Шууд Chart

Э.Даваанасан Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд таван жил дараалан шагналын тавцанд зогслоо

2023-01-30 11:12:37

ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцлоо.

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээн ОХУ-ын Красноярск хотод амжилттай болж өнгөрлөө.

1991 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж эхэлсэн энэхүү тэмцээнд манай улсаас ДАШТ-ий алт, мөнгөн медальт гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, "Парис-2017" ДАШТ-ий алтан медальт гавьяат тамирчин П.Орхон, ДАШТ-ий 1 мөнгө, 2 хүрэл медальт гавьяат тамирчин О.Бурмаа, "Будапешт-2013" ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, "Будапешт-2018" ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга, "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт Э.Даваачимэг, Азийн аварга З.Болортунгалаг, Азийн АШТ-ий медальт Ц.Намуунцэцэг, Г.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа, Б.Хонгорзул, Х.Болортуяа, Ө.Пүрэвсүрэн, Э.Даваанасан, Д.Оргилох тэргүүтэй 60 гаруй бөх зодоглосон юм.

ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс Монголын бөхчүүд 4 алт, 4 мөнгө, 3 хүрэл, нийт 11 медальтай эх орондоо ирэхээр болжээ. Меадль авсан бөхчүүдийн барилдааныг танилцуулж байна.

Эрэгтэйчүүдийн 61 кг

“Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнээс эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болёон. Тэрбээр тэгшитгэлд Буриадын Алдар Мункуевыг 4:0, 1/8 шигшээд Абдурахман Расуловыг 6:3-аар, өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга Эрхүүгийн Федор Балтуев 6:3-аар, Хойд Осетийн Чермен Тавитовыг 3:2-оор тус тус ялсан ч шигшээ барилдаанд Дагестаны Муслим Мехтихановт оноогоор цэвэр ялагдсан. Т.Түвшинтулга 2018 онд Красноярскт хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү 5 жилийн дараа хошой медальтан болов.

Эмэгтэйчүүдийн 50 кг

23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, "Хасу-Мегастарс" клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ын мөнгөн медалийн эзэн болсон. Тэрбээр Красноярскийн тэмцээнд нийт таван барилдаан хийж тэгшитгэлд Ханда Цыбеноваг 4:0 (цэвэр), нутаг нэгт Э.Золжаргалыг 7:0-ээр, Полина Лукина 12:0-ээр, Александра Копылова 8:5-аар тус тус ялсан ч шигшээ барилдаанд Мария Тюмерековад 0:3-аар ялагдсан байна.

Эмэгтэйчүүдийн 55 кг

Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд өнгөрсөн жилийн тус тэмцээний мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Отгонжаргал хүрэл медалийн эзэн болсон. Г.Отгонжаргал медалийн төлөөх барилдаанад ОХУ-ын Екатерина Исаковаг 10:1-ээр ялж хүрэл медаль эзэн болсон байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг

"Будапешт-2013" ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр Европын хошой аварга Ольга Хорошавцеваг 6:2-оор (цэвэр), Беларусийн Анна Вагерыг 7:2-оор (цэвэр), Александра Андрееваг 11:0-ээр, Анастасия Сидельниковаг 14:8-аар тус тус ялсан юм. Э.Сумъяа Красноярскийн тэмцээнд 2020 онд мөнгө, 2015, 2016, 2017, 2019, 2022 онд хүрэл медаль хүртсэн бөгөөд ийнхүү долоо дахь нь АЛТАН медаль байлаа.

Эмэгтэйчүүдийн 59 кг

Эмэгтэйчүүдийн 59 кг-д 2020 оны энэхүү тэмцээний аварга ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа хүрэл медалийн эзэн болсон. Х.Болортуяа медалийн төлөөх барилдаанад Кыргызстаны Калмира Билимбековаг 2:0-ээр тус тус ялж хүрэл медаль эзэн болсон.

Эмэгтэйчүүдийн 62 кг

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд үндэсний шигшээ баг, Баянхонгор аймгийн тамирчин Болдсайханы Хонгорзул АЛТАН медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв. 2020 онд тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан тэрбээр Красноярскийн дэвжээнд Монголын бөхчүүдээс гурав дахь алтан медалийг авчирсан. Б.Хонгорзул 1/8 шигшээд эзэн орны Алина Борисова 10:0-ээр, шөвгийн наймд гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг 7:7-гоор ялсан Вероника Ивановаг 13:2, хагас шигшээд П.Орхонг 10:5-аар, финалд Анастасия Яковлеватай барилдалгүйгээр (бэртэлтэй) ялж анх удаа түрүүлэв.

Эмэгтэйчүүдийн 65 кг

"Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг Красноярскийн тэмцээний манай бөхчүүдээс анхны АЛТАН медалийг авчирч төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр Сербийн Дуня Лукич 10:0-ээр, шөвгийн наймд ОХУ-ын Дарья Герасимоваг 12:0-ээр, хагас шигшээд Светлана Липатоваг 3:2-оор, шигшээ барилдаанд Беларусийн Юлия Писаренкаг 3:3-аар тус тус ялж түрүүллээ. Э.Даваачимэгийн хувьд Иван Ярыгиний тэмцээнээс иж бүрэн медалийн цуглуулгатай болж байна. Тэрбээр 2018 онд хүрэл, 2021 онд мөнгөн медаль хүртэж байсан.

Мөн энэ жинд насанд хүррэгчдийн Азийн АШТ-ий хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга, үндэсний шигшээ баг болон Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн Красноярскт зодоглож буй Монголын бөхчүүдээс гурав дахь мөнгөн медалийг авчирав. 2020 онд тус тэмцээнд үзүүрлэж байсан түүний хувьд шөвгийн наймд ОХУ-ын Кристина Ереминаг 12:0-ээр, Беларусийн Татьяна Павлова 10:0-ээр ялсан ч шигшээ барилдаанд эзэн орны Златослава Степановад 14:18-аар ялагдлаа.

Эмэгтэйчүүдийн 68 кг

АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Анна Садчанкаг 6:1-ээр ялж шагналын тавцанд зогсов. Э.Дэлгэрмаа 2020 онд тус хүрэл медаль хүртэж байсан бөгөөд гурван жилийн дараа медалиа ихэрлүүлсэн.

Эмэгтэйчүүдийн 72 кг

Красноярскийн дэвжээнд гавьяат тамирчин О.Бурмаа, ОУХМ Э.Даваанасан нар 72 кг-ын жинд хоорондоо финалдсан юм. Монгол бүсгүйчүүдийн дуэльд О.Бурмаа гавьяат туршлага заан 6:4-өөр ялснаар есөн жилийн дараа Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээний аварга болсон. Тэрбээр үүнээс гадна 2008, 2013, 2020 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль хүртэж байсан. Тэгвэл Э.Даваанасан тус тэмцээнээс сүүлийн таван жил дараалан шагналын тавцанд зогслоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Даваанасан Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд таван жил дараалан шагналын тавцанд зогслоо  
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй