Шууд Chart

Мэргэжлийн сүмогоос хөөгдөх хэмжээнд яригдаж байсан Аби эзэн хааны цом хүртлээ

2022-11-28 08:49:47

Мэргэжлийн сүмо бөхийн энэ оны арваннэгдүгээр сарын тэмцээний сүүлчийн барилдаан өчигдөр Фүкүока хотноо боллоо.

Энэ өдөр гурван сүмоч адил 12 даваа авсан учраас дахин барилдаан хийхэд Такаяасү /М-1/, Озэки Такакейшо нарыг дараалан давж 13 даваатай болсон Аби /М-9/ Эзэн хааны цомын эзэн боллоо.   

Энэ өдөр Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн, Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй учраа таарч түүнийг ёрикири мэхээр давснаар 11 даваа, дөрвөн унаатай болсон юм. Харин Кирибаяама найман даваа, долоон унаатайгаар башёг өндөрлүүллээ.

Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил, Точиношин /М-8/-тай таарч барилдан, түүнийг уватэнаге мэхээр давж зургаан даваа, есөн унаатайгаар энэ башёг дуусгав.

Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-2/, Тэрүцүёоши /М-15/-тэй барилдаж, түүнийг уватэнаге мэхээр давж дөрвөн даваа, 11 унаатайгаар энэ башёд тун тааруу амжилт үзүүллээ. Чиёошома Г.Мөнхсайхан /М-10/, Эндо /М-7/-той таарч барилдан, түүнийг ошидаши мэхээр давснаар долоон даваа, найман унаатайгаар башёг дуусгаж байна.

Мөн энэ өдөр Азүмарюү С.Тодбилэг /М-14/, Мёогирюү /М-7/-тэй хүч үзэж, түүнд ёрикири мэхээр унаснаар долоон даваа, найман унаатай башёг дуусгав.

Энэ башёг 12 даваатай ганцаараа тэргүүлж явсан Такаяасү /М-1/ Аби /М-9/-тэй таарч барилдан түүнд цүкитаоши мэхээр унаж, тэд 12 даваа, гурван унаатай болж дахин барилдаан хийх нөхцлийг бүрдүүлсэн юм.

Аваргыг тодруулах барилдаанд Такаяасү /М-1/, Аби /М-9/-тэй дахин хүч үзхэд хатакикоми мэхээр унасан бол аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд Озэки Такакейшо адил даваатай Аби /М-9/-тай барилдан, түүнд ошидаши мэхээр унаж 12 даваа, дөрвөн унаатай болж, башёг дуусгав.

Сонирхуулахад, Аби 2020 оны Нагоя башёгийн үеэр “Ковид-19” цар тахлын үед тогтоосон дэглэмийг зөрчсөн юм.

Тодруулбал, башё эхлэхийн өмнө болон башёгийн дундуур өөр дэвжээний доогуур зиндааны нэг бөхтэй гадуур гарч, уушийн газраар үйлчлүүлсэн нь илчлэгдээд байлаа. Ингэснээр түүнийг мэргэжлийн сүмо бөхийн холбоо дэвжээнд гарах эрхийг нь бүр мөсөн хасах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөж байсан ч гурван тэмцээн өнжөөхөөр зөөлрүүлж өөрчилсөн юм.

Мөн цалинг нь таван сарын турш 50 хувиар хасах, түүний дэвжээний багш Шикорояма оякатагийн цалинг зургаан сарын турш 20 хувиар бууруулах шийтгэл оноошоод байв.

Шийтгэлийн хугацаанд Аби шинэхэн эхнэртэйгээ гэртээ хамт байлгүй, дэвжээнд ирж багшийнхаа хяналт дор амьдарч байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Мэргэжлийн сүмогоос хөөгдөх хэмжээнд яригдаж байсан Аби эзэн хааны цом хүртлээ  
Үзсэн: 274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй