Шууд Chart

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэж байна

2022-09-27 17:43:21

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас санаачлан жил бүрийн есдүгээр сарын 27-ныг "Дэлхийн аялал жуулчлалын өдөр" болгон тэмдэглэдэг. Монгол Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүн болж, 2007 оноос хойш жил бүр тэмдэглэж байна.

Энэ өдрийг тохиолдуулан БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгтэй хамтран өнөөдөр жанжин Сүхбаатарын талбайд аялал жуулчлалын үзэсгэлэнг нээлээ.

Арга хэмжээний үеэр аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудад түшиглэсэн аяллын маршрутаа танилцуулахаас гадна энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг их дээд сургуулиудын 15 орчим төлөөлөл зочлох үйлчилгээний танилцуулга, аяллын зөвлөмж, салбарын хүний нөөцийг бэлтгэж буй их, дээд сургуулиудын элсэлтийн талаар мэдээлэл, зөвлөмж хүргэж байв.

Уг арга хэмжээнд байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, Нийслэлийн Засаг даргын орлогч орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх,Япон Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ноён Кобаяаши Хироюки, Унгар Улсаас Монгол Улсад суух элчин сайд хатагтай зэрэг албаны төлөөлөл оролцож, Обрушанскийн Борбала зэрэг албаны төлөөлөл оролцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ тус арга хэмжээг нээж “Манай улс 2019 онд гадаадын 500 мянга гаруй жуулчин хүлээн авч байснаар дотоодын эдийн засагт 670 орчим сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн орлого оруулжээ.Дэлхийн аялал жуулчлалын өдөр"-өөр нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Энэ өдөрлөгөөр аялал жуулчлалын чиглэлээр сургалт зохион байгуулдаг сургуулиудын шилдэг оюутнуудад тэтгэлэг анх олгож байна. Ялангуяа аялал жуулчлалын салбар мэргэжлийн байх ёстой гэдгийг онцлоод, аялал жуулчлалын чиглэлээр Монгол Улсад тодорхой дэвшил гарах цаг хугацаа болсон.

Тиймээс ч Монгол Улсад аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх байгаль орчин, аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг сурталчлах цахим платформтой боллоо төдийгүй аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн хийнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн Монгол Улсад бүх төрлийн аялал жуулчлал хөгжих боломжтой. Гол нь аялал жуулчлалын стратегиа тодорхойлж, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ боловсруулах шаардлагатай байна. Мөн өвлийн аялал жуулчлалд зориулсан хөрөнгө оруулалт хийх шаардлагатай” гэж хэллээ.

Түүнээс гадна цар тахлын дараах эдийн засгийг сэргээх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг нэрлэж, Монгол Улсын Засгийн газраас ирэх 2023,2024 оныг “Монгол зочлох жил” болгон зарлаад буй. Тиймээс цаашид тус салбарыг цогцоор нь хөгжүүлэх тэр дундаа хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр бодлогоор дэмжиж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Энэ ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэрэмжит тэтгэлгийг анх удаа санаачлан аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулиудын шилдэг 10 оюутанд гардууллаа.

Энэ жилийн хувьд дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас "Rethinking Tourism" буюу “Аялал жуулчлалын нөхцөл байдлыг эргэцүүлэн бодож, төлөвлөх нь” уриан дор тэмдэглэж байгаа билээ. Мөн Монголын аялал жуулчлалын 30 жилийн ой тохиож байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 


Дэлхийн аялал жуулчлалын өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэж байна  
Үзсэн: 307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй