Цэнхэр дэлгэц”-ийн дуу, дүрс “урлаач” Д.Туул юм.

ЦЭНХЭР ДЭЛГЭЦИЙН “УРЛААЧ”

-Юун түрүүнд танд удахгүй тохиох Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ойн баярын мэнд хүргэе. Таны амьдралын зам жим Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэсэн их айлтай хэрхэн холбогдсон бэ?

-Баярлалаа. Би 1982 онд ЗХУ-ын Ростовын холбооны техникумыг радио техникч, радио холбоо мэргэжлээр төгсөж ирээд телевизэд техникчээр ажилд орсон. Анх ВМЗ / Видеомагнитофон запись / дүрс бичлэгийн аппаратан дээр ажилласан. Манай дарга Цэнд гэж ёстой мундаг инженер байсан, мөн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн ээж Дашцэрэн болон Чимэдцэрэн, Бумдай тэргүүтэй мундгууд тухайн үед ВМЗ-д ажиллаж байлаа. Дараа нь би АВМ /Автоматика видео запесь/ аппарантан дээр, 1986 онд телевизэд “High 8” аппарат ирэхэд мэдээний редакцад “High 8” аппаратан дээр ажилладаг болсон. Тухайн үеэс л би ММ-д буюу одоогийн “Монголын мэдээ” сувагт тэтгэвэрт гаран гартлаа буюу 2015 он хүртэл ажилласан даа. Анх уран бүтээлчдийн нэвтрүүлгийн монтаж дээр ажилладаг байсан бол мэдээний редакцад орсноосоо хойш ихэвчлэн “Цагийн хүрд”, “Парламентын цаг”, “Сүлд” тэргүүтэй мэдээллийн хөтөлбөрүүд дээр ажилласан.

Би телевиздээ ажилд ороод удаагүй байхдаа 1985 онд, залгуулаад 1990 онд Таван жилийн гавшгайч болсон. 2006 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2013 онд “Алтан гадас” одон, 2014 онд “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдэг авч байлаа. Мөн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” гээд олон ч салбарын шагналаар шагнуулсан.

-Телевизийн эвлүүлгийн найруулагчийн ноу-хау болон зовлон, жаргал нь юу байдаг вэ?

-Монтаж буюу эвлүүлэгчийн ажил маш их хурд шаарддаг. Дээр үед их том хальс ашигладаг учир эвлүүлэгч нар монтаж хийхдээ 5-6 кг жинтэй хальс өргөж, наашаа цаашаа зөөдөг, биеийн хүч их шаарддаг байсан. Харин “High 8” аппарат жижигхэн хальстай учир их амар. Дараа дараагийн аппаратууд ч дээр үеийнхтэй харьцуулшгүй амар. Анх намайг телевизэд ороход нэвтрүүлэг гаргах гэж том хальснаас дүрс авна, олон хальс солино гээд ажиллагаа ихтэй хэцүү байсан. Сүүлд би тэтгэвэрт гарахынхаа өмнө компьютер дээр монтаж хийдэг болсон. Компьютер хэрэглээнд нэвтрээд ер нь л их жаргасан даа.

Дээр үед гурван секундийн бараак гаргачихвал коллегийн хурлаар орж зэмлүүлнэ. Бараак гаргахгүйн төлөө ажиллана. Мэдээнд дүрс хавчуулах хамгийн муухай харагддаг. Эвлүүлгийг дүрс хавчуулахгүй хийх хэрэгтэй. Общий планд общий хийхгүй, группний, середний гэж явж байх ёстой. Дүрсний урлагийн хамгийн гол нь үзэгчид үзэж харах учир эвлүүлэг хамгийн чухалд тооцогддог. Би бохир монтажинд дургүй. Эвлүүлгийг сэтгэлээ дэвсэж, маш “цэвэр” хийх хэрэгтэй. Ингээд ярихаар дүрс эвлүүлгийн урлаг их нарийн ажиллагаа байгаа биз. Мөн эвлүүлэгт техникийн чанар үзүүлэлт маш чухал. Тиймээс эвлүүлэгчийн ажил зураглаачтай салшгүй холбоотой, зураглаачаас, зураглаач ямар дүрс авчрахаас их хамаарна. Зураглаач нар зарим нь их, зарим нь цөөхөн дүрс авчихна. Цөөхөн дүрсийг их текстэд зарим дүрсийг стоп /зураг/ болгоод сунгана. Тэрнээс нэг дүрсийг ахин дахин давтаад байж болохгүй. Одоо нэг дүрсээ ахин дахин давтах тохиолдол зарим телевизээр нэлээд гарч байна. Энэ их буруу. Мөн зураглаачийн планы сонголт зөв байх ёстой. Одоо бол техник технологи хөгжөөд дүрсийг “хөдөлгөж” болдог болсон. Хуучин цагт бол дүрс “хөдөлгөнө” гэсэн ойлголт, боломж байхгүй байлаа.

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ҮЗЭГЧ, СОНСОГЧДОО ГЭСЭН СЭТГЭЛЭЭС ДУУСАШГҮЙ ИХ ЭРЧ ХҮЧ, УРАН БҮТЭЭЛҮҮД УРГАН ГАРДАГ

Эвлүүлэгч нар монтаж хийхдээ нэвтрүүлгийн зохиол, сэтгүүлчийн бэлдэж өгсөн мэдээний текстийн дагуу ажилладаг. Ингэхдээ дүрс, текст хоёрыг хооронд нь маш сайн “нааж” өгөх хэрэгтэй. Монтаж гэдэг тийм ч амар урлаг биш. Мэдээний редакцад ажиллахад маш их хурд, ажилдаа чадамгай байхыг шаарддаг. Учир нь “Хоёр минутын дараа эфир рүү орно шүү” гээд мэдээний дүрс ороод ирэх тохиолдол олон байдаг. Тийм үед бүр хамаг биеийн хөлс гарна.

Эфир рүү шилжүүлэхээс өмнө боломжийн хугацаа байсан ч 30 минутын дүрс ирлээ гэхэд тэр дүрснээс зөвхөн гурван минутыг шилж сонгоно гэдэг мөн л хэцүү ажил. Тиймээс мэдээний эвлүүлэгч өөр бусад дэлгэцийн бүтээл дээр ажилладаг эвлүүлэгч нараасаа илүү туршлагатай, хурдтай байх шаардлага гардаг. Эвлүүлэгчээр ажиллахад хурд самбаанаас гадна нарийн мэдрэмж хэрэгтэй. Эвлүүлэгчид техникийн ажилтнууд гэж явдаг байсан бол намайг тэтгэвэрт гарахын өмнө эвлүүлгийн найруулагч гэдэг албан тушаалтай болсон. Учир нь монтаж-эвлүүлэг гэдэг бол тухайн уран бүтээлч дуу, дүрсийг найруулж буй урлаг юм.

Монголын үндэсний олон нийтийн телевизийн 40 жилийн ойгоор манай сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг “Сэтгэл зүрхний бичлэг 40 жил” гэж ном гаргасан юм. Тэр номдоо намайг “Үйлээр бол тэр зөвхөн “шаглаж” л суудаг” гэж тодорхойлж бичсэнд нь их баярласан. 

Эвлүүлэгч хүн эвлүүлгээ хийснийхээ дараа л сая нэг гүнзгий амьсгаа авдаг даа. Бүх ажлынхаа ард гарчихаад сууж байх ямар амар байдаг гэж санана. 

Би ганцхан хүүхэдтэй. Хүүхэд гаргах завгүй л өөрийгөө зөвхөн ажилдаа зориулж байлаа шүү дээ. Ихэнхдээ телевиздээ хононо. 35 жил нэг байгууллагадаа тасралтгүй ажиллах хамгийн сайхан байсан. Телевизэд ажилладаг гэхээр хаана ч маш нэр хүндтэй. Радио, телевиз нэр хүндтэй ч тэр хэрээрээ ажил нь хүнд, ачаалал ихтэй. Манай радио, телевизийн уран бүтээлчдийн цалин мөнгө нь нээх их биш. Радио, телевизийн уран бүтээлчид маань ч цалин мөнгө харж ажилладаг хүмүүс биш. Тэдний үзэгч, сонсогчдоо гэсэн сэтгэлээс дуусашгүй их эрч хүч, уран бүтээлүүд урган гардаг.

Би хуульд зааснаар яг 55 настай тэтгэвэрт гарсан. Дахин таван ажил ажиллах боломж бололцоо байсан. Гэхдээ залуу шинэ уран бүтээлчид гарч ирж байсан учир мэддэг чаддагаа зааж зөвлөөд, уран бүтээл хийх ажлын байр, боломжийг нь бүрэн дүүрэн гаргаж өгье гэсэн үүднээс гавьяаны амралтандаа суусан даа. Гэхдээ тэтгэвэрт гарсныхаа дараа ч гэсэн хувийн хэд хэдэн студи дээр очиж заавар зөвлөгөө өгч, ганц нэг уран бүтээлд ажилласан.

САЙН ЗУРАГЛААЧ НАР БҮХ ДҮРСЭЭ МОНТАЖТАЙ АВДАГ. НЭМЭЛТ ЭВЛҮҮЛЭГ ШААРДЛАГАГҮЙ

-Телевиз бол хамтын урлаг. Та хамт ажиллаж байсан уран бүтээлчдээ дурсаач?

-Олон мундаг хүмүүстэй хамт ажиллаж байжээ. Найруулагч Содном гуай агуу хүн байлаа. Баатардорж, Бат-Эрдэнэ, Дэлгэр ах, Азаа гээд мундаг зураглаач нар байна. Сайн зураглаач нарын дүрсийг бараг тэр чигт нь эфир рүү өгнө, эвлүүлэг шаардагддаггүй. Харин шинэ залуу, туршлагагүй муу зураглаач цэгээ, планаа олж чадахгүй байх тохиолдол олон. Тийм дүрснүүдээс бол түүж авах ажил гарна. Гэтэл манай “Монголын мэдээ”-гийн зураглаач Баатардоржийн авсан дүрсийг бол монтажлах гэж оролдоод ч монтажлах шаардлага гарахгүй. Бүх дүрсээ монтажтай авдаг. Ямар агуу зураглаач гээч. Манай бараг бүх зураглаач дүрсээ тэгж монтажтай авдаг байсан.

Манай телевизийн мэдээний редакц тэр чигтээ хурдтай ажиллана. Тэнд ажиллаж буй бүх л хүн өдөр болгон яарч, цаг хугацаатай уралдаж байдаг. Тэр хүмүүсийн авчирсан дүрс, мэдээг үзэгчдэд аль болох зөв, гоё сайхнаар үзүүлэхийн тулд сайн монтажлах хэрэгтэй. Мэдээний редакцад ажилласнаараа би маш их зүйл сурсан. Ер нь л манай МҮОНРТ ажиллаж байгаа хүмүүстээ маш их юм заадаг, тэвчээр суулгадаг маш том “школа”. Би ММ-ээ /“Монголын мэдээ” агентлаг. ММ агентлаг 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлж мэдээллийн төрөлжсөн суваг болон өргөжсөн сурв./  телевизийнхээ зүрх гэж боддог. Учир нь зүрх зогсолтгүй цохилж байдаг даа. Үүнтэй адил ММ үргэлж “буцалж” байдаг.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг байв?

-Өглөө 09:00 цагт ажилдаа ирээд аппаратуудынхаа техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, тохируулна. Сүүлийн жилүүдэд бүх юм автомат болчихоор их амар болсон. Эхний сурвалжлагч нар 10:00-11:00 цагийн хооронд мэдээгээ аваад ороод ирнэ. Тэгээд мэдээний эвлүүлгүүдээ хийнэ дээ. Хэрвээ нэвтрүүлэгтэй үед бол өглөө шууд бэлэн дүрснүүдээ аппарат руугаа оруулна, тэгээд эвлүүлгүүдээ хийнэ. Техник технологи хөгжиж компьютер дээр ажиллаад ирэхэд их амар болсон л доо. Тэрнээс өмнө бол хальснуудаа аппарат руу оруулаад 30 минутын хальсыг 30 минут л үзнэ. Компьютер шиг гүйлгэж үзнэ гэсэн ойлголт байхгүй. Нэг хальснаас нөгөө хальс руу дүрс шахдаг байлаа.

Орой бол эфир дуустал 23:00 заримдаа 24:00 цаг хүртэл л ажиллана. Ажлаа тарахад жижүүр жолооч орой тарсан ажилтан, уран бүтээлчдийг хүргэж өгнө. Хотыг тойрч тойрч шөнө дунд л гэртээ орно шүү дээ.

Эвлүүлэгч нар өдөр өдрөөр ээлжилж ажилладаг, нэг өдөр ажиллаад нэг өдөр амардаг. Том баяруудын өмнө бол бүгд ээлжгүй ажиллана. “Баярын мишээл”-ийг эфирээр гарахаас өмнө Галивлет /Хянах газар/ үзнэ. Засвар гарлаа бол хононо. Баярын нэвтрүүлгийн үеэр долоо хоног телевизээсээ гарахгүй эвлүүлэг хийх ч үе бий.

“СИНХРОН ТУУЛ”

-Таныг телевиз даяар “Синхрон Туул” гэж дууддаг юм билээ. Яагаад “Синхрон” гэдэг алдартай болсон бэ?

-Синхроны монтаж хийнэ, дуу дүрс тааруулна гэж хэцүү ажил байсан юм. Техник технологи өнөөгийнх шиг хөгжөөгүй үед дуу, дүрсийг хоёр тусдаа хальсанд бичдэг байлаа. Зөвхөн дүрстэй, зөвхөн аудиотой хоёр хальсыг эвлүүлж дүрсэн дээрх хүний амны хөдөлгөөнд тааруулж дууг нь “наах”-ыг синхрон монтаж гээд байгаа юм. Намайг синхрон барихдаа сайн гээд “Синхрон Туул” гэдэг байсан.

-Кино уран бүтээлд эвлүүлгийн найруулагчаар ажиллаж байсан уу?

-Дээр үед студи ховор, эвлүүлэгч маш их хэрэгцээтэй мэргэжил байлаа. Кино найруулагч нараас санал ирвэл дарга нараасаа зөвшөөрөл аваад кинонд ажилладаг байсан. Өнөө үеийн нэрт найруулагч Ж.Сэнгэдоржтой оюутан ахуй цагаас нь “Цагаан шөнө” тэргүүтэй гурван ч кинонд нь ажилласан. Мөн найруулагч Отгонбиндэрийн хоёр, найруулагч Ганбаатарын “Зүрх зогсохгүй” гээд нийт нэлээн хэдэн уран сайхны киноны эвлүүлэгчээр ажиллажээ.

Кино бол телевизээс ялгаагүй мөн л дуу, дүрсний урлаг. Гэхдээ найруулагчтайгаа маш сайн ойлголцож ажиллах хэрэгтэй. Найруулагч, зураглаач нар гээд кино багийнхны авчирсан дүрсийг үзэгчдэд яаж хүргэх вэ гэдэг нь эвлүүлэгчийн ажил, үүрэг хариуцлага.

-Түүхэнд тэмдэглэгдэн үйлдсэн болон олон нийтийн анхаарлыг татсан олон үйл явдлын үеэр та ажил үүргээ гүйцэтгэж байсан байх. Хамгийн дурсамжтай нь ямар үйл явдал байв?

-1997 онд болсон нар хиртэлт рүү манай телевизээс явуулын станц, 74 хүний бүрэлдэхүүнтэй том групп тэр дунд Мэдээний редакцаас 14 хүн Дарханд очиж ажиллаж нар хиртэлтийг шууд дамжуулсан юм. Энэ дунд ганцхан эвлүүлэгч очсон нь би. Би зөвхөн шууд дамжуулалт, мэдээ гэлтгүй, тэнд авсан бүх л нэвтрүүлгийн дуу, дүрсний эвлүүлэг дээр тав хоног өдөр, шөнөгүй сууж ажилласан минь одоо дурсахад сайхан байдаг.

Мөн би 2000 онд Кипр рүү сурвалжилганд зураглаачаар явж байлаа. Манай Гадаад мэдээний орчуулгын редактор Дамдиндорж Кипрээс мэдээ, сурвалжилга бэлтгэхээр болж манай “ММ”-ийн дарга нар “Та угаасаа ирээд эвлүүлгээ хийчих юм чинь өөрөө дуу, дүрсээ авчих” гэж надад итгэл хүлээлгэж Кипр рүү явуулсан. Тухайн үед тэнд хаа сайгүй мөргөлдөөнтэй, нөхцөл байдал тайван бус байх үед нь очиж ажиллаад ирж байлаа.

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган, халуун дулаан яриа өрнүүлсэн танд баярлалаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Туул: Зүрх зогсолтгүй цохилдогтой адил ММ агентлаг үргэлж “буцалж” байдаг  
Үзсэн: 1980 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй