Шууд Chart

Энэ улиралд Европын шинэ аварга төрнө

2023-04-20 15:53:27

“Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймын хариу тоглолт болж, их шөвгийн дөрвөн багийн толорлоо. Энэхүү алдартай тэмцээний 14 удаагийн аварга “Реал Мадрид”, долоон удаагийн аварга “Милан”, гурван удаагийн аварга “Интер”-тэй хамт хоёр улирлын өмнөх үзүүр баг “Манчестер Сити” үлдэв. Хагас шигшээ шатанд Испани, Английн аваргууд тулж, Италийн хоёр “аварга загас” хоорондоо хүч үзсэнээр Стамбул хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд тивийн наадмын түрүү булаалдах хоёр багийн нэр тодорно. Хөлбөмбөгийн хорхойтнуудын дийлэнх нь сүүлчийн 13 жилийн хугацаанд 11 дэх удаагаа хагас шигшээ тоглолтод үлдсэн “Реал”-д итгэл хүлээлгэж буй. Аваргын хувь заяаг ганцхан тоглолтоор шийдэх тул “Миланы хоёрын ялсан нь эвгүй” гэх өнцөг ч бий. Харин миний бодлоор энэ улиралд Европын шинэ аварга төрөх магадлал арай өндөр.

Өдгөө АНЭУ-ын дэд ерөнхийлөгч Мансур ибн Заид Аль Нахайян 2008 онд “Абу Даби Юнайтед” грүппээр дамжуулан “Манчестер Сити”-г худалдан авснаар урьд өмнө нь байгаагүй шинэ эрин үеийг эхлүүлсэн түүхтэй. “Хотынхон” сүүлчийн жилүүдэд Английн хөлбөмбөгт давамгайлсан ч аз, ёндоо илүү шаарддаг “Аваргуудын лиг”-ийн хасагдах шатанд гэнэддэг нь гэм биш зан болсон гэлтэй. Хамгийн сүүлчийн жишээ дурдахад өнгөрсөн улирлын хагас шигшээ тоглолтод аугаа “Реал”-тай таарч, эхний тоглолтод талбайдаа 4:3-аар хожиж, хариу тулааны үндсэн цагийн сүүлчийн минутад ч 1:0-ээр хошуучилж байлаа. Өөрөөр хэлбэл Пеп Гуардиолагийн баг хоёр тоглолтын нийлбэр дүнг 5:3-аар тэргүүлж, хоёр дахь улиралдаа дараалан шигшээ тоглолтод шалгарах магадлал 99 хувьтай болсныг телевизийн шууд дамжуулан үзүүлэх багийнхан мэдээлж байв. Гэвч “Гай газар дороос” гэгчээр “Реал”-ын Родриго хэмээх 21 настай шавилхан бор залуу замналынхаа оргил мөчийг толилуулж, 90, 90+1 дэх минутад угсруулж гоол хийснээр нийлбэр дүнг 5:5 болгон тэнцүүлэхэд тухайн тоглолтыг тайлбарлаж байсан миний бие зүүд биш байгаа даа хэмээн эргэлзэж, өөрийгөө чимхэж үзсэнээ нуух юун. Нэмэлт 30 минут сунгаж тоглуулахад сэтгэл зүй нь навс унасан “Хотынхон” хожигдсоноор хойтон жилийн наадмыг хүлээхээс өөр сонголтгүй болсон.

Харин энэ улирлын “Манчестер Сити” арай өөр байна. Сүүлчийн хоёр улиралд үндсэн довтлогчгүй шахуу тоглоод Европын дэвжээнд хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй тэд өнгөрсөн зун өнөө цагийн хамгийн шилдэг довтлогч Эрлинг Холанныг эгнээндээ нэгтгэснээр дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх шиг боллоо. Норвеги залуу үүнийг батлах мэт шөвгийн наймд хүчирхэг өрсөлдөгч “Байерн”-ы эсрэг хийсэн эхний тоглолтод нэг гоол хийж, нэг гоолын дамжуулалт өгч, хариу тоглолтод торгуулийн цохилт алдсан ч алдаагаа засч гоол хийв. Ингэхдээ “Маш ирээдүйтэй хамгаалагч” хэмээх тодотголтой Дайо Упамеканог хэн ч биш болгосныг онцохгүй байж болохгүй. Холанн 12 гоолоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж буй ч даанч энэ нь түүний бүрэн хүчин чадал биш. Тэрбээр “Премьер лиг”-ийн тоглогчдоос 20 жилийн өмнө “Манчестер Юнайтед”-ын сүпер довтлогч Рүүд ван Нистелройн “Аваргуудын лиг”-т 12 гоол оруулсан дээд амжилттай зэрэгцэхийн тулд ердөө 492 минут зарцуулсан юм (41 минут тутамд нэг гоол хийж байна). “Гоолын машин” гэмтчихгүй ч бол үлдсэн тоглолтуудад тултал зүтгүүлэх биз ээ.

Мэдээж зөвхөн Холанн ирснээр түрүүлчихгүй. Нөгөөтэйгүүр “Манчестер Сити” “Аваргуудын лиг”-т улам хатуужиж, туршлагажиж байна. Тактикын хувьд Пеп Гуардиола өнгөрсөн жилээс эхлэн арга барилаа өөрчилж, чухал үед үр дүнгээ хадгалахын төлөө агуулгыг хоёрдугаарт тавих боллоо. Жишээлбэл, “Манчестер Сити” урьд шөнө “Байерн”-ын эсрэг тоглохдоо бөмбөгийг 45 хувь эзэмшсэн нь сүүлчийн гурван жилийн хамгийн бага үзүүлэлт болов. Дэлхийн хамгийн шилдэг довтлогч хүртэл маш сайн хамгаалж, бөмбөгний төлөө уйгагүй гүйж байна. Олон жилийн турш тоглолтоос тоглолт хүртэл олон зүйл өөрчилдөг байсан Гуардиола “Аваргуудын лиг”-ийн сүүлчийн гурван тоглолт дараалан нэг гарааны бүрэлдэхүүн сонгосон нь хамгийн сайн шинжээ олж буй хэлбэр ч юм бил үү.

“Манчестер Сити” энэ улирлын хамгийн чухал тоглолтыг хагас шигшээд “Реал”-ын эсрэг хийх нь нууц биш. Гэхдээ өнгөрсөн жилийн сургамж байгаагаас гадна хариу тоглолт “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд биш “Этихад”-д болох нь давуу тал. Зуны урь орох тавдугаар сарын тэр өдрүүдэд "Аваргуудын лиг"-ийн ивээн тэтгэгч “Хайнекен”-ээ сайн базааж аваад зурагтынхаа өмнө суучихна даа. Нээрээ, дэлхийн хөлбөмбөгийн 10 хөгжөөн дэмжигч тутмын дөрөв нь эмэгтэй хүн байдаг юм билээ.  

Д.Нанжид

Нийтэлсэн: У.Баярсайхан

Энэ улиралд Европын шинэ аварга төрнө  
Үзсэн: 3743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй