Шууд Chart

Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нар “Бөртэ чоно”-ын эзэн болох уу

2022-12-08 10:36:14

Монголын үндэсний олимпын хорооны "Бөртэ чоно" тэргүүн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 26-нд Чингис хааны музейд болно.

2002 оноос эхэлсэн энэхүү эрхэм хүндтэй шагналыг анх Монгол Улсын гавъяат, чөлөөт бөхийн шилдэг тамирчин О.Пүрэвбаатар хүртсэн бол энэ жил 20 дахь удаагаа болох гэж байна.

Түүнчлэн хэн энэ жилийн цомын эзэн болохыг спорт сонирхогчид таамаглаад эхэлжээ. Тэднээс хамгийн их санал авсан нь Монгол Улсын отгон гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нар байна. Харин үндсэн шалгаруулалтыг Спортын сэтгүүлчид санал өгч тодруулдаг уламжлалтай билээ.

Дэлхийн аварга Ц.Цогтбаатар

Жүдогоос төрсөн отгон гавьяат Цэнд-Очирын Цогтбаатар 11 наснаасаа жүдо бөхөөр хичээллэж эхэлжээ. Тэрбээр 15 жилийн хөдөлмөрийн үр шимээ “Токио 2020”-ын дэвжээн дээр баталж, хүрэл медаль хүртсэн билээ. Түүний анхны багш нь Ш.Чинсанаа болон гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв юм. Ц.Цогтбаатар хамгийн сүүлд өнгөрсөн сард Узбекистан улсын Ташкент хотод болсон ДАШТ-ий 73 кг-ын жинд Японы алдарт аварга Соичи Хашимотог нэмэлт цагт этэх мэхээр ялж, алтан медаль хүртсэнээр дэлхийд аваргалсан Монголын тав дахь жүдоч болсон юм. Тэрбээр анх 2013 онд АНУ-ын Майами хотод болсон өсвөрийн жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Анхны Монгол хүн болсноор бөх сонирхогчдын анхааралд өртөж эхэлжээ. Ц.Цогтбаатарын амжилтаас дурдвал, Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, Азийн аваргын алт, хүрэл медаль, Мастерс, Их дуулга, гранпри тэмцээний гурван алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль, дөрвөн удаагийн улсын аварга юм.

Олимпын хүрэл медальт Б.Болортуяа

Чөлөөт бөхийн спортоос хэдхэн хоногийн өмнө дөрвөн гавьяат тамирчин төрсний нэг нь олимпын хүрэл медальт, ОУХМ Б.Болортуяа байв. Тэрбээр 2011 оноос “Женко” чөлөөт бөхийн клубт ОУХМ С.Мөнхсүх, Б.Мөнхтуяа нарын удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн байдаг. Б.Болортуяа Токиогийн олимпын чөлөөт бөхийн 53 кг-ын жинд хагас шигшээд дэлхийн хошой аварга, Японы Маю Мүкаидад 3:6 -аар ялагдсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө Жозеф Эссомбе Тиакотой барилдаж цэвэр ялснаар Монголын чөлөөт бөхийн түүхэнд олимпын медальтай хоёр дахь эмэгтэй тамирчин болсон билээ. Үүнээс гадна Б.Болортуяа 23 хүртэлх насны ААШТ-ий хүрэл, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл, “Mongolia open” олон улсын тэмцээний мөнгө, хошой хүрэл, УАШТ-ий хошой алт, гурван хүрэл медалийн болж байв. Мөн 2019 оны ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн бөгөөд 2021 онд Алмата хотод болсон Олимпын чансаа тогтоох тэмцээнд жиндээ алтан медаль хүртсэн байдаг.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нар “Бөртэ чоно”-ын эзэн болох уу   
Үзсэн: 341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй