Шууд Chart

Эко клубын сурагчид булгийн эхийг хашин, хамгаалж байна

2023-05-25 13:42:52

Говь нутагт ус алтнаас ч үнэтэй. Ганцхан жижиг нүдэн булгаас мал, хүнгүй ундаалж түүнээ тойрон амьдрал өрнөнө. Гэтэл сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал болоод хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж олон ч булаг шанд ширгэж хатжээ. Манай улсын 2022 оны усны тооллогод 362 гол горхи, нуур тойром, булаг шанд ширгэж хатсан болохыг тэмдэглэсэн байна.

Тэгвэл Говь-Алтай аймгийн эко клубын сурагчид дэлхийд нэн ховор амьтан болох бөхөнг хамгаалах ажлын хүрээнд тархац нутгийн ширгэж хатсан булгийг сэргээн хамгаалах ажлыг санаачилжээ.

Хүүхдүүдийн санаачилгыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас дэмжин 15 дахь жилдээ булаг хамгаалах ажлыг өрнүүлээд байна. Тэд энэ хугацаанд аймгийн хэмжээнд нийт 34 булгийн ойролцоох 10 га газрыг хашиж, хамгаалалтад авчээ.

Ундарга нь татарсан булаг, шандын эх бохирдол ихтэй, малын сэг зэм, хог хаягдалд дарагдсан байхаас гадна малын хөлд талхлагдаж олон жил лаг шавар хуримтлагдсан байдаг. Үүнийг хүүхдүүд нутгийн захиргаа, ойролцоох малчидтай хамтран цэвэрлэж нөхөн сэргээжээ.

Тэд булаг орчмын ургамлын төрөл зүйлийг бүртгэж, усны чанарт шинжилгээ хийдэг. Мөн ургамлын ургалтыг хэмжин тэмдэглэдэг. Энэ нь ус дагаж байгаль орчин хэрхэн сэргэх боломжтой болоод бөхөнгийн идэш тэжээлийн төрөл зүйлийг тодорхойлох нэгэн төрлийн судалгаа болдог байх нь.

Хүүхдүүдийн тэмдэглэлээс харахад Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутагт байрлах Нарангийн өвөр булгийн урсгал, эхийг хашиж хамгаалахаас өмнө 2019 онд 127 метр байсан бол 2022 онд ундарга нь нэмэгдэн урсгал нь задгайрснаар 1267 метр урт урсах болжээ. Мөн нэг минутанд гарах усны хэмжээг судлахад 2019 онд 18 литр байсан бол 2020 онд 360 литр ус болж нэмэгдсэн байна.

Үүнийг дагаад орчны ургамлын төрөл зүйл, ногооны гарц, шим тэжээл ч нэмэгдсэн байна. Тухайлбал, 2019 онд булгийн хашааны дотор 11, хашааны гадна 7, хашаанаас 100 метр зайд 3 төрлийн ургамал ургадаг байсан.

Харин 2022 онд хэмжилт хийхэд хашаан дотор 28, хашааны гадна 12, хашаанаас 100 метрт 9 төрлийн ургамал ургах болжээ. Мөн булгийн усны чанар сайжирч нутгийн иргэд ундандаа хэрэглэх боломжтой болсон байна.

Булаг, шандны ойролцоо автомат камер суурилуулж булгаас ундаалж байгаа зэрлэг амьтад, тэр дундаа бөхөнгийн усанд ирж очих цаг хугацаа, давтамжийг тандан судалж байгаа юм.

Ус дагаж амьдрал өрнөдөг. Хүүхдүүдийн сэргээж хамгаалсан булгаас бөхөн ундаалж, нутгийн иргэд малаа усалж, амны усаа татаж байна. Хатаж ширгэсэн, дундарч дарагдсан булаг шандаа сэргээсэн нь байгаль экологид төдийгүй иргэдийн амьдрал ахуйд ч ашиг тусаа өгч байгаа юм.

Эко клубын сурагчид, сумын захиргаа, малчид гэсэн гурвалсан гэрээ байгуулж булаг хамгаалах үйлсэд малчдын бодит оролцоог ч нэмэгдүүлжээ.

Говь-Алтай аймаг жил бүрийн тавдугаар сарын 22-ныг “Булгийн өдөр” болгон тэмдэглэх болжээ.

Энэ өдрөөр нийт нутгаар булгаа эргэх, сэргээх, хамгаалах, орчныг нь цэвэрлэх, хайс хашлагыг засаж сэлбэх ажилд бүх нийтээрээ оролцдог болсон байна.


Эко клубын сурагчид булгийн эхийг хашин, хамгаалж байна  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-25 20:48
Baiguulamj hiidegde chuluu

Бидэнтэй нэгдээрэй