Шууд Chart

Нойр хүрдэггүй ээ ...

2014-07-21 15:47:05

“Гэрэлтэй цонх хөтөлбөртэй” 

/Нэг хүний үглэлт өгүүлэмж/
 
-Хэд болж байна аа... Арван хоёр уу.
Гэртээ мажийж энэ хэдэн хүүхдэд гай болохгүй юмсан. Өдрөөс хойш толгой өвдөөд. Орой хажуу айлын охиноор даралтаа үзүүлсэн тэгсэн 200 гэхлээр нь санд мэнд түргэн дуудсан байдаггүй. Би уг нь даралт гайгүй л дээ. Энэ хэдэн хүүхэд, байр сав, чимээ шуугиан хэрүүл уруулаас болоо байлгүй, даралт хөдлөөд байх болж. Орой есийн алдад утасдсан. Ирдэггүй шүү. Даралт маань буурсан болоод өдийд ингэж шовойж суугаа юм байлгүй. Тэрнээс биш... аль хэдийнэ мажийвал мажийчих байлаа. Ямар сайндаа л яршиг ингэж зовж суухаар ... санаа алдана эртүүд бас ингэж даралт хөдлөөд түргэн рүү залгасан урдаас загнаад золтой л харвуулчихсангүй. Нэг хүүхэн аваад та хэдэн настай, хаана суудаг, даралт хэдийд эхэлсэн, хэнээр үзүүлсэн, хэд байгаад хэд болчихоод байгаа юм, ямар эм уусан юу юу гэнэ вээ, баахан юм шалгаагаад юун тэр хүүхэнд хариулах манатай дотор муухайрч нүд бүрэлзээд ээрсээр байгаад та яасан тоглоомтой хүн бэ бид чинь ардаа ажилтай арван түмэн дуудлагатай ядаж байхад арай согтуу галзуу юм биш биз дээ, хаашаа залгасан юм бэ? Эрүүлжүүлэх рүүгээ утасдаач гээд тасалчихсан. Хүүхдүүд сандраад охин түргэн амтай золиг нөгөө хүүхэн рүү чинь залгаад 
 
-Та нар хаашаа юм бэ хүн үхэх гэж байхад түргэн юм бол түргэн ирээд авчихаж болдоггүй юм уу, гэсэн нөгөөдөх нь бүр шар нь хөдөлсөн юм байлгүй тэр тэгээд өнгөрсөн. Сая хичнээн залгав аа ханиад томуу ихтэй дуудлага барагдахгүй мөд очиж чадахгүй байж бай л даа гэх юм. Дуудлага өгөөд гурван цаг боллоо. Алга. Манай хот сая гаруй хүнтэй л гэсэн түргэнд нь хичнээн тэрэг эмч явдаг болоод мань мэтийг мартдаг байна аа. Над мэт нь шомбойж сууж байгаад харвачих юм биз дээ. Уг нь өрхийн эмч нар жижүүрлээд байж болмоор л юмсан. Бүхэл бүтэн хотод ганцхан түргэнтэй байна гэдэг. Ёох, ядаж байхад хажуу айлын хүүхдүүд найрлаад. Аль өчигдөр л эхэлсэн. Янз нь хуримласан улс даг аа. Та минь ээ ингээд түргэн ирэхгүй бол би яана аа. Дибазолдоод шомбойгоод л суудаг байхдаа нээрэн анагаахыг өч төчнөөн ч хүүхэд төгсдөг. Дүүрэг дүүрэгт нь байгаа. Тэгтэл ганцхан түргэнтэй байж байдаг. Эрүүл мэндийн сайддаа байдаг юм уу,  хотын даргадаа байдаг юм уу, бүү мэд. За за би дибазолоо уугаад түргэнээ хүлээгээд суухаас. Мажийчихгүйхэн шиг өглөө болгох юмсан. Байз гадаа машин дуугарав уу?
 ...
Нийтэлсэн: Г.Золжаргал

Нойр хүрдэггүй ээ ...  
Үзсэн: 3612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.109.xxx [124.158.109.xxx] 2014-07-28 19:51
Би таныг маш их хүндэлдэг шүү одоо болтол тань шиг сэтгүүлч болно гэж хүссээр өдий хүрсэн боломж муу байдаг ч гэсэн мөрөөдөл минь одоо л биелж байна. Одоо би 24тэй гэхдээ л та бол миний шүтээн. Үргэлж урам хайрлаж явдаг таньд баярладаг шүү.

Бидэнтэй нэгдээрэй