Шууд Chart

Монгол нохойн үзэсгэлэн, тэмцээнд 70 гаруй нохой оролцов

2023-04-25 15:23:14

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй уялдуулан соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд монгол нохойг устаж, ховордохоос урьтаж хамгаалах, үржүүлэх, эргэн нутагшуулах зорилгоор төвийн бүсийн аварга шалгаруулах Монгол нохойн үзэсгэлэн, тэмцээн Дархан-Уул аймагт боллоо.

Энэхүү тэмцээн нь "Тайж Хасар банхар" НҮТББ-ын тэргүүн А.Нямпүрэвийн өсгөж буй, 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байр, цэвэр Монгол нохойн нэрэмжит юм.

Цэвэр үүлдрийн нохойны стандартыг сурталчлан таниулах, өвлөн уламжлуулах зорилготой уг тэмцээнийг "Тайж Хасар банхар” НҮТББ-аас санаачлан анх удаа зохион байгуулав. Үзэсгэлэн, тэмцээнд Улаанбаатар, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн нохой сонирхогч, үржүүлэгчид оролцсон бол хамгийн хол нь ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас иржээ.

Тэмцээний ангилал нь 3-6 сартай эр, эм гөлөг, нэг настай эр, эм, хоёр настай эр, эм, гурав болон түүнээс дээш настай эр, эм нохой гэсэн найман ангилалд 71 нохой оролцож үзэсгэлэн, тэмцээний дүрмийн дагуу ангилал тус бүрээс 1-5 байр шалгарууллаа.   

Нийт найман ангиллын шилдгүүдээс шүүж тухайн үзэсгэлэн, тэмцээний шилдгийг тодруулахад "Шилдэг эм нохой ангилал"-д Б.Батжаргал эзэнтэй "Аньс" дуудлагатай нохой, "Шилдэг эр нохой ангилал"-д Н.Төгссайхан эзэнтэй "Таягт" дуудлагатай нохой тус тус үзэсгэлэнгийн аваргаар шалгарлаа.

Тэмцээнийг монгол нохой судлаач Б.Эрдэнэбат, Дархан-Уул аймгийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, “Тайж Хасар банхар” НҮТББ-ын тэргүүн А.Нямпүрэв нар шүүгчээр ажиллалаа. Уралдааны шүүлт нарийн дэг журмын дагуу өрнөдөг бөгөөд гөлөг шалгаруулах явц нэлээн хүнд байдаг аж. Тухайлбал хөлийн тавилт, хатирч давхихад хөлийн чангарч буй байдал, зогсолт, эзний өгсөн зааврыг хэр биелүүлж буй, нүдний өнгө, толгойн хэв, байрлал зэрэг ерөнхий байдлыг шинжиж шалгаруулдаг.

Харин том нохойн шалгаруулалт нь ясны бүтэц, үс, шүдний зуулт, нүд, биеийн дээд, доод шугам зэргийг маш нарийн үзэж нягтлан шалгадаг бөгөөд зогсолт, гүйлгэлт нь тэмцээний ерөнхий шалгуурын нэг гэж шүүгчид онцолж байлаа. Учир нь тэмцээнд оруулахын тулд зогсож, гүйлгэж сургасан байх нь хамгийн эхэнд хийх сургууль аж.

Түүнчлэн том нохойн төрөлд эзний дэргэд байхдаа болон ямар ч тохиолдолд зааврыг дагах, сүүлээ өргөх нь хэвшмэл байх ёстой гэдгийг ч хэлж байна. Тэмцээнд зориулж хэн нь илүү бэлтгэл сургууль хийсэн эзэн нохойнхоо чадварыг бүрэн харуулж чаддаг ажээ.

Түүнчлэн нохой тэжээж буй иргэд байнгын уяатай байлгах бус гөлөг байхаас нь идэвхтэй хөдөлгөөнд байлган, гүйлгэж сургах хэрэгтэй гэдгийг ч зохион байгуулагчид онцолж байна. Учир нь идэвхтэй хөдөлгөөн сул, хөлийн тавилт, биеийн галбир сул зэргээс үүдэн хасагдах тохиолдол дийлэнх нь байжээ.

Мөн нэршлийн тухайд маргаан дагуулдаг. Зарим нь монгол банхар үүлдэр гэж нэрийддэг. Харин сүүлийн жилүүдэд нохой үржлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, байгууллага, шүүгчид судалгаанд тулгуурлаж дүгнэлт, тайлбар хийх болсон. Тэд банхар үүлдрийн нохой гэж байдаггүй. Банхар гэдэг нь Төвөдөөс гаралтай, тухайн нохойг оноож өгсөн дуудлагын нэр гэдэг. Харин монгол нохой гэж нэрлэх нь зүйд нийцэж, өсгөж үржүүлэх чиглэлийг эрчимжүүлж байгаа ажээ.

Монгол нохойн төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн, үзэсгэлэнг “Тайж Хасар банхар” НҮТББ, Сангийн сайд Б.Жавхлангийн ажлын алба, Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, музей, Артгэр медиа групп хамтран зохион байгууллаа.

Ташрамд, “Тайж хасар банхар” НҮТББ-ын тэргүүн Алтан-Очирын Нямпүрэв нь Дархан-Уул аймагт монгол нохойг цэврээр үржүүлэх, хамгаалах, нутагшуулах ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжүүлж буй бөгөөд Дархан тайж нохой үржлийн газрыг байгуулж, өдгөө 30 орчим монгол нохой өсгөж хамгаалж байна.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол нохойн үзэсгэлэн, тэмцээнд 70 гаруй нохой оролцов  
Үзсэн: 436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй