Шууд Chart

БНЭУ: Био түлшний хэрэглээ нэмэгдвэл хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж чадна

2023-09-09 16:00:51

Хорийн бүлгийг энэ онд даргалагч Энэтхэг улсын зүгээс даян дэлхийн эрчим хүчний шилжилтэд хувь нэмэр оруулахын тулд гишүүн орнууд хамтаар био түлшний холбоо байгуулах саналыг дэвшүүлсэн байна.

Энэ холбоонд наанадаж 15 улс нэгдэнэ гэж тооцож байгаа аж. Био түлш гэдэг нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, органик хаягдлаар хийсэн түлш юм.

Хүн төрөлхтөн олон мянган жилийн турш био түлшний хэлбэрүүдийг ахуйн нөхцөлд ашиглаж ирсэн ч ялгаруулах бохирдлын хэмжээ нь бусад түлшийг бодвол маш бага тул сүүлийн жилүүдэд томоохон аж үйлдвэржилтийн түвшинд өргөнөөр хэрэглэж эхэлсэн байна.

Био түлш нь эх үүсвэрээсээ шалтгаалж хэд хэдэн түвшинд хуваагддаг. Нэгдүгээр түвшний био түлшийг эрдэнэшиш, чихрийн нишингэ зэрэг тариалангаас гаргаж авдаг бол хоёрдугаар түвшний био түлшийг хаягдал хүнсний ногоо, хөдөө аж ахуйн органик хаягдлаас гаргаж авдаг байна.

Харин гуравдугаар түвшний био түлшийг замгаар хийдэг байна. Боловсруулсан био түлшийг этанол, био дизель, био хий зэргээр нэрлэдэг.

Одоогоор био түлшийг суудлын автомашин, ачааны машин, хөлөг онгоц, нисэх онгоц зэрэг тээврийн хэрэгсэлд ашиглаж байна.

Ирээдүйд био түлшний хэрэглээ улам өсвөл хүлэмжийн хийн ялгарал эрс багасч, байгаль орчинд ээлтэй үр дүн гарна гэж эрдэмтэн судлаачид онцолж байна.

Гэхдээ био түлш нь огт хүлэмжийн хий ялгаруулдаггүй гэсэн үг биш юм. Хүнсний хаягдал, ногоогоор хийсэн био түлш бараг хүлэмжийн хий ялгаруулдаггүй. Харин тариан түрүү, эрдэнэшиш, чихрийн нишингэ зэргийг боловсруулж түлш хийхэд илүү эрчим хүч шаарддаг тул тодорхой хэмжээнд нүүрсхүчлийн хий ялгардаг гэж био технологичид тайлбарладаг байна.

Био түлшний үйлдвэрлэлийн нэг сул тал нь их хэмжээний газар тариалангийн эх үүсвэр шаардлагатай тохиолдолд ой модыг төдий чинээгээр тайрч, тариалангийн талбай бэлтгэдэг тул ой модгүйжлийн нэг шалтгаан болж байна гэж Шинэ Делид байрлалтай судалгаа шинжилгээний байгууллагын эрчим хүчний бодлогын шинжээчид дүгнэжээ.

Харин өөр нэг эерэг тал нь био түлшний үйлдвэрлэл өссөнөөр дагаад ажлын байр нэмэгдэх боломжтой гэж дурдсан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЭУ: Био түлшний хэрэглээ нэмэгдвэл хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж чадна   
Үзсэн: 1123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй