Монгол түмний үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр бол нүүдэлчин түмэн өргөн дэлгэр наадамлаж байна.
К.Зураш
Хүй долоон худагт энэ жил 350 гаруй худалдаа, хоолны цэг, 11 бие засах цэг ажиллаж байна. Эдгээр газруудын үйл ажиллагаанд СХД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Экспорт импортын хяналтын хэлтсийн 39 байцаагч, явуулын лаборатори хяналт хийхийн зэрэгцээ мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Энэ талаар тасгийн ахлах, улсын ахлах байцаагч К. Зураш “Энэ жил худалдаа үйлчилгээний цэгийн тоо өмнөх жилүүдээс хоёр дахин нэмэгдсэн. Харин жилийн жилд наадамчин түмэнд асуудал болдог бие засах газар энэ жил 11 цэгт ажиллаж байна. Манай 39 байцаагч хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанар бусад үйлчилгээнд хяналт шалгалт хийж байна. Үүнээс гадна таван худгийн усанд шинжилгээ хийлээ. Энэ жил гар дээрх худалдаа өмнөх жилүүдээс маш ихээр нэмэгдсэн. Тиймээс наадамчин түмэн маань хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа чанар, аюулгүй байдал шошго зэргийн сайтар анхаарах хэрэгтэй. Манай байцаагч нар худалдаа үйлчилгээ эрхэлж буй ААН, иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөөг тогтмол өгч ажиллаж байна” гэлээ.
Б.Цэцэгмаа
Харин Хүй долоон худгийн цэвэрлэгээ үйлчилгээ, хог тээвэрлэлтийг мөн дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэс болон Улаанбаатар нэгтгэл хариуцан ажиллаж байгаагаас СХД-ийн ТЦҮ-ний хэлтсээс гурван инженер, 30 үйлчлэгч, зургаан машин, 12 ачигч тус газрын зүүн хэсгийг хамруулан цэвэрлэн тээвэрлэж байна. Энэ талаар СХД-ийн ТҮЦ ОНӨҮГ-ын авто баазын дарга Б.Цэцэгмаагаас мэдээлэл авлаа. Тэрбээр “Манай жолооч, ачигч, механик зэрэг 20 хүн 06-23 цагийн хооронд ажиллаж хог хаягдлыг Улаанчулуутын хогийн цэг рүү тээвэрлэн асгаж байна. Өчигдрийн байдлаар 24 тонн хог гарч тээвэрлэлээ. Замын ачааллаас шалтгаалан машинууд маань 2 цаг 30 минутын хугацаанд ирж, очиж байна. Энэ ажил ачаалал маш их байгаа учраас нэмж нэг машин авах хүсэлтэй байна. Ер нь бол өдөрт нэг машин 500-600 км явдаг. Уяачдын гэрүүд наадмын талбайгаас их холуур байрладаг учраас өдөрт тэр хэсгүүдийг хоёр удаа тойрч хогийг нь авдаг. Тийм болохоор зардал их өндөр гарч байна. Монголчууддаа сайхан наадаарай гэж ерөөхийн ялдамд соёлтой сайхан наадаж бууж байрласан газрынхаа хогийг цэвэрлээд яваарай гэж хэлмээр байна” гэлээ. Үүнээс гадна ТЦҮ-ний хэлтсийн 30 үйлчлэгч 04-22 цаг хүртэл 35.000 м.кв газрыг цэвэрлэж байна. Үйлчлэгч нарын хэлснээр наадамчин олны хэвшил дадал жилээс жилд өөрчлөгдөж сайжирч байгаа гэнэ. Учир нь энэ жил ачаалал хоёр дахин нэмэгдсэн ч хогны гарц өмнөх жилүүдээс нэг их нэмэгдээгүй аж. Шар хантаазтнууд наадмын дараа Хүй долоон худгаас 22 товчоо хүртэл явган цэвэрлэгээ хийж хог түүдэг юм байна.
Энэ жилийн хувьд хүнсний бараа бусад бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр байгаа бол хуушуурын үнэ 1000 төгрөгөөр тогтож ханш хэвийн байна.
Хүй долоон худгийн худалдаа, үйлчилгээ хоёр дахин нэмэгджээ | ||
Үзсэн: 2238 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.