Шууд Chart

Дахин нэг Монгол хөлбөмбөгч Европт тоглохоор болов

2023-04-05 08:36:01

Жавхлангийн Эрдэнэзолбоо хэмээх 20 настай монгол залуу Унгарын хөлбөмбөгийн “BLSZ II” лигийн “Швабхэдьж” клубын нэгдүгээр багийн төлөөх анхны тоглолтоо өнгөрсөн бямба гаригт “Нодьжтээтээне Кухас”-ын эсрэг хийж, 5:1-ээр хожлоо.

Ж.Эрдэнэзолбоо 2012 оноос “Дөчин Мянгат Юнайтед” клубт дасгалжуулагч Д.Нанжидын удирдлага дор хичээллэн өсвөр үеийнхний УАШТ-д гурван удаа түрүүлж, 2016 онд Монгол Улсын 14 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Зүүн Азийн Фестиваль, 2017, 2019 онд Монгол Улсын 16, 19 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдөж, Монголын хөлбөмбөгийн холбооны шугамаар 2018-2019 онд Унгарын домогт хөлбөмбөгч Ференц Пушкашийн нэрэмжит академид суралцсан юм.

Монголдоо эргэн ирж 2020 онд нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийг төгсөөд Ло́ранда Э́твёшагийн их сургуульд спортын шинжлэх ухаан ба менежментийн чиглэлээр суралцахаар дахин Унгарыг зорьсон байна. Хичээл, ажлын хажуугаар Будапешт хотын 12 дугаар дүүргийн “Швабхэдьж” клубт бэлтгэл сургуулилт тасралтгүй хийсэн ч албан ёсны тоглолтод оролцох зөвшөөрөлгүй байсан тул зөвхөн нөхөрсөг тоглолтуудад л оролцож байв.

Унгарын хөлбөмбөгийн холбооноос энэ оны нэгдүгээр сарын 19-нд зөвшөөрөл ирснээр “Швабхэдьж”-ийн хоёрдугаар багийн төлөө “BLSZ III” лигийн нэгдүгээр хэсгийн таван тоглолтод оролцож, нэг гоол хийсэн юм. Улмаар нэгдүгээр багийн төлөөх анхны тоглолтоо эхэнд дурдсанчлан өнгөрсөн бямба гаригт 108 жилийн түүхтэй “Нодьжтээтээне Кухас” клубийн эсрэг хийж, бүтэн 90 минут тоглосон юм.

Бояжик Йожефын удирдсан “Швабхэдьж” 14 багтай “BLSZ II” лигийн 17 тоглолтод 14 хожиж, нэг тэнцэж, хоёр хожигдсон амжилтаар хүснэгтийн хоёрдугаар байрт явж байна. Өөрөөр хэлбэл үлдсэн долоон тойргийн тоглолтоос шалтгаалан түрүүлэх, хоёрдугаар байр эзэлсэн ч плей-оффын тоглолтод ялалт байгуулбал өнгөрсөн улирал хүртэл тоглосон “BLSZ I” лиг рүү дэвших боломжтой.

Өдгөө Монголын хөлбөмбөгчдөөс Ганболдын Ганбаяр Словакын хоёрдугаар лигийн “Комарно”, Оюунтуяагийн Оюунболд Хонконгийн “Премьер лиг”-ийн “Sham Shui Po SA” клубт тоглож байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дахин нэг Монгол хөлбөмбөгч Европт тоглохоор болов  
Үзсэн: 1178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-04-05 19:18
Мундаг дүүдээ амжилт хүсэе.

Бидэнтэй нэгдээрэй