Шууд Chart

Азийн наадмын бэлтгэл ажил олимпын наадмын түвшинд хүрнэ

2023-03-20 09:27:22

Азийн олимпын зөвлөлийн Зохицуулах хорооны тавдугаар хурал БНХАУ-ын Ханжоу хотноо хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Зохицуулах хорооны гишүүд Ханжоугийн Азийн наадмын бэлтгэл ажилтай газар дээр нь танилцсан юм.

Цар тахлын амаргүй нөхцөлд Зохион байгуулах хороо маш сайн ажиллаж, наадмын бэлтгэл ажил өндөр түвшинд хүрснийг Азийн олимпын зөвлөлийн ерөнхий захирал Хусаин Аль-Муссаллам онцлов.

Зохицуулах хорооны хуралд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч, АОЗ-ийн гишүүн Б.Баттүшиг оролцлоо.

Ерөнхийлөгч Б.Баттүшиг хурлын үеэр ЗБХ-ноос тухайн улс орноо сурталчлан таниулах зорилготой төслийг хэрхэн хэрэгжүүлэх боломжийн талаар тодруулга авснаас гадна БНХАУ-ын ҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ян Шу Ань, ОУОХ-ны гишүүн, ЗБХ-ны орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Линвэй болон Ханжоу хотын дарга, ЗБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Яао Гао Юэнь нартай уулзаж, Монголын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэж буйг дуулган, “Ханжоу-2022” Азийн наадмыг амжилттай зохион байгуулахыг хүсэн ерөөв.

Мөн Улаанбаатар хотноо Зүүн Азийн залуучуудын наадмыг ирэх наймдугаар сард зохион байгуулахаар “Улаанбаатар-2023” Зохион байгуулах хороо шаргуу ажиллаж буй талаар мэдээлэл солилцлоо. БНХАУ-ын ҮОХ-ноос баг тамирчдаа дэмжиж, зохион байгуулж оролцоно гэдгээ албан ёсоор илэрхийлэв.

АОЗ-ийн ерөнхий захирал Ноён Хусаин Аль-Муссаллам Ханжоуд айлчлах үеэр “Бид хамгийн сүүлд гурван жилийн өмнө уулзалдаж, наадмын бэлтгэл ажилтай танилцсан. Харин өнөөдөр нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад Азийн наадам зөв замаар явж буйд итгэлтэй боллоо. Цар тахлын үеийн хүнд хэцүү хоёр жилд шаргуу хөдөлмөрлөсөн Зохион байгуулах багийнханд талархал илэрхийлье” гэсэн бол АОЗ-ийн Азийн наадам хариуцсан захирал Хайдер Фарман “Энэ бол Азийн наадам төдийгүй Олимпын наадмын түүхэн дэх хамгийн шилдэг тамирчдын тосгон байна. Энэхүү тамирчдын тосгон ирээдүйд бусад Азийн наадам, Олимпын наадамд үлгэр жишээ болно гэж найдаж байна. Энэ тосгонд тамирчдад шаардлагатай бүх зүйл байна. Азийн наадмын үеэр тамирчид энэ тав тухыг мэдрэх нь гарцаагүй” хэмээн өгүүлжээ.

Ханжоугийн Азийн наадмын тамирчдын тосгон гурван хэсгээс бүрдэх бөгөөд үндсэн тосгонд 10 мянга гаруй тамирчид, багийн ажилтнууд байрлана. Мөн хэвлэл мэдээллийн тосгонд 5000, техникийн албаныхны тосгонд 4000 орчим хүн байрлуулахаар төлөвлөжээ.

Монголын баг тамирчид өмнөх “Жакарта- Палембан 2018” Азийн наадмаас дөрвөн алт, есөн мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцож байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн наадмын бэлтгэл ажил олимпын наадмын түвшинд хүрнэ  
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй