Шууд Chart

Г.Занданшатар: Тэгш, шударга татварын тогтолцоог бэхжүүлснээр баялгийн хулгайтай бодитой тэмцэх юм

2023-01-30 15:22:00

УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хүүхдийн мөнгөний олголт болон ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойрон дахь асуудлаар Сангийн яам, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Оны эхнээс олон нийтийн дунд бухимдал дагуулсан хүүхдийн мөнгөний асуудлаар тэрээр байр сууриа илэрхийлэхдээ юун түрүүнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Статистикийн үндэсний хороо, И-Монголиа төрийн үйлчилгээний цахим систем нэгдсэн дата үүсгэж, мэдээллийн санг шинэчлэхэд анхаарах ёстой гэв. УИХ-ын дарга үргэлжүүлэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс нэг ч хүүхэд хоцрох ёсгүй. Ковидын үеийн нэмэгдлийг зорилтот бүлэгт нь халамж хэлбэрээр олгох тооцооллоос мөн нэг ч өрх үлдэх ёсгүй. Иймээс цахим шилжилтийн хүрээнд төр, иргэд хамтран ажиллаж, мэдээллийн санг шинэчлэн, засварлахад онцгой анхаарахаас гадна хуулийн хэрэгжилтийн дагуу хүүхдийн мөнгийг яаралтай хэвийн олгож эхлэх хэрэгтэй” гэлээ.

Түүнчлэн УИХ-ын дарга Г. Занданшатар, оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх нэгдсэн, зөв мэдээллийг олон нийтэд ойлгомжтойгоор хүргэхэд анхаарч ажиллахыг онцолсон юм. Тэрээр, “Тэгш, шударга татварын тогтолцоог бэхжүүлж, дундаж давхаргыг дэмжин, салбар бүрийн бодлогыг үйлдвэрлэлд чиглүүлэх нь эдийн засгийг сэргээх шийдэл мөн. Цар тахлын дараа нэмэгдсэн орлогын ялгаатай байдлыг бууруулж, гааль, татварын нэгдмэл бодлогыг хангаснаар, баялгийн хулгай, далд эдийн засагтай бодитой тэмцэх юм. Аливаа татвараас зайлсхийхээс сэргийлж, татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх, ирээдүйд үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор иргэдийг зөв мэдээллээр хангах шаардлагатай. Олон нийтийн дунд хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хувь хүний бүх төрлийн гүйлгээ, эсвэл бизнес эрхлэгчдийн харилцах дансны орлогоос татвар авна гэх мэтчилэн буруу, ташаа мэдээлэл их байна. Иймд хуулийн ач холбогдол, хэрэгжилтийн талаарх үнэн бодит мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэйгээр танилцуулж, үр дүнг хангахад анхаарч ажиллах нь зүйтэй” гэв.

Олон улсын туршлагаас үзэхэд, баялгийн тэгш бус хуваарилалтыг бууруулах үндсэн зорилгоор дэлхийн 100 гаруй орон шаталсан татвар ноогдуулдаг байна.


Г.Занданшатар: Тэгш, шударга татварын тогтолцоог бэхжүүлснээр баялгийн хулгайтай бодитой тэмцэх юм  
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй