Шууд Chart

Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт болов

2023-02-03 12:14:26

АНУ, Монгол Улсын Стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг улам бэхжүүлэх зорилгоор Монгол Улс, АНУ-ын төлөөлөгчид Эдийн засгийн бодлогын дөрөвдүгээр Зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Вашингтон хотноо зохион байгууллаа.

Тус уулзалтыг АНУ-ын Төрийн Департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан товчооны Туслах Төрийн нарийн бичгийн даргын Тэргүүн орлогч У.Бэйрд, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нар хамтран даргалав. Уулзалтад хоёр талын 20 орчим байгууллагын нийт 50 гаруй төлөөлөгч оролцов.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол Улсын макро эдийн засгийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчин, экспортыг төрөлжүүлэх, худалдааг дэмжих болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн стратегийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэж, санхүүжилтийн төрөл бүрийн механизмыг ашиглах, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмал, агаарын тээвэр, оюуны өмчийн эрх, дижитал эдийн засагт анхаарлаа хандуулж, Монгол Улсын эдийн засгийн хөгжил, төрөлжилтийг нэмэгдүүлэх төслүүд дээр хамтран ажиллах талаар ярилцлаа.

Түүнчлэн 2018 онд батлагдсан “Монгол Улс, АНУ-ын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг хэлэлцэж, хамтын ажиллагааны шинэ чиглэл, боломжуудыг тусган, хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж байгааг тусган шинэчлэхээр тохиролцов.

Мөн “Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалтын хамтарсан мэдэгдэл” гаргалаа гэж Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.


Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт болов  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй