Шууд Chart

ИНЕГ-ын Агаарын навигацын үйлчилгээний газрын дарга П.Ганболд: Манай улсын агаарын зайн аюулгүй ажиллагааг ICAO өндрөөр үнэлсэн

2013-07-23 16:56:29

-Та саяхан Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази-Номхон далайн бүсийн ажлын хэсгийн хуралд оролцоод ирсэн. Сонин сайхнаас нь хуваалцана уу?
-Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ын Ази, Номхон далайн бүсийн төв байр нь Тайландын вант улсын нийслэл Бангкок хотноо байдаг. Энэ хурал нь тус хотноо жил бүр зохион байгуулдаг Ази, Номхон далайн бүсийн Агаарын навигацийн хэтийн төлөв болон хэрэгжилтийн талаарх ажлын хэсгийн хурал юм. Энэ бүсэд нийтдээ АНУ, Австрали, Шинэ Зеланд Тайланд, Япон, БНСУ гэх мэт 20 гаруй орон ордог. АPАNPIRG буюу “Ази, Номхон далайн бүсийн агаарын навигацийн хэтийн төлөв, хэрэгжилт”-ийн 24 дэх удаагийн хурал боллоо. Энэ хурлын өмнө агаарын навигацийн салбар бүр тус тусдаа хуралддаг. Агаарын хөдөлгөөний үйлчилгээ, нисэхийн мэдээлэл хангалт үйлчилгээ, холбоо, навигаци, бодит ажиглалтын үйлчилгээ, цаг уур гэх мэтээр салбар тус бүрээр хуралдсаны дараа саяын энэ хурал дээр мэдээллүүд нь нэгтгэгдэж гараад шийдвэрүүдээ эцэслэн баталж, АPАNPIRG-ийн дараагийн хурал буюу DGCAA-гийн одоо болж буй хуралд нэгдсэн тайлангаа өгдөг юм.
    Энэ хурлаар Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд агаарын навигацийн чиглэлээр шийдвэрлэх ямар асуудлууд байгаа болон улс орнуудын хэмжээнд шинээр хийгдэж буй навигацийн тоног төхөөрөмжийн тоноглол, нислэгийн удирдлагын үйл ажиллагааны удирдлага, ICAO-аас барьж буй бодлого, тавьж буй шаардлагуудын хэрэгжилт ямар байгаа талаар нэгдсэн мэдээллийг авдаг. Мөн зарим орнууд бүсийн хэмжээний асуудлаа энэ хуралд оруулж шийдвэрлүүлдэг юм.

-Манай улсын агаарын зайн аюулгүй ажиллагааг өндрөөр үнэлсэн гэсэн. Энэ талаар?
-Манай улс энэ жилийн хувьд агаарын замуудын дагуу ямар тоног төхөөрөмжүүд тавьсан, нислэг зохицуулалт, мэдээлэл хангалтын талаар хийж, хэрэгжүүлж буй бүх үйл ажиллагаагаа мэдээлсэн. Энэ хурал дээр Монгол Улсын ИНЕГ-ын хэмжээнд хэрэгжүүлж буй ажлуудыг гурван зүйлээр онцолж талархал илэрхийлсэн. Нэгдүгээрт RVSM буюу нислэгийн багасгасан босоо зайчлалаар удирдах үйл ажиллагааг Монгол Улс бүрэн дүүрэн  хэрэгжүүлж, амжилт гаргаж байгааг онцолсон. Хоёрдугаарт, Монгол Улс ОХУ-тай хамтран өндөр түвшинд хийсэн SAREX буюу “Хамтарч эрэн хайх, авран туслах хээрийн сургууль”-ийн үйл ажиллагааг сайшааж, амжилт хүссэн. Гуравдугаарт, Нислэгийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр ICAO-гийн олон улсын хурлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулсныг өндрөөр үнэлсэн. Мөн радиолокатор болон навигацийн тоног төхөөрөмжийг Монгол Улсад суурилуулж, ажиллагаанд оруулж байгаад IATA буюу Олон улсын авиакомпаниудын нэгдсэн байгууллага сайшаан тэмдэглэсэн.
Түүнчлэн цаашид юунд анхаарч ажиллах талаарч зөвлөгөө зөвлөмжүүдийг бидэнд өгсөн. Тухайлбал, PBN-ийн ажлын хэрэгжилтэд анхаарч төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжүүлээрэй гэсэн. Дүгнэж хэлэхэд АPАNPIRG-ийн хурлын гол ач холбогдол нь Ази, Номхон далайн бүсийн Агаарын навигацийн хэтийн төлөв юу вэ, өнөөдөр хэрэгжиж байгаа ажлуудын явц болон ирээдүйд гарах үр дүнг нэгтгэж дүгнээд одоо ИНЕГ-ын дарга С.Буяндалай тэргүүтэй төлөөлөгчдийн оролцож буй ICAO-гийн хуралд нэгдсэн тайлан илтгэлээ өгдөг ийм л онцлогтой хурал юм. Ирэх жилээс ICAO-гийн бодлого хаашаа юунд чиглэж байна, улс орнууд юунд анхаарч ажиллах ёстой юм, агаарын навигацийн төлөвлөлт дээр юуг анхаарч ажиллах вэ, нислэгийн аюулгүй байдлыг хангах тал дээр ямар ажлууд хийгдэхэв, ямар дүрэм журам мөрдөж ажиллах талаар мэдээллээ авдаг, нэгдсэн зүг чигийг гаргаж өгдөг чухал ач холбогдолтой хурал юм.

-Манай улсын хувьд ойрын үед хийгдэхээр төлөвлөж байгаа ажлуудаасаа товчхон дурдвал?
-Монгол Улсын Засгийн газрын хэмжээнд нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг батлагдан гарсны дагуу бид төлөвлөгөө гарган ажиллаж байна. ИКАО-гийн зөвлөмж, шаардлагын дагуу ч ажил зохион байгуулан хэрэгжүүлж байна. Ойрын төлвөөр бол агаарын зайд нисэн өнгөрч буй нислэгийн тоог нэмэгдүүлэх, тэдгээрийн аюулгүй байдлыг хангахын тулд радиолокатороор үргэлжлүүлэн тоноглож байна. Энэ жил 2-ыг нэмээд тав болсон бол ирэх жил 2-ыг нэмж, нийт долоон радиолокатороор нийт нутгийнхаа дээгүүр нисэн өнгөрч буй олон улсын өнгөрөлтийн нислэгийн 90 гаруй хувийг харж удирдах боломжтой болох юм. Мөн навигацийн тоног төхөөрөмжөөр тоноглож байна. Онгоцыг чиглүүлэн байршлыг нь тогтоодог 10-н DME төрөөрөмжийг нэмж авах ажил эхэлсэн. Ажиглалтын системд шинээр нэвтэрч буй систем ADS-B 5-ыг худалдаж аваад суурилуулалтын ажил эхэллээ. Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын буудалд онгоц суултад ороход тусалдаг суултын төхөөрөмжийг шинээр суурилуулж, хөдөө орон нутгийн нисэх буудлуудад гэрэл суултын систем нэмж суурилуулан шинэчилж байна. Өнөөдрийн байдлаар найман нисэх буудал шөнийн гэрэл суулттай байсан бол нэмж дөрвийг тоноглоно. Манай улсын агаарын зайд нисэж буй, нисэх буудлуудын хөөрөлт, буулт үйлдэж буй агаарын хөлгүүдэд үзүүлэх үйлчилгээг улам сайжруулах, нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс навигаци, цаг уур, холбооны тоног төхөөрөмжийг нэмж суурилуулах ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлөг бүрийн аюулгүй байдлыг тасралтгүй ханган ажиллаж байгаа иргэний нисэхийн салбарын нийт ажилтан, албан хаагчдадаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.


ИНЕГ-ын Агаарын навигацын үйлчилгээний газрын дарга П.Ганболд: Манай улсын агаарын зайн аюулгүй ажиллагааг ICAO өндрөөр үнэлсэн   
Үзсэн: 2740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй