Шууд Chart

Олимпын хөдөлгөөн Турк, Сирийн ард иргэдэд тусламж үзүүлнэ

2023-02-07 15:48:11

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Турк, Сирид болсон хоёр удаагийн газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдсанд гүн эмгэнэл илэрхийлье. Олимпын гэр бүлийн хамт олон гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд тусламж үзүүлнэ” гэж мэдэгдэв.

Хохирогчдын зарим нь залуу тамирчид байсан нь нөхцөл байдлыг бүр ч эмгэнэлтэй болгож байна хэмээн ноён Бах хэллээ.

“Турк, Сирийн зүүн өмнөд бүс нутагт болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, сүйрлийн улмаас их хэмжээний хохирол учирсанд маш их харамсаж байна.

Гамшигт нэрвэгдсэн бүс нутагт спортын тэмцээнд оролцож байх үедээ амиа алдсан тамирчид болон хохирсон бүх хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Олимпын гэр бүл Турк, Сирийн сэргээн босголтод бүх чадлаараа туслах болно” хэмээн ерөнхийлөгч Томас Бах мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар цөөнгүй тамирчин газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдээд байна.

Сирийн шигшээ багийн төлөө 14 тоглолтод есөн гоол оруулж байсан хөлбөмбөгч Надер Жоухадар хүүгийн хамт нас барсан бол Туркийн хөлбөмбөгийн 1-р лигт тоглодог хаалгач Ахмет Туркаслан нуранги дор дарагдсан хэвээр байна.

Мөн Туркт тоглож байсан Ираны гурав, Камеруны нэг хөлбөмбөгч нас барсан гэх мэдээлэл иржээ.

“Марасспор 1920” багийн хөлбөмбөгчид газар хөдлөлтийн улмаас сүйдсэн зочид буудалд байрлаж байсан гэх мэдээлэл бий. Мөн өсвөрийн тэмцээнд оролцож байсан волейболын 14 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй багийн хүүхдүүд гамшигт нэрвэгдсэн байж болзошгүй хэмээн хэвлэлүүд мэдээллээ.

Чөлөөт бөхийн олимп, дэлхийн аварга Таха Акгуль нурангид дарагдсан чөлөөт бөхийн 30-40 тамирчныг гаргаж авахад тусламж хэрэгтэй байгаа тухай мөн ярьжээ.

Гамшигт сүйрлийн дараа Турк улсад спортын бүх төрлийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоогоод байна.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпын хөдөлгөөн Турк, Сирийн ард иргэдэд тусламж үзүүлнэ  
Үзсэн: 250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй