
УИХ-ын гишүүн, Улсын онцгой комиссын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны хоёрдугаар сарын 4, 5-ны өдөр Завхан аймгийн Их-Уул, Улиастай, Алдархаан суманд ажиллаж, малчин өрхүүдээр орж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, малчдын санал хүсэлтийг сонслоо.
Ажлын хэсэг аймгийн онцгой комиссын хуралд оролцож, Завхан аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангалт, мал аж ахуйн өвс тэжээлийн нөөц, хүрэлцээ хангамж, өвөлжиж хаваржих мал сүрэг, өвөлжилт зудын эрсдэлийн үнэлгээ, төв суурин газрын өвөлжилтийн нөхцөл байдал, орон нутгийн цаг агаарын 2, 3, 4 сарын төлөв байдлын мэдээлэл, орон нутгаас тавих санал хүсэлт зэргийг танилцууллаа.
Сайд Х.Болорчулуун Монгол Улсын Засгийн газраас хийсэн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан Завхан аймагт 50 тонн тэжээлийн будаа, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр зудын эрсдэл бүхий сумдын малчдад хүргэх 42 сая төгрөгийн батламжийг аймгийн удирдлагуудад гардуулан өгсөн юм. Малын ногоон тэжээл тариалалтыг нэмэгдүүлэх, өвөлжилт хаваржилтыг эрсдэл багатай даван туулах, аймгийн аюулгүй нөөцийг нэмж бүрдүүлэх, малын гоц халдварт өвчнөөр тайван байдлаа хадгалж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.