Шууд Chart

Үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна

2025-06-16 13:37:33

ОБЕГ-ын дэргэдэх Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар анги, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын Хүүхдийн зөвлөл хамтран “Үе тэнгийн сургагч багш бэлтгэх” сургалтыг энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг сургалтын нээлтийн ажиллагаанд оролцож, хэлсэн үгэндээ “Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, гамшигт үзэгдлийн эрч улам нэмэгдэж, хүүхэд бүрийн эрх, амьдрах орчин, сурах боломж, аюулгүй байдалд ноцтой нөлөөлж байна. Тухайлбал өнгөрсөн 2024 онд дэлхий дахинаа 242 сая хүүхэд уур амьсгалын гамшгийн улмаас сургуулиасаа тасарч, боловсрол эзэмших эрхээ бүрэн эдэлж чадаагүй бол сүүлийн 6 жилд 43.1 сая хүүхэд зөвхөн цаг агаарын гамшгийн улмаас болж гэр орноо орхин нүүхэд хүрсэн байна. Харин манай улсад 2023-2024 оны зуднаар нийт 80 мянга гаруй малчин өрхийн хүүхдүүд хичээл завсардсан тухай судалгаа гарсан байдаг. Тиймээс энэ удаагийн сургалтаар гамшгийн эрсдэлийг таньж, байгалийн аюулт үзэгдэл, түүнд дасан зохицох, даван туулах чадваруудаа хөгжүүлэх хүрээнд сургалт, дадлагыг зохион байгуулж байна. Эдгээр чадварууд зөвхөн өөрийгөө хамгаалахад туслах төдий биш, бусдын амийг аврах хүчтэй мэдлэг болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Сургалтад Монголын хүүхдийн зөвлөлийн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 40 гаруй сурагч хамрагдаж байна.

Сурагчид аюулгүй өрх, утаат орчноос гарах, гал түймэр унтраах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, газар хөдлөлт, өндрөөс аврах ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар ангийн сургалтын танхимуудад гамшгаас хамгаалах мэдлэг эзэмшиж, сургагч багшаар бэлтгэгдэнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 


Үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна   
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй