Шууд Chart

Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүллээ

2022-11-26 19:16:55

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, “Монгол бахархал”-ын өдөр болон Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Үндсэн Хууль баталсны 98 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэлээ.

Их шөвөгт улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар шалгарсан юм.

Ж.Ням-Эрдэнийн хувьд Монгол Улсын начин цол хүртсэнээсээ хойш улс, аймгийн цолтой бөх зодоглосон барилдаанд хүч үзэхдээ анх удаа их шөвөгт шалгараад байгаа юм.

Сонирхуулахад, шинэ буюу Ардчилсан үндсэн хуулийг баталсны өдөрт зориулсан уламжлалт барилдааны анхны түрүүг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Монгол Улсын гавъяат тамирчин, улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, Увс аймгийн Хяргас сумын харьяат дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байв.

Тэгвэл хамгийн олон түрүүлсэн бөхөөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ (1993, 1996, 1997, 1998 онд) бичигдсэн юм.

Мөн хамгийн олон үзүүрлэсэн бөхөөр Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, дархан аварга Агваансамдангийн Сүхбат (1997, 1998, 2001 онд).

Дараалан түрүүлсэн бөх:

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1996, 1997, 1998 онд гурван удаа дараалан түрүүлсэн.

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын арслан Батжаргалын Ганбат 2001, 2002 онд хоёр удаа дараалан түрүүлсэн.

Дараалан үзүүрлэсэн бөх

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга Агваансамдангийн Сүхбат 1997, 1998 онд дараалан үзүүрлэсэн.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 2003, 2004 онд дараалан үзүүрлэсэн.

Улсын цолгүй түрүүлсэн бөх Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтой түрүүлсэн.

Улсын цолгүй үзүүрлэсэн бөх:

Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан 2009 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн.

Увс аймгийн Хяргас сумын харьяат, улсын начин Сүхбаатарын Батсуурь 2011 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүллээ   
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй