Шууд Chart

Монголын дөрвөн туйванч бүсгүй Боготад өрсөлдөж байна

2022-12-09 09:15:10

Колумбын нийслэл Богота хотод энэ сарын 5-16-ны хооронд хүндийг өргөлтийн ДАШТ болж байна.

Энэ удаагийн тэмцээн эрэгтэйчүүдийн 87, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ жилийн тэмцээнийг БНХАУ-ын Чунцинд зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан ч гуравдугаар сард Хятад улс цар тахлын улмаас тэмцээнийг явуулж чадахгүй болсноо зарласан. Ингээд 2022 оны дөрөвдүгээр сарын 23-нд Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Боготаг сонгож байгаагаа мэдэгдсэн билээ.

Энэ удаагийн ДАШТ 2024 оны Парисын олимпын эрхийн урьдчилсан тэмцээнүүдийн нэг юм.

ДАШТ-д ОХУ, Беларусын багийг Украины дайны улмаас оруулаагүй бол өнгөрсөн аравдугаар сард Хойд Солонгосыг мөн оролцох эрхийг нь хассан юм. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 24-нд Пакистан, Малайзын шигшээ баг тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.

Тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг (87 кг), ОУХМ О.Дархижав (76 кг), Г.Ануужин (64 кг), Э.Энхтамир (55 кг), Б.Хонгорзул (59 кг) нарын дөрвөн эмэгтэй тамирчин өрсөлдөж байна.

Манай тамирчдын өрсөлдөөн өчигдрөөс эхэлж, Э.Энхтамир (55 кг) тэмцээний салхийг хагаллаа.

Тэгвэл өнөөдөр 59 кг-ын жинд Б.Хонгорзул өрсөлдөнө. Манай тамирчин D группт өрсөлдөх ба энэ группт хамгийн олон буюу 190 орчим тамирчин бүртгүүлжээ.

Харин Г.Ануужин (64 кг) орон нутгийн цагаар 2022.12.10-ны 19:00 цагаас буюу Монголын цагаар 2022.12.11-ний өглөө 08:00 цагаас,

ОУХМ О.Дархижав (76 кг) арванхоёрдугаар сарын 14-ний шөнө буюу 24:00 цагаас (Монголын цагаар), 

М.Анхцэцэг арванхоёрдугаар сарын 15-ны 08:00 цагаас (Монголын цагаар) тус тус дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө. 

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс М.Анхцэцэг 2021 онд алтан медаль хүртсэн ба өмнө нь 2017, 2019 онд хүрэл медальтай ирсэн нь Монголын туйванчдаас хамгийн оргил амжилтад тооцогддог билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын дөрвөн туйванч бүсгүй Боготад өрсөлдөж байна   
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй