Шууд Chart

Монгол, Америкийн Эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудлаар ярилцав

2023-02-02 12:24:43

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-ын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлийн байгууллагуудтай цуврал уулзалтууд хийж, хоёр талын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Тэрбээр АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн корпорац (DFC)-ын Үйл ажиллагаа хариуцан захирал хатагтай А.Дасевиц тэргүүтэй тус байгууллагын төлөөлөгчидтэй 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр уулзаж, Монгол, Америкийн эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хөгжлийн санхүүжилт авах зэрэг асуудлаар ярилцав. Түүнчлэн АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн корпорацын хүрээнд хамтын ажиллагаа хөгжүүлэхийн чухлыг мөн үеэр талууд харилцан тэмдэглэсэн бөгөөд америкийн талаас цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаанд хоёр орны хувийн хэвшлийн салбарыг дэмжин оролцуулах зорилгоор тус байгууллагаас ойрын хугацаанд Монгол Улсад айлчлах үеэр хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзалт, арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцов. Талууд Хөгжлийн санхүүжилтийн корпорацын хүрээнд цахим хөгжил, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар мөн санал солилцов.

Түүнчлэн Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-ын Худалдааны яамны Хятад, Монголын асуудал хариуцсан товчооны Туслах ТНБД-ын орлогч С.Татлок тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтаар хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, эрчим хүчний салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломж, бизнес төлөөллийг айлчлуулах талаар ярилцаж, санал солилцлоо.

Мөн АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын Хятадын асуудал хариуцсан Туслах төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Т.Ж.МкКартин-тай хийсэн уулзалтаар “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэв. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүд болон хууль эрх зүйн шинэчлэлийн талаар ярилцаж, худалдааг хөнгөвчлөх асуудлаар мэдээлэл солилцов гэж Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.



Монгол, Америкийн Эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудлаар ярилцав  
Үзсэн: 319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй