Шууд Chart

Варшав хотоор аялсан нь

2023-05-16 12:10:59

-Аян замын тэмдэглэл-

Улаанбаатараас Туркийн Истанбул хүртэл 9 цаг 30 минут нисэж, дахин 2 цаг 30 минут яваад сая Польшийн нийслэл Варшав хотын Шопены нисэх буудалд газардлаа. Энэ удаагийн томилолт Монгол-Польшийн харилцаа хамтын ажиллагаа хийгээд төв Европын Польш орны талаар радио сонсогчиддоо таниулах зорилготой юм.

Европт хаврын сайхан улирал иржээ. Мод зүлэг нь ногоорсон Варшав хот ирж байгаа урин цагийн зөөлөн амьсгалаар угтах нь нэн таатай.

БНПУ нь төв Европын улс бөгөөд хойд талаараа Балтийн тэнгис, ОХУ-ын Калининград муж, зүүн болон зүүн хойд талаараа Литва, Беларусь, Украйн, урд талаараа Словак, Чех, баруун талаараа Германтай хил нийлнэ. Газар нутгийн хэмжээгээрээ Европдоо 9-рт жагсдаг байна. Ер нь Европын улс орнууд газар зүй,  цаг уурын маш таатай нөхцөлд оршдог нь эдгээр улс орнуудын нийгэм эдийн засгийн хөгжилд сайн нөлөө үзүүлжээ.

Польшийн нийслэл Варшав хот л гэхэд далайн түвшнээс дээш 100 метр-т оршдог, мал аж ахуй газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой нутаг юм. Энэ л үржил шимтэй, газар зүйн таатай нөхцөлтэй газар нутгийн төлөө хөрш зэргэлдээ улс орнууд үе үеийн турш тэмцэлдсээр ирснийг Польшийн түүх гэрчилдэг.

Засаг төрийн тогтолцооны хувьд БНПУ нь парламентийн засаглалтай, Европийн холбоо болон НАТО-гийн цэргийн эвслийн гишүүн орон юм. Нийт 38 сая орчим хүн амтай, хүн амын дийлэнх нь католик шашин шүтдэг аж.

Нийслэл Варшав хот нь Висла мөрний эрэгт байрладаг бөгөөд 1,8 сая хүнтэй гэнэ. 1596 онд Польшийн вант улсын нийслэл болж, 1791 онд үндсэн хуулиндаа тусгаснаар улсынхаа албан ёсны нийслэл хот болжээ. Варшав нь Балтийн тэнгисийн эргээс 260 км, Карпатын ар бэлээс 300 км-ийн зайд  оршдог байна. Варшав хот нь социализмын үед Варшавын гэрээний орнуудын төв байгууллага байрладаг чухал хот байлаа. Өнөөдөр Польш улс нь Европын холбооны идэвхтэй гишүүний нэг болжээ.

Польшийг, тэр дундаа нийслэл Варшав хотыг агуу их хөгжмийн зохиолч Фридерик Шопенгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тиймдээ ч зочин гийчин ирж очиж байдаг үүд хаалга болсон нисэх онгоцны төв буудлаа “Шопены” хэмээн тодотгон нэрлэжээ. Ер нь аливаа орны нисэх онгоцны төв буудал тэр орныхоо нэр алдартай хүмүүсээр овоглосон байх нь олонтоо.

Парисынх л гэхэд Шарль де голь-ийн нэртэй, Ромын нисэх буудал Леонардо Да винчийнх, Оросынх Шерметьевийн гээд үзвэл манай нисэх онгоцны буудал саяхан шахуу “Чингис хаан” хэмээн их хааныхаа нэрээр нэрлэгдэх болсон нь тун ч оносон мэтээ.

Варшавын нисэх буудал бараг л хот дотроо байх нь нэг бодлын амар аж. Буудлын гадаах эгнэн зогссон такси-г аваад л хэдхэн минут яваад хотын төвдөө хүрчихнэ. Арай хямд таксигаар үйлчлүүлье гэвэл uber (убер) такси дуудаж болно. Энэ нь Олон улсын таксийн сүлжээ үйлчилгээ юм. Манайд убер таскитай төстэй “UB Cab” үйлчилгээг нийслэл Улаанбаатар хотдоо нэвтрүүлээд байгааг бид мэднэ.

Варшав хотыг бид хуучин социалист системийн орнуудын цэргийн хамтын ажиллагааны байгууллага болох Варшавын гэрээний орнуудын төв байгууллага байдаг хот гэдгээр нь андахгүй мэддэг байлаа. Социалист систем задарсны дараа Монгол-Польшийн харилцаа зарим үед завсарлага авч Польш улс ЭСЯ-аа хоёр ч удаа хаасны эцэст 2023 оны 4 дүгээр сарын 24 - 26-нд БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда-гийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Улаанбаатар хотод ЭСЯ - аа дахин нээлээ. Энэ нь Монголчууд бидний хувьд Европын орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд тус дөхөм болох талтай. Харин манай улс 1959 онд Варшавт өөрийн ЭСЯ-аа нээснээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Аливаа орнуудын хамтын ажиллагааны хамгийн тэргүүлэх чиглэлд боловсрол, соёлын хамтын ажиллагаа ордог билээ. Тиймдээ ч Варшав хотын аялал маань Польшийн Цэргийн урлагийн академиас эхэлсэн юм.

Цэргийн урлагийн академи нь анх 1820 онд байгуулагджээ. Өнөөдөр тус академи орчин цагийн цэргийн урлагийн академи болон өргөжсөн байна. Тус академид 20 орчим орны оюутнууд суралцдаг бөгөөд манай улсын оюутнууд ч мөн энд суралцаж байна. Биднийг Цэргийн урлагийн академийн хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Мариуш Млынарчик /Mariusz Młynarczyk/ найрсгаар хүлээн авч уулзаж, академийнхаа тухай танилцуулсан юм. Тэрээр бидэнд, Иракийн Аль-Хилла дахь Чарли баазад 2004 оны 2-р сарын 18-нд харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байхдаа Польшийн II ээлжийн олон алба хаагчийн амийг аварсан Монголын Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжилтэн, хошууч Г.Аззаяа тус академид суралцаж төгссөн тухай онцлон ярьж байсан юм.

Одоогийн байдлаар БНПУ-ын Цэргийн урлагийн академид Монголоос 2 оюутан суралцаж байгаагийн нэг нь ОБЕГ-ын Эрсдлийн удирдлагын газрын ахлах дэслэгч Ганболдын Дашдулам байлаа. Тус академид гадаадын 20-оод орны оюутан суралцаж байгаагаас ганцаараа эмэгтэй оюутан гэдгээрээ онцгой байсан тул бид түүнтэй уулзаж Польшид суралцаж байгаа сэтгэгдлээс нь сонирхсон юм.

Тэрээр ярихдаа, БНПУ-ын Цэргийн урлагийн академийн хичээлийн хөтөлбөрт XIII зууны Монголын эзэнт гүрний байлдааны тактикийн хичээл багтдаг бөгөөд олон орны сонсогч, оюутнуудын дуртай хичээлийн нэг гэсэн нь сонирхолтой байлаа.

Бидний очихоор төлөвлөсөн газрын нэг нь Варшавын Их сургууль байсан юм. Өнөөдөр Варшавын их сургуульд 45,000 оюутан суралцаж байна. 21 факультеттай, 30 гаруй судалгааны төвтэй Европын томоохон их сургуулиудын нэг болж чаджээ. Эрдэмтэн багш нар нь жилдээ 3350 гаруй судалгааны ажил хийж, гадаад дотоодын 1500 гаруй төслийн санхүүжилт авдаг байна. Варшавын их сургуулийн Төв Ази судлалын тэнхим нь Оросын хаант засгийн үед Польш эрдэмтэн Юзеф Ковальевски Алтай Төвд судлалын тэнхимийн үндэс суурийг тавьснаар сургалтаа эхэлсэн бөгөөд эдүгээ тус сургуулийн Дорно дахины судлалын факультетын Монгол-Төвд судлалын тэнхим болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид бүхэн Польшийн нэрт Монголч эрдэмтэн Владислав Котвичийн тухай мэдэх билээ. Тэрээр амьдралынхаа туршид эрдэм шинжилгээний 140 гаруй ном, өгүүлэл бичиж хэвлүүлсний дотор Монгол судлалын бүтээлүүд голлох байр эзэлдэг.

Өнөөдөр Монгол-Төвд судлалын тэнхим бакалавр, магистр, докторын түвшний сургалт явуулж байгаагийн зэрэгцээ Монгол, Төвд судлалын эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг хийж байна. Ингэхдээ МУИС болон Олон улсын Монгол судлалын төв зэрэг Монголын боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажилладаг аж.

Биднийг тус тэнхимээр зочлохоор очиход тэнхимийн эрхлэгч Агата Барэя-Стажынска, Монгол судлаач багш Ян Рогало, Магда Сапиндлер, Монголын мэргэжилтэн багш Бямбаа нар 1,2-р курсын 20-иод оюутнуудын хамт хүлээн авч уулзаж, тэнхимийн үйл ажиллагаа болон судалгааны ажлуудаа танилцуулж, Польш оюутнууд Монголыг сонирхон судалж байгаа тухайгаа ярьсан юм.

Тэд Монголын ёс заншил, урлаг, уран зохиол, шашин шүтлэг, байгаль хамгаалал зэрэг сэдвээр судалгааны ажил хийж байна.

Варшавын их сургуульд элсэн орсон тохиолдолд магистр, докторын түвшний сургалт нь үнэ төлбөргүйн дээр улсаас тэтгэлэг олгодог тул суралцах таатай нөхцлийг бүрдүүлсэн гэдгийг багш, оюутнууд онцолж байлаа.

Варшавын их сургуулиас гараад тус сургуулийн номын сангийн цэцэрлэгээр орлоо.  1 га талбайг эзлэх энэхүү цэцэрлэгт хүрээлэнг Ирена Бажеркагийн загвараар анх байгуулж 2002 онд ашиглалтад оруулжээ. Одоо тус цэцэрлэгт хүрээлэн нь Варшав хотын төдийгүй Европдоо хамгийн үзэсгэлэнтэй цэцэрлэгт тооцогддог болсон байна. Урин дулааны цагт буюу 4 дүгээр сараас 10-р сар хүртэл олон нийтэд нээлттэй байдаг гэнэ. Дээврийн цэцэрлэгээс Варшав хотыг тольдонгоо байгалийн сайхныг мэдрэх боломжтой нь сайхан юм.

Мөн Варшавын их сургуулийн Номын сангийн гадна 8 том зэс ногоон хавтан байх бөгөөд эдгээр хавтан дээр шинжлэх ухааны нэр томъёо, дууны ном, янз бүрийн үсгээр бичсэн бичвэр байх нь хажуугаар өнгөрсөн зочин гийчний анхаарлыг өөрийн эрхгүй татна. Эрдэм мэдлэгийн өргөө гэдгийг хараад л мэдээсэй гэсэндээ ийм шийдлийг санаачилж хийсэн болов уу гэмээр. Тэндээс цааш хэсэг яваад Висла мөрний  эргээр алхаж болно. Висла мөрөн нь Польшийн хамгийн урт мөрөн бөгөөд 1047км урттай, Варшав хотын дундуур урсана.

Варшавт бид 3 музейгаар орсны эхнийх нь POLIN  буюу Еврейн бослогын музей байсан юм. Биднийг музейд очиход Еврейн бослогын 80 жилийн ойг маргааш нь буюу 4 дүгээр сарын 19-нд тэмдэглэх гээд музейн гадна хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Музей нь Польшийн еврей нарын түүхийг анх тус нутагт нүүдэллэн ирж суурьшсан үеэс эхлэн харуулжээ. Тиймдээ ч музейн орох хаалганы хажуу хананд Ервейн 1000 жилийн түүхийг өгүүлнэ гэж бичсэн байсан. Түүхэндээ еврей нар Дэлхийн олон орноор хэсэн нүүдэллэсээр XX зуун гэхэд хамгийн олон еврей хүмүүс Польшийн нутагт суурьшин амьдарч байжээ. Манай аяллын хөтөч Пётрын хэлснээр Польшууд эрт дээр үеэс эрх чөлөөг эрхэмлэдэг байсан тул эрх чөлөөг эрэлхийлсэн хүн бүрийг найрсгаар хүлээн авдаг байсны тод илэрхийлэл нь еврей нарыг нутагтаа суурьшуулсан явдал юм гэж хэлж байлаа. 8 гол танхим бүхий музейн хамгийн сэтгэл өвдмөөр хэсэг нь II дайны үеийн еврейчуудын амьдрал, амьд гарахын төлөө хэрхэн тэмцэж байсан тухай өгүүлсэн танхимууд байлаа. II дайны үед Гитлерчүүд нийт 6 сая еврей хүмүүсийг хороосны 3 сая нь Польшийн еврей нар байжээ. 

Бидний дараагийн зочилсон музей бол Ази Номхон далайн музей байв.

Тус музей 1973 онд байгуулагдсан, энэ жил 50 жилийн ойтойгоо золгож байгаа юм байна. Дорно дахины урлагийг сонирхон цуглуулагч, далайчин, дипломатч, судлаач Анжей Вавржиняк олон жилийн аяллынхаа дараа Дорнын соёлтой холбоотой 3000 орчим хувийн цуглуулгаа хандивласнаар уг музейг анх байгуулжээ. Улмаар Ази, Австрали, Номхон далайн бусад улсуудаас янз бүрийн үзмэрийг авч ирж баяжуулсаар өдгөө 20 мянга гаруй үзмэртэй, Польшуудын төдийгүй олон орны жуулчдын хамгийн их сонирхдог газруудын нэг болсон байна. Харин музейг үүсгэн байгуулсан Анжей Вавржиняк насан эцэс болтлоо музейнхээ захирал, ерөнхий эрхлэгчээр ажилласан гэнэ. Музей руу ороход ер бусын өнгөлөг, Азийн улс орнуудын үндэсний хувцас, эд хэрэглэл, зан заншлыг харуулсан үзмэрүүдээр баялаг, үзмэр бүрийн хажууд дэлгэцэн дээр дэлгэрэнгзй тайлбар сэлтийг ойлгомжтой бичиж, кино дүрсээр баяжуулсан нь үзэгчдийн сонирхлыг татахаас гадна, үзмэрийн талаар бүрэн мэдээлэлтэй болгоход зориулагджээ. 

Хүний газар явахад Монголын гэсэн юм бүхэн нүдэнд ойр, сэтгэлд дотно санагддагийг хэлэх үү, музейд “Монголын” гэсэн тодотголтой томоохон танхим байсан нь сайхан байлаа. Танхимын голд иж бүрэн тавилгатай Монгол гэрийг байрлуулжээ. Хэдэн жилийн өмнө Варшав дахь Монгол улсын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр энэхүү гэрийг барьж,  Монголын соёлын үзэсгэлэн гаргаж байсан гэнэ. Мөн Монгол тавилга, үндэсний хувцас, Буддын шашны эдлэл хэрэглэл, бурхан шүтээн зэргийг байрлуулжээ. Музейн тайлбарлагч XIX, XX зууны заагт Монголын бурхны шашны сүм хийдийн захиалгаар олон тооны Аюуш бурхныг Польшид цутгуулж авчирсан нь одоо Монголын музей болон Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж байдаг гэдгийг онцолж байлаа. Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан гараараа тэмтэрч үзэж болохоор эсгий танилцуулга үзмэрийг ч хийсэн байлаа. Тус музейг үзсэнээр Польшийн болон Европын олон залуус Ази, Номхон далайн орнуудаар аялах хүсэлтэй болдог гэж музейн хэвлэлийн төлөөлөгч бидэнд сонирхуулсан юм.

Варшавт зочилсон хэн бүхний зочилдог Шопены музейгээр мөн зочиллоо. Шопены музейн ойролцоо Шопены нэрэмжит Варшавын хөгжмийн дээд сургууль байрладаг аж. Шопены музейг үзэж явахад музейд хана дагасан олон олон шургуулгатай ширээнүүд байх бөгөөд шургуулга болгоныг татаж үзэхэд дотор нь их хөгжмийн зохиолчийн гар бичмэл эх нотыг тэр л хэвээр нь байрлуулж алдартай хөгжмийн бүтээлүүд нь шургуулгыг татахад эгшиглэж, шургуулгыг хаахад хаагдах аж. Мөн алдартай бүтээлүүдийг нь чихэвчээр сонсож дэлгэцээр үзэж болно. Фридерик Шопены өөрийн нь төгөлдөр хуурыг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ. Агуу их хөгжмийн суу билэгтэн Фридерик Шопен 39-хөн наслахдаа зохиосон мазурк, полонез, вальс, прелюди, сонат, этюд нь төгөлдөр хуурын урлагийн хөгжилд шинэ үеийг нээсэн гэж судлаачид үздэг юм.

Варшав хотноо уулзсан бас нэгэн чухал уулзалтуудын нэг нь Польшийн Худалдаа хөрөнгө оруулалтын газрын Экспортын газрын захирал Лукаш Грабовски-тэй хийсэн уулзалт байлаа. Польшийн Худалдаа хөрөнгө оруулалтын газар нь дотоодын компаниуддаа үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ЖДҮ-ийг хөгжүүлэх тал дээр түлхүү анхааран ажилладаг гэнэ. Тус байгууллага Дэлхийн 54 улстай хамтран ажилладаг бөгөөд Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байна.

Польш улс газар зүйн хувьд Европын төвд байрлалтай, дэд бүтэц сайн хөгжсөн, агаарын, авто болон усан тээвэр хийх бүрэн боломжтой, олон улсын зээлчих зэрэглэлийн Moody’s, Standard&Poors, Fitch зэрэг агентлагийн A үнэлгээтэй мөн Европын бусад орнуудтай харьцуулахад үнэ хямд, чанар сайтай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гээд олон давуу тал бий тул Польшийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах боломжтой тухай ярьж байлаа.

Польш улсын экспортын тэргүүлэх чиглэлд эм, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, барилгын материал, гоо сайхан, хүнс, хувцас зэрэг ордог байна. Харин хөрөнгө оруулалтын тэргүүлэх салбарт авто машин, агаарын хөлөг,  үйлчилгээний бизнес, хүнс боловсруулах, электрон бараа, судалгаа хөгжүүлэлтийн салбарууд багтдаг байна. Үүнээс хамгийн сонирхууштай нь Польшийн видео тоглоомын салбар сүүлийн жилүүдэд хурдацтай өсч, 2022 онд Польш улс видео тоглоомын дэлхийн дөрөв дэх том экспортлогч орон болсон байна.

Польшийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилцаалж байгаа тоглоомын компаниудын хөрөнгө 2022 онд 12 тэрбум евро-д хүрчээ. Тус улсын тоглоомын компаниудад 10,000 орчим хүн ажилладаг бөгөөд жил бүр бараг 500 шинэ тоглоом гаргадаг гэнэ. “Witcher” хэмээх цуврал тоглоомоор нь хүүхэд залуус андахгүй мэдэх CD Project компани гэхэд Европын хамгийн том видео тоглоом үйлдвэрлэгч болжээ. Мөн Польш улсад компьютер тоглоомын олон улсын тэмцээнүүд зохион байгуулагдаж, түүнийг дагасан зах зээл хүчээ авч байгаа гэнэ.

Польшийн бизнес эрхлэгчдийн хувьд Монгол улс сонирхолтой өвөрмөц зах зээл бөгөөд Төв Азид байрладаг, газар зүйн байрлалын хувьд харьцангуй хол улс хэдий ч сүүлийн жилүүдэд Польш улсаас Монгол улсад экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээ тогтвортой өсөн нэмэгдэж байгаа  гэдгийг ноён Лукаш Грабовски онцолж байлаа.

Дараагийн уулзсан газар бол Польшийн Аялал жуулчлалын газар байлаа. Тус газар нь засгийн газрын харьяа байгууллага бөгөөд Европын 16 орон, АНУ, Япон, Хятадад өөрийн төлөөлөгчийн газартай. Гадаад дотоодын аялал жуулчлалын компани, тур операторуудтай хамтран ажиллаж, аялал жуулчлалын сурталчилгаа хийж, эвент зохион байгуулдаг байна. Польш улс нь ЮНЕСКО-д бүртгэлтэй өв газрууд, байгалийн үзэсгэлэнт газрууд, өвөрмөц гоёмсог сүм хийд бүхий хотууд гээд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн таатай улс гэдгийг тус байгууллагын Маркетинг, харилцааны газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Кшыштоф Стейман бидэнд танилцууллаа.

Худалдаа, хөрөнгө оруулалтын газрынхны хэлсэнчлэн, газар зүйн хувьд Европын төвд байрлалтай, дэд бүтэц сайн хөгжсөн, зардал хямд тул аяллахад нэн тохиромжтой гэдгийг онцолж байлаа. Мөн эрт харанхуй болдог бороотой саарал намар, хаврын улиралд жуулчдыг татах зорилгоор эмчилгээний болон хоолны зэрэг аяллын бүтээгдэхүүнийг жуулчдад санал болгож байгаа тухайгаа танилцуулсан нь сонирхолтой байлаа.

Ташрамд хэлэхэд Польшийн хоол болон бэйкери нь гайхалтай олон янз бөгөөд хоолны амт, порц төдийгүй хоолны соёл нь үнэхээр гайхшруулсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Европын хамгийн амттай хоолыг Польшоос амтална гэдэгт бараг эргэлзэхийн хэрэггүй болов уу. Иймд “хоолны аялал”-ын бүтээгдэхүүнийг жуулчдад санал болгож байгаа нь үр дүнтэй болох нь мэдээж.

Манай улс ч зуны 3 сараас бусад саруудад жуулчдыг хэрхэн татах талаар жижиг гэлтгүй санааг хэрэгжүүлэх хэрэгтэй санагдлаа.

Дараагийн зочилсон газар маань Варшав хотод төвтэй, хүүхэд хамгааллын төв байлаа. Өнчин, өвчтэй гээд олон хүүхдийг орох оронтой, эцэг эхтэй болгож өгдөг буянтай байгууллага юм байна. 1960 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, одоо орон даяар 2000 гаруй орон нутгийн салбар төвтэй болсон тус төвийн ерөнхийлөгч Моника Жагодзинска гэгч хөдөлмөрч бүсгүй төвийнхөө тухай танилцуулж, Монголын хүүхдүүдийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой талаараа ярьсан юм.

БНПУ-ын татварын хуулинд хувь хүн өөрийн төлж байгаа орлогын албан татварынхаа 1-1,5 хувийг ямар нэг ТББ-ын үйл ажиллагааг дэмжихэд зарцуулах саналаа өгдөг юм байна. Тэрхүү саналын дагуу нийгэмд хамгийн үр ашигтай үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ууд санхүүжилтээ босгодог гэнэ. Тиймээс чанартай, хүртээмжтэй үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ууд олон нийтийн дэмжлэг, санхүүжилт авдаг нь манай улсад хэрэгжүүлмээр туршлага санагдлаа.

Бид Варшавт ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөлтэй уулзаж явахдаа авьяаслаг нэгэн бүсгүйг онцолж ярилцлага авсан нь 9 настайгаасаа Польшийн телевизийн олон ангид кинонд тоглож, польшуудын хайртай жүжигчдийн нэг болж чадсан Жаргалсайханы Мишээл байсан юм. Польшийн “Ододтой бүжиглэе” шоунд маш амжилттай оролцож эх орныхоо нэрийг гаргаад авсан жүжигчин бүсгүй маань Монголынхоо кино урлагийг Америк, Европын стандартад хүргэн хөгжүүлэхийг хүсдэг тухайгаа ярьж байлаа.

Бид цааш явж Варшавын хааны ордны цэцэрлэгт хүрээлэнгээр явлаа. Ер нь энэ жил Европ даяар нэлээд хүйтэн байсан бөгөөд өвөлдөө цас их унасан гэнэ. Итали Испанийг эс тооцвол Европ тэр аяараа бүүдгэр, нартай өдрийн тоо манайхыг бодвол цөөн аж. Жаахан нар үзэгдвэл л хүмүүс нь наранд гарахыг эрмэлздэг санагдсан.

17-р зууны үед байгуулагдсан Łazienki Park буюуХааны ордны цэцэрлэгт хүрээлэн

Өнөөгийн Польш орон Европын холбооны гишүүн болж, манайхны ярьдгаар ардчилал чөлөөт нийгмийн тогтолцоо руу шилжжээ. Гэсэн ч Варшав хотыг гаднаас нь харвал хуучин манай Улаанбаатар хотыг ч юм уу, эсвэл Оросын хотуудыг санагдуулам ижилхэн шахуу дөрөв, таван  давхар орон сууцны байшингуудтай, өргөн чөлөөтэй гудамжуудтай, хүмүүс нь дэг журамтай, соёлтой цэвэрхэн хувцасласан, жирийн Европын хот юм. Шинэ чөлөөт нийгэмд шилжлээ гээд байшин барилгаа өндөрлөсөнгүй, өргөн чөлөөнүүдээ шахаж байшин сав барьсангүй, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгээ сүйтгэсэнгүй, үндэсний мөнгөн тэмдэгтээ өөрчилж евро-гоор сольсонгүй. Үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг унагасангүй. Хамгийн гол нь хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш махнаас бусад нь манайхаас хямд байгаа явдал. Ялангуяа жимс ногоо, гурил гурилан бүтээгдэхүүн, сүү бяслаг, өндөг, гахайн мах, архи дарс манайхаас хямд юм. Нэр төрлийн хувьд маш олон. Тэгээд ч бүх хүнсний бүтээгдэхүүн Евро стандартаар хянагддаг байна. Хүнс хоол тэжээл нь амталж хүртэхэд биед шингүүртэй, хамгийн гол нь эрүүл хүнс гэдгийг нь нотолсон бичиг баримттай юм. Польшийн хүнсний бүтээгдэхүүний илчлэг нь 3374 калори бөгөөд энэ нь Монголд 2249 калори байдаг. Энэ тухай “Дэлхийн улсууд атлас”-д дурдсан улс орнуудын хүнсний илчлэгийн жагсаалтаас мэдэж болох юм.  Хувцас бараа товарын үнэ ханш нь манайхтай бараг ижил. Гэхдээ чанарын тухайд ярилтгүй. Эм, эмийн бүтээгдэхүүнийг аптекууд нь заавал эмчийн бичсэн жороор олгодог байна.

Варшав хотын гудамжинд товчлуур дарахаар Шопений аялгуу эгшиглэдэг чулуун сандлуудтай тааралдана. Сандал дээр хаана хаана ийм сандал байгааг бичсэн байх аж. Манай хотын дарга нар хотынхоо цэцэрлэгт хүрээлэнд агуу Мөрдоржийнхоо симфонийг хэзээ эгшиглүүлэх юм бол доо гэсэн бодол төрж  явлаа ...

“Монголын дуу хоолой” радиогийн продюсер Зоригтын Дэнсмаа

Нийтэлсэн: З.Дэнсмаа

Варшав хотоор аялсан нь  
Үзсэн: 1924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй