Шууд Chart

“Катар-2022” ДАШТ-ий хоёр дахь өдрийн тоглолт боллоо

2022-11-22 10:13:24

Англи 6 – 2 Иран

Английн шигшээ баг дэлхийн аваргыг өнгөтэй эхлүүлж, Ази тивийн хүчирхэг баг Ираны хаалганд зургаан гоол оруулав.

Тоглолтын эхний гоолыг 19 настай Жуд Беллинхем оруулж, багтаа тэргүүллийг авч ирэв. Түүний араас Букайо Сака, Рахим Стерлинг, Маркус Рашфорд, Жек Грилиш нар гоолджээ. Харин Ираны талаас энэ жил супер формтой байгаа Мехди Тареми хоёр гоол оруулсан юм.

Английн шигшээ багийн төлөө хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч Майкл Оуэн. Тэрбээр 1998 оны ДАШТ-д Румыны хаалганд гоол оруулахдаа 18 нас, 190 хоногтой байжээ.

Тоглолтын шилдгээр 21 настай Букайо Сака тодорсон байна.

Сенегал 0 – 2 Нидерланд

ДАШТ эхлэхийн өмнө шигшээ багийнхаа гол хүн Садио Манег бэртэлд алдсан Африкийн арслангууд Нидерландын эсрэг 84 минут сайн тоглосон ч тоглолтыг төгсгөж чадсангүй. Хоёр багийн тоглолт хамгаалалт дор, талбайн төвд бөмбөгний төлөөх тэмцэл ширүүн өрнөсөн. Эцэст нь 84 дэх минутад энэ жил тэсрэлт хийгээд буй Нидерланд залуу Годи Гакпо гоолдож, унтаа байсан цэнгэлдэхийг сэрээж, ард түмнээ баярлуулсан.

Тоглолтын төгсгөлд 90+9 дэх минутад Дави Клаассен гоолдож, Нидерланд хэсгийнхээ хүчирхэг өрсөлдөгчийг 2-0 гэсэн харьцаатай хожлоо.

Тоглолтын шилдгээр 23 настай Годи Гакпо тодров.

АНУ 1 – 1 Уэльс

Энэ тоглолтод хожсон баг цааш шалгарах магадлал нь улам бодит болох байв. Гэвч хоёр баг оноо хувааж, нөгөө талд Иранд боломж олгов. Уэльс 64 жилийн дараа ДАШТ-д оролцож, Гарет Бэйлийн тоглолтын төгсгөлд торгуулийн цохилтоос оруулсан гоолын ачаар хүнд тоглолтоос ганц оноо авлаа. Тоглолтын эхний үед АНУ-ын шигшээн Тимоти Веа гоол оруулж, багтаа тэргүүллийг авчирсан ч хожлоо хадгалж чадалгүй хоёрдугаар үед гоол алдав.

Тоглолтын шилдгээр Гарет Бэйл тодорчээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Катар-2022” ДАШТ-ий хоёр дахь өдрийн тоглолт боллоо  
Үзсэн: 568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй